Wednesday, April 22, 2015

ХАГАРХАЙ ЦОНХНЫ ОНОЛ (BROKEN WINDOWS THEORY)





1980-иад оны Нью-Йорк хот эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн диваажин байжээ. Өдөр бүр 1500 гаруй хүнд гэмт хэрэг үйлдэгддэг. Дунджаар нэг өдөрт 6-7 хүн алуулах нь ердийн үзэгдэл байв. Шөнө гудамжаар явах туйлын осолтой, өдөр метрогоор үйлчлүүлэхэд бүр ч хэцүү тийм л газар болжээ. Дээрэмчид, хулгайчид, зандалчид газар сайгүй үүрлэсэн аймшгийн хот байлаа. Хаа сайгүй эвгүй үнэр ханхалж, байшингийн хана, дээврээр дүүрэн бохир заваан үг сараачсан байна. Цагдаа нарын хувьд Нью-Йорк хот там байлаа.
Хот байгуулагдснаасаа хойш эрүүгийннөхцөл байдалингэтлээ хүндэрч байсангүй ээ.
Гэтэл 1990-иэд оны эхээр санаанд оромгүй өөрчлөлтүүд бий болж эхлэв. Хүнд гэмт хэргийн гаралтын тоо хагас хувиар буурч, хүний амь эрсдэх байдал 2\3 багасав. 90-иэд оны эцэс гэхэд метрод үйлдэгдэх гэмт хэргийн тоо 75%-иар буурчээ.
Ямар шалтгааны улмаас гэмт хэрэг ингэтлээ буурав аа? Үүнд юу нөлөөлсөн бэ?
Нийгмийн энэ үзэгдлийг «Хагархай цонхны онол»-оор тайлбарладаг. 

1982 оны гуравдугаар сард Америкийн алдарт социологич Жамэс Күинн Вильсон (James Q. Wilson, 1931-2012), Жорж Кэллинг (George L. Kelling) нар «The Atlantic Monthly» сэтгүүлд «Broken Windows: The Police and neighborhood safety» (Хагархай цонх: Цагдаагийн байгууллага ба улс орны аюулгүй байдал)(The Atlantic Monthly; March 1982; Volume 249, No. 3; pages 29-38.) нэртэй өгүүлэл нийтлүүлсэн байх бөгөөд чухам энэхүү бүтээлдээ хагархай цонхны онолыг анх удаа олон нийтэд таниулсан үзэл санааг тусгажээ.
Санаандгүй тохиолдлоор олон нийтийн эзэмшил газарт нэг байшингийн цонх хагарчээ. Эзэн тодорхойгүй учир хэн ч хариуцлага хүлээхгүй. Хэн ч дахин шиллэхгүй. Хэсэг хугацааны дараа хоёр дах, гурав дах байшингийн цонх хагарч болно. Эзэн тодорхойгүй учир мөн л хэн хариуцахгүй бас шиллэхгүй. Хотын нэг гудамжид хэд хэдэн байшингийн цонх дараалан хагарчээ. Ганц байшингийн цонх хагарахад хэний ч толгойд ямар ч бодол төрөхгүй. Харин хэд хэдэн байшингийн цонх хагарсан тохиолдолд хүмүүсийн уураг тархинд энэ газар хуулийн хэрэгжилт сул юм байна, үүнийг нь ашиглан гэм хэрэг үйлдэх, хүсэл сонирхлоо хангах сэдэл бий болдог. Ингэснээр гэмт хэргийн гаралт өсч хүн болгон гэмт хэрэгтэн болох орчин нөхцөл бүрддэг байна.
Үүнээс хэрхэн гарч болох вэ?
Аливаа гэмт хэргийг үйлдэгдсэн байдал, нийгэм, олон нийтэд учруулсан хохирлоор хэмжих нь утгагүй тэнэглэл болно. Учир нь гэмт хэрэг бол их ч байсан, бага ч байсан хууль зөрчсөн, олон нийтийн эсрэг чиглэсэн гэмт үйлдэл л байдаг. Тиймээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд их, бага ялгалгүй хатуу чанга ял зэм оноож байх учиртай. Нөгөөтэйгүүр нийгмийн дотоодод сахилга батыг чангатгах хэрэгтэй. Хүмүүсийн тархинд гэмт хэргийн буруу сэдэл төрүүлэх нийгмийн үзэгдлүүдтэй, тэр дундаа граффиттай хатуу аргаар тэмцэх ёстой. Бас олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ард олныг самуун, гэмт үйлд уриалан дуудсан өнгө аястай нэвтрүүлэг, кино цацахыг хоригло. Өөрөөр хэлбэл нийгмийг бүхэлд нь хянах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүргийг цагдаа, цагдаагийн байгууллагад бүрэн шилжүүлэх,  ингэснээр нийгэмд амгалан, аюулгүй байдал бий болно гэсэн санааг Ж. Вильсон, Ж. Кэллинг нар дэвшүүлжээ. Гэхдээ цагдаа, цагдаагийн байгууллагад нийгмийг бүхэлд нь хянах үүрэг шилжүүлэх үйл явцыг тэд informal social controls–ийн хүрээнд ойлгож байсан юм. Олон нийтийн албан бус хяналт гэдэг нь нэг хүний үйлдлийг нөгөө хүн, нэг гэр бүлийн харилцааг бусад гэр бүлүүд хянаж байх, шаардлага гарсан үед цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах үйл ажиллагааны хэлбэрийг хэлдэг. Өнөөдрийг хүртэл олон нийтийн албан бус хяналтын тогтолцоо АНУ тэргүүтэй Өрнөдийн орнуудад үр дүнтэй хэрэгжиж байна.
Хагархай цонхны онолыг нийгмийн амьдралд нэвтрүүлэх, хэвшүүлж мөрдүүлэх оролдлогын явцад Уильям Браттон (William J. Bratton) «тэг тэвчээрийн онол» (zero tolerance theory)-ыг бий болгосон байна.
Канадын социологич М. Гладуэлл хагархай цонхны онолыг дурдаад гэмт хэрэгтэн бий болоход зөвхөн удамшил, муу хүмүүжил төдийгүй бас орчин нөлөөлж болдог юм байна гэсэн дүгнэлт хийжээ.
2007-2008 оны хооронд Гронинхэйн Их Сургууль (University of Groningen)-ийн профессор Кэйс Кэйзэр тэргүүтэй Нидерландийн социологичид хагархай цонхны онолын үзэл санааг нийгмийн орчинд туршилтаар нотолсон байна. Эмх замбараагүй үйлдэл бүхэн нийгмийн эсрэг шинж чанартай зан төлөв (antisocial behavior)-ийг олон нийтийн дунд үүсгэж байдаг гэсэн санааг эдгээр эрдэмтэд гаргажээ.
Нью-Йорк хотын удирдлагууд үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж үзээд хагархай цонхны онолын жүнхэн үзэл санааг нийгмийн практикт нэвтрүүлэх арга замыг санаачилсан байдаг. Энэ аргыг үр дүнтэй хэрэгжүүлэх үүднээс хагархай цонхны онолыг түүчээлэн хөгжүүлэгч Жорж Кэллингийг Нью-Йорк хотын Зам Харилцааны Удирдах Газрын зөвлөхийн албанд томилжээ.
Ханан дээр элдэв зураг сараачих үзэгдэл (graffiti)-тэйшийдэмгий тэмцэл өрнүүлж, 1984-1990 онуудад хотын газар доорх хонгилийн хана, дээврийг бүрэн цэвэрлэсэн байна. Энэ үеийн цагдаагийн газрын дарга Дэвид Ганн (David L. Gunn) «Ханан дээр элдэв зүйл сараачих явдал (граффит) бол тогтолцооны сүйрлийн бэлгэ тэмдэг мөн. Аливаа байгууллагыг шинэчлэхийн урьд хамгийн түрүүнд граффиттай дайн зарлах хэрэгтэй. Хэрэв энэ тулаанд ялагдал хүлээвэл ямар ч сайхан шинэчлэлийн тухай яриад хэрэггүй» гэж бичиж байлаа. 

Ж. Кэллинг Нью-Йорк хотоос гадна Бостон, Лос-Анжелес хотуудын цагдаагийн байгууллагад зөвлөгөө өгөх болжээ.
1990 онд мөнөөхөн Уильям Браттоныг Нью-Йорк хотын Зам Харилцааны Удирдах Газрын даргаар томилсон байна. Ингэснээр хагархай цонхны онолын үзэл санааг хэрэгжүүлэх шинэ дараагийн үе шат эхэлжээ. 1993 онд Бүгд Найрамдах Намын Руди Жулиани (Rudy Giuliani)Браттоныг Цагдаагийн Газрын комиссараар томилж хагархай цонхны үзэл баримтлал дээр тулгуурлан Нью-Йорк хотын цагдаагийн байгууллагыг бүхэлд нь шинэчилсэн байна. Метроны тасалбарын үнэ төлөхөөс зайлсхийх (subway fare evasion), бүх нийтээрээ архинд донтох (public drinking), гудамж, талбайд бие засах (public urination), соёлын үнэт өвийг санаатайгаар хорлон сүйтгэх (cultural vandals), дурын өөрөө явагч тэргийг зогсоож мөнгө нэхэх (squeegee men)зэрэг нийгмийн гаж үзэгдлүүдийн эсрэг хатуу чанга хуулиудыг батлаж мөрдүүлсэн байдаг. Шинэчлэлийн явцад Нью-Йорк хотын цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хяналтын «зогсоо, асуу, шалга»(stop, question, and frisk) гэсэн зарчим бий болсон байна. Үр дүнд нь 2001 онд хийсэн Ж. Кэллинг, Уильям Соус (George Kelling and William Sous) нарын судалгаагаар Нью-Йорк хотын цагдаагийн байгууллагын шинэчлэл бүрэн үр дүнгээ өгч ирэх арван жилд гэмт хэргийн гаралт өнөөгийн төвшингөөсөө улам бүр буух магадлалтай байгаа нь тогтоогджээ.
Хагархай цонхны үзэл баримтлал дээр суурилсан Нью-Йорк хотын цагдаагийн байгууллагын шинэчлэл бүрэн үр дүнгээ өгч өнөөдөр энэ хот дэлхийн хамгийн аюул багатай газрын нэгд тооцогдох болжээ.
Нью-Йорк хотоос гадна АНУ болон Өрнөд Европын олон хотуудад тэрчлэн Мексик, Канад зэрэг орнуудад хагархай цонхны онол цагдаа, олон нийтийн харилцаанд амжилттай хэрэгжсээр байна.
Хагархай цонхны онолыг судлаачдын зүгээс цагдаагийн байгууллага олон нийтэд хүч түрсэн байдлаар хандах буруу хандлагын үүсгэдэг хэмээн шүүмжилдэг. Цагдаагийн байгууллага ёс зүйн хувьд ямар нэгэн хариуцлага хүлээх ёсгүй гэж үздэгээрээ хагархай цонхны онол нь «айдас» үзэл баримтлал (the concept of fear)-ын нэгэн хэсэг хэмээн тооцогддог. Ёс зүйтэй байна уу, үгүй юу гэдэг нь цагдаагийн байгууллагын ажлын бүтээмжийг харуулах үзүүлэлт биш бөгөөд үйлдэгдсэн гэмт хэрэгүүдтэй их, багыг ялгалгүй хатуу, чанга аргаар тэмцэхэд асуудлын мөн чанар оршино гэсэн санааг хагархай цонхны онолчид хөгжүүлдэг. 

Энэ үзэл баримтлал нийгмийн практикт үр дүнгээ өгч эхлэхийн хэрээр Европын орнуудын их, дээд сургуулиудад хагархай цонхны онолыг эрчимтэйгээр судлах болсон байна. Үүгээр ч үл барам төрийн захиргааны байгууллагуудын удирдлагын хүрээнд энэ онол дээр суурилсан шинэчлэлийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй гэх үзэл санааны дэг сургууль (постмодернист чиглэл) төрийн захиргаа, удирдлагын ухаанд бий болжээ. Харамсалтай нь, манай орны хувьд энэ онол, үзэл баримтлалыг шинжлэх ухааны төвшинд судлах нь бүү хэл хүмүүн танин мэдэхүйн төвшин (Танин мэдэхүйн доод төвшинг Удирдлагын Академийн гэрган Ш. Түдэв авгайн зөвлөмжийн дагуу хүмүүн танин мэдэхүй хэмээн монголчлов, орчуулагчийн тайлал)-д ч нэг мөрчилж чадаагүй байна.
Өчүүхэн гол, горхиуд урсан нийлсээр үлэмж их далай, тэнгисийг цогцлоох нигуур буй. Мөхөс бичгийн хүн ёсыг додомдож, бичвэрийг цэглэв.
ЭХ СУРВАЛЖ: BROKEN WINDOWS THEORY \\ WWW.EN.WIKIPEDIA.ORG\WIKI\BROKEN_WINDOWS_THEORY
ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ Нямаагийн ОТГОНБАЯР

МЭРГЭН САНАА АСААХ ХЭН БОЛОВЧ МӨХӨС ХҮНД ДАРААХ ЦАХИМ ХАЯГААР САНАЛ, ШҮҮМЖ ӨГВӨӨС ХҮҮШИЙН ГАЗАР ҮҮЛЭН ЧӨЛӨӨНИЙ НАР ҮЗЭХ МЭТ, УСГҮЙ ГАЗАР ХУР БОРОО ХАЙРЛАХ МЭТ СЭТГЭЛИЙН УГААС ЦЭНГЭН БАЯСАХ АЖААМ: nyamaew@gmail.com, goodnyamaev@gmail.com, otgonbayarnyamaa@rocketmail.com
OTGONBAYAR Nyamaa is a doctoral student (PhD) in Public Management at the School of Management at the National Academy of Governance & Management and regular lecturer ofPolitical Studies and Mongolian History at the Institute Preschool Education of the Mongolian State University of Education. He has an undergraduate degree in political studies from the National University of Mongolia (2003) and received a master’s degree in democracy and democratization from the National University of Mongolia (2005). He is the author or co-author of more than 20 articles and books. He taught at the University of Ulaanbaatar, Public Complex School HUMUUN and higher institute HANGAI. His general research interest is factor analysis administrative reform in developing countries.

No comments:

Post a Comment

ЗАХИРГАА БА УЛС ТӨРИЙН ХАРИЛЦАА: ҮЗЭЛ САНААНЫ ТОЙМ

  Нэг. Удиртгал Төрийн захиргааны мэдлэг одоогоос 2500 орчим жилийн өмнө Энэтхэг, Хятад, Грек-Ром дахь философи сэтгэлгээний хүрээнд анхла...