Tuesday, July 19, 2016

МАНЛАЙЛЛЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ


Сүүлийн жилүүдэд манай улсад манлайллын онол, үзэл баримтлалыг эрчимтэйгээр судлаж, ерөөсөө манлайлал гэж юуг хэлэх, хэрхэн ойлгох, авч үзэх тухайд улс төр судлал, төрийн удирдлагын шинжлэх ухааны хүрээнд эрдэмтэн судлаачдын дунд томоохон хэлэлцүүлэг өрнөх болжээ. Олон ч судлаач докторын түвшний судалгаа хийсэн байна(Өлзийбаяр, Төрийн захиргааны удирдах ажилтны манлайллын өөрчлөлт, Удирдахуйн ухааны докторын зэрэг горилсон бүтээл, 2010; Эрдэнэбат, 2015). Юуны түрүүнд, төрийн бодлогыг үр дүнтэй боловсруулж, хэрэгжүүлэх үйл явц нь өөрөө бүх түвшний төрийн байгууллага дахь манлайлалтай шууд холбогдоно.
Флорэнц дахь Европын Их Сургуулийн профессор Жан Блондел “Хаана хүмүүсийн зохион байгуулалтын хэлбэр үүснэ, тэнд манлайлал байна(Блондель, 1992, хууд. 7) хэмээн бичсэн байдаг. Leadership буюу манлайлал гэх ухагдахуун нийтийн хэрэглээнд XX зуунаас эхлэн нэвтэрсэн бол leader буюу манлайлагч гэх үг харьцангуй эрт бий болсон. Гарал, үүслийн хувьд эртний англи хэлний lithan, laedan буюу урагшлах, зам заах, газарчлах, to lead буюу чиглүүлэн удирдах, жолоодох гэсэн үгийн бүтээвэр болно. Английн түүх бичлэгийн эцэг гэгдэх христос шашны гэлэн Бэда (Beda Venerabilis, МЭ 672\3-735 он) авгай 731 онд бичсэн таван дэвтэр бүхий «Англи газраа олон ардад христос суртал дэлгэрсэн ойллого түүх»(Historia Ecclestiastica Gentis Anglorum) нэрт бүтээлдээ lead гэх үгийг далай тэнгист аялах, зугаалах, зугаацан аялах, зам заагч гэсэн утгаар хэрэглэсэн байх юм ( Д. Н. Ушакова (ред.), 2000). Харин XIII зууны үед уг үгийн утга өөрчлөгдөж, цэргийн удирдагчдыг нэрийдэх илэрхийлэл (troop leader, military leader, flotilla leader) болжээ. Англи улс далайн гүрэн болсноор далай, тэнгист хөлөг даргалах эрх бүхий хүнийг leader хэмээн нэрлэж, аажмаар уг ухагдахуун тодорхой байр суурь бүхий удирдагч, манлайлагчийг, leadership нь манлайлал гэх утгаар хэрэглэгдэх болсон (Селезнева, 2014, хуудсд. 10, 11). Оксфордын тайлбар тольд дурдснаар, «лидер» гэх ухагдахуун нь XVIII зуунд нийтийн хэрэглээнд нэвтэрсэн ба “хамт олон, бүлэг, нийгмийн хүрээнд хүмүүс хоорондын харилцааг зохицуулах тодорхой үүрэг хүлээсэн нэр хүнд бүхий хүний нийгмийн байр суурь: нийтийн эрх ашгийг хангах зорилгоор бусдад нөлөөлөл үзүүлэх чадвар бүхий этгээдийг” нэрлэх илэрхийлэл болжээ(Аллаярова, 2010, хууд. 204).Leader хэмээх ухагдахууныг шинжлэх ухааны эргэлтэнд оруулсан хүн бол Английн эрдэмтэн Томас Карлейл юм. “Сайн сайхан амьдарсан нэг ч агуу хүн байдаггүй. Гэвч дэлхий дахины түүх өөрөө агуу хүмүүсийн цадиг намтар билээ”\No great man lives in vain.The history of the world is but the biography of Great Men\(Carlyle, 1841, p. 127) хэмээн бичиж асан Карлейл лекцийн эмхтгэл бүтээлдээ манлайлал гэх үгийг ашигласангүй, харин манлайлагч гэх үгийг зургаан удаа хэрэглэсэн байдаг. Leadership буюу манлайлал хэмээх ухагдахууны хувьд XX зууны эхээр Кларкийн Их Сургуулийн профессор Лэвис М. Тэрман тэргүүтэй эрдэмтэд шинжлэх ухааны эргэлтэд оруулсан байна (Terman, 1904, pp. 413-451; S. C. Kohs & K. W. Irle, 1920, pp. 73-87; Bowden, 1926, pp. 149-160). Хэдийгээр манлайллын үйл явц эртнээс улбаатай боловч 1930-аад оны эхэн хүртэл уг чиглэлээр шинжлэх ухааны үндэстэй судалгааны ажил бараг хийгдсэнгүй ээ (Robert J. House & Ram N. Aditya, 1997, p. 409).

Монгол хэлнээ leadership хэмээх үгийг манлайлал, хошуучлал гэсэн хоёр янзаар буулган утгачилж байна. Цольд хэл шинжлэлч Я. Цэвэлийн 1966 онд Улаанбаатар хотноо эрхлэн гаргаж, Х. Лувсанбалдангийн шүүдэглэснээр олон нийтийн хүртээл болсон «Монгол хэлний товч тайлбар толь»-д манлайлагч, манлайлах гэдгийг “манлайлах үйлийн нэр: манлай болох, тэргүүлэх: дээд, сайн, тэргүүн зэрэгт тооцогдох”, хошууч, хошуучлах гэдгийг “хамгийн түрүүнд явагч, бусдыг дагуулагч: цэргийн албан хаагчдад олгох нэгэн зүйлийн цол: магнайн цэрэг: хошууч болох, тэргүүлэх(Цэвэл, 1966, хуудсд. 331, 702) гэж тус тус тайлбарласан байх юм. 2011 онд Б. Баярсайхны эрхлэн хэвлүүлсэн «Монгол хэлний тайлбар толь» -д Я. Цэвэлийн гаргасантай төстэй тайлбарыг хийжээ(Б. Баярсайхан (Эрх. гаргасан), 2011, хуудсд. 684, 1489). Судалгааны түвшинд авч үзвэл манай улсад улс төрийн судалгаанд хошуучлал, хошуучлагч (Монгол Улсын Их Сургууль, 2001, хуудсд. 147-183; Монгол Улсын Их Сургууль , 2009; Монгол Улсын Их Сургууль, 2012, хуудсд. 189-228; Пүрэвдорж, 2005), төрийн захиргаа, төрийн удирдлагын судалгаанд манлайлал, манлайлагч (Дамдинсүрэн, 2007; Ц. Самбаллхүндэв, Д. Байгал, 2009; Өлзийбаяр, Төрийн албаны манлайллын өөрчлөлт , 2009; Өлзийбаяр, Төрийн захиргааны удирдах ажилтны манлайллын өөрчлөлт, Удирдахуйн ухааны докторын зэрэг горилсон бүтээл, 2010; Эрдэнэбат, 2015) гэх ухагдахууныг түлхүү хэрэглэж буй дүр зураг харагдаж байна. Харин 2008 онд хэвлэгдсэн «Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь»-д “..., удирдагчийн манлайлал гэсэн нэмэлт тайлбар орж ирсэн нь манлайлал гэсэн үгийг удирдахуйн ухаанд өргөн дэлгэр хэрэглэж байгааг хүлээн зөвшөөрсний илрэл юм” (Эрдэнэбат, 2015, хууд. 13).
Манлайлал гэж чухам юуг хэлэх, хэрхэн ойлгох тухайд эрдэмтэн судлаачдын дунд нэгдсэн байр суурь өнөөдрийг хүртэл төлөвшиж хараахан чадаагүй байгааг тэмдэглэх хэрэгтэй. Огайо Их Сургуулийн профессор Ральф Мельвин Стогдилл 1948-1970 оны хооронд манлайллын 163 судалгаа, 1904 оноос хойш 250 орчимтодорхойлолт хийгдсэн (Stogdill, Handbook of Leadership, 1974) гэсэн бол Өмнөд Калифорнийн Их Сургуулийн профессор Уоррэн Гамалиэл Бэннис 1985 онд 350 гаруй тодорхойлолт (Bennis, W., & Nanus, B., 1985, p. 17)байгааг судалгааны явцдаа тогтоожээ. Гэтэл Мэриланд Их Сургуулийн профессор Жамес МакГрегор Бернс 1978 онд манлайллын 130 орчим тодорхойлолт байна (Burns, 1978)гэж үзжээ. 1981 онд Бинхэмтон дахь Нью Йоркийн Хотын Их Сургуулийн профессор Бэрнард М. Бэсс манлайллын чиглэлээрхийгдсэн судалгаа нэгэнтээ гурван мянга хол давсныг онцолсон байна(Bass, 1981). 2003 оны байдлаар, манлайлал судлалаар 26000 өгүүлэл нийтлэгдсэн гэсэн тооцоо гарчээ(Bruce E. Winston & Kathleen Patterson, 2006, p. 6). Мөн 1985 оны нэгдүгээр сараас 2009 оны арванхоёрдугаар сар хүртэлх 25 жилийн хугацаанд Academy of Management Journal (Менежментийн Академийн сэтгүүл), Administrative Science Quarterly (Захиргааны Шинжлэх Ухаан улирал тутмын сэтгүүл), Journal of Applied Psychology (Хэрэглээний сэтгэл судлал сэтгүүл), Journal of Management (Менежментийн сэтгүүл), Journal of Organizational Behavior (Байгууллагын зан үйл сэтгүүл), Journal of Vocational Behavior (Ажил, мэргэжлийн үйл байдал сэтгүүл), The Leadership Quarterly (Манлайлал улирал тутмын сэтгүүл), Management Science (Менежментийн Шинжлэх Ухаан), Organizational Behavior and Human Decision Processes (Байгууллагын зан үйл, хүний нөөцийн шийдвэр гаргах үйл явц), Personnel Psychology (Ажилтны сэтгэл судлал), Strategic Management Journal (Стратеги менежмент сэтгүүл) зэрэг мэргэжлийн 11 сэтгүүлд 1161 эмпирик судалгаа хийгдсэн байна (Nathan J. Hiller, Lesliie A. DeChurch, Toshio Murase & Daniel Doty, 2011, pp. 1145, 1146). Эндээс үзэхэд, нэг талаас, манлайлал нь чандлан тогтоох боломжгүй нийгмийн нарийн, төвөгтэй үйл явц, нөгөө талаас, асар хурдацтай хөгжиж буй мэдлэгийн төрөл болох нь илэрхий байна.
Одоо бүгдээрээ манлайлал гэж чухам юу болохыг тодорхойлох оролдлого хийцгээе. Манлайлал бол юуны түрүүнд, нийгмийн нөлөөллийн үйл явц юм. Үүнтэй холбоотойгоор, судлаач М. Чемерс манлайллыг “нийтлэг зорилгод хүрэхийн тулд бусдаас дэмжлэг, туслалцаа эрэлхийлэх нийгмийн нөлөөллийн үйл явц(Chemers, 1997)гэж тодорхойлжээ. Илүү ойлгомжтой болгох үүднээс зарим нэг судлаачийн байр суурийг хамтатгал байдлаар авч үзье.
 “Манлайлал бол бусдад нөлөөлөл үзүүлэх замаар байгууллагын өмнөө тавьсан зорилгод хүрэх үйл явц мөн” Ж. Тэрри
 “Манлайлал гэдэг нь харилцан нөлөөлөх замаар тодорхой орчинд байгууллагын зорилгыг хэрэгжүүлэхийн тулд бий болсон хүмүүсийн хоорондын харилцаа мөн” Робэрт Таннэнбаум, Ирвинг Вешлер, Фрэд Массарик
Айдас, хүчирхийллийг урьтал болголгүйгээр бусдын үйл байдалд нөлөөлөх үйл явц нь манлайлал юм” Жеймс Бьюкенин
Нэг юм уу, хэд хэдэн хүний хэрэгжүүлэх эрх мэдлийн нийлбэр цогцыг манлайлал гэнэ” Ж. Блондел
Манлайлал бол тодорхой нэг хүн юм уу, байр суурь огтоос биш юм. Харин нийтлэг зорилгод хүрэх үүднээс итгэлцэл, хариуцлага, амлалт, сэтгэл хөдлөл зэрэгт тулгуурлан үүсэх хүмүүсийн хоорондын харилцаа болно” Жоан Киулла
Эдгээр үзэл бодолд үндэслэн бид манлайллыг тогтсон нэг зорилго, зорилтод хүрэхийн тулд бусдад нөлөөлж, бусдын итгэл найдвар, дэмжлэг туслалцаан дээр тулгуурлан хэрэгжих хүмүүс хоорондын харилцаа мөн гэж тодорхойлж болох байна. Дараагийн удаад, бид бүхэн манлайллын онол, үзэл баримтлалуудын талаар хөндөх болно.

ЭХ СУРВАЛЖИЙН ЖАГСААЛТ

Д. Н. Ушакова (ред.). (2000). Толковый словарь русского языка. В 4т. Москва: Изд-во Астрель.
Bass, B. M. (1981). Stogdill's Handbook of Leadership. (2 nd ed.), New York: Free Press.
Bennis, W., & Nanus, B. (1985). Leaders: The strategies for taking charge. New York: Harper & Row, Publishers.
Bowden, A. O. (1926). A Study of the Personality of Student Leaders in the United States. Journal of Abnormal and Social Psychology, 21.
Bruce E. Winston & Kathleen Patterson. (2006). An Integrative Definition of Leadership. International Journal of Leadership Studies, Vol. 1, Iss. 2.
Burns, J. M. (1978). Leadership. New York: Harper & Row.
Carlyle, T. (1841). Heroes, Hero-worship, the Heroic in history. Boston: Adams.
Chemers, M. (1997). An Integrative theory of leadership. New York: Lawrence Erlbaum Associates, Publishers.
Nathan J. Hiller, Lesliie A. DeChurch, Toshio Murase & Daniel Doty. (2011). Searching of Outcomes of Leadership; A 25-Year Review. Journal of Management, Vol. 37, No. 4, July.
Robert J. House & Ram N. Aditya. (1997). The Social Scientific Study of Leadership; Quo Yadis? Journal of Management, Vol. 23, No. 3.
S. C. Kohs & K. W. Irle. (1920). Prophesying army promotion. Journal of Applied Psychology, 4.
Stogdill, R. M. (1974). Handbook of Leadership. New York: The Free Press.
Terman, L. M. (1904). A Preliminary Study in the Psychology and Pedagogs of Leadership. Journal of Genetic Psychology, 11.
Аллаярова, Ж. С. (2010). Концептуализация природы лидерства как феномена. Известия Томского политехнического универститета, Т. 316, № 6.
Б. Баярсайхан (Эрх. гаргасан). (2011). Монгол хэлний тайлбар толь. Ред. А. Янжиндолгор, Улаанбаатар : Монсудар Хэвлэлийн Газар.
Блондель, Ж. (1992). Политическое лидерство: Путь к всеобъемлющему анализу. Перев. с англ. Г. М. Квашнин, Москва : Российская Академия Управления.
Дамдинсүрэн, Л. (2007). Удирдлагын арга барилыг төгөлдөржүүлэх зарим асуудал. Удирдахуйн Ухааны докторын зэрэг горилсон бүтээл, Улаанбаатар: Удирдлагын Академи.
Монгол Улсын Их Сургууль . (2009). Улс төрийн шинжлэх ухаан. Ред. Ё. Довчин, Улаанбаатар: ЭКИМТО ХХК.
Монгол Улсын Их Сургууль. (2001). Улс төрийн шинжлэх ухаан. Ерөнхий ред. Ц. Ганболд, Улаанбаатар: "ЭКИМТО" Хэвлэх Үйлдвэр.
Монгол Улсын Их Сургууль. (2012). Улс төрийн шинжлэх ухаан. Нэмж засварласан гурав дахь хэвлэл, Ред. Ё. Довчин, Улаанбаатар: ЭКИМТО ХХК.
Өлзийбаяр, В. (2009). Төрийн албаны манлайллын өөрчлөлт . Улаанбаатар.
Өлзийбаяр, В. (2010). Төрийн захиргааны удирдах ажилтны манлайллын өөрчлөлт, Удирдахуйн ухааны докторын зэрэг горилсон бүтээл. Улаанбаатар: Удирдлагын Академи.
Пүрэвдорж, Л. (2005). Улс төрийн хошуучлал. Улаанбаатар: МУИС-ийн Хэвлэх Үйлдвэр.
Селезнева, Е. В. (2014). Лидерство: Учебник для бакалавров. Москва : Изд-во "Юрайт".
Ц. Самбаллхүндэв, Д. Байгал. (2009). Төрийн албаны шинэтгэл ба манлайлал. Шинэ толь сэтгүүл, № 66.
Цэвэл, Я. (1966). Монгол хэлний товч тайлбар толь. БНМАУ-ын Шинжлэх Ухааны Академи, Хэл, Зохиолын Хүрээлэн, Ред. Х. Лувсанбалдан, Улаанбаатар: Улсын Хэвлэлийн Хэрэг Эрхлэх Хороо.
Эрдэнэбат, П. (2015). Монгол улсын прокурорын байгууллагын удирдах албан тушаалтны манлайллын хэв маяг, чадварт хийсэн шинжилгээ. Удирдахуйн ухааны докторын зэрэг горилсон бүтээл, Улаанбаатар: Удирдлагын Академи.



БИЧВЭРИЙГ БЭЛТГЭСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

No comments:

Post a Comment

ЗАХИРГАА БА УЛС ТӨРИЙН ХАРИЛЦАА: ҮЗЭЛ САНААНЫ ТОЙМ

  Нэг. Удиртгал Төрийн захиргааны мэдлэг одоогоос 2500 орчим жилийн өмнө Энэтхэг, Хятад, Грек-Ром дахь философи сэтгэлгээний хүрээнд анхла...