Р. К. Жусупова, С.
К. Молдабекова
Ш. Уалихановын
нэрэмжит Кокшетаугийн Их Сургууль
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ
ТОГТОЛЦОО БҮРЭЛДЭХ ҮЙЛ ЯВЦ
ABOUT THE FORMATION OF PUBLIC ADMINISTRATION
Key
words: public policy, public administration, Theory of
powers, Theory of bureaucracy, Cameralistics, Scientific Management.
Өнөөгийн төр – бодлого, үйл ажиллагаа нь хүний эрх чөлөөт
хөгжил, таатай амьдралыг хангахад чиглэгдсэн
социал төр мөн. Орчин үед улс орнуудад
чөлөөт эдийн засгийн харилцааг төлөвшүүлэхтэй холбоотойгоор улсын салбарын
удирдлагад төрийн байгууллагын зохион байгуулалтыг сайжруулах, өөрийгөө удирдах
бүтэц, хараат бус байдлыг бий болгох хэрэгцээ өсөн нэмэгдэж төвлөрлийг
сааруулах хандлага хүчээ авч байна.
Хэдийгээр эртний Грек-Римийн үед нийгэм дэх төрийн
үүргийг танин мэдэх зарим нэг оролдлого (Платон, Аристотель, Цицерон, Күнз гэх мэт) хийгдэж байсан ч
төрийн захиргааны шинжлэх ухааны үүсэл их, дээд сургуулиудын түвшинд
«камерал» шинжлэх ухаан өөрөөр хэлбэл, захиргаа, эдийн засгийн ухааны хичээл
үзэх болсон Австри, Герман дахь XVII зууны шинжлэх ухаанч үйл ажиллагаатай
холбогдоно. Камерализм нь захиргааны албаны бүтэц, үйл ажиллагааг сайжруулах
арга хэрэгслийг судалдаг. Камералистуудын сургаал зөвлөх чиг үүрэг бүхий
байгууллагаар дамжин төрийн удирдлагатай холбогдож байсан. XIX зууны сүүл үе
гэхэд камералист ухаан уналтад орж, улс төрийн болон төрийн захиргааны шинжлэх ухаан
эрчимтэйгээр хөгжих болсон бөгөөд хөгжлийн гол хүч нь АНУ руу шилжсэн байна. Америк дахь төрийн захиргааны шинжлэх ухааныг
үндэслэгч нь тус улсын хорин найм дахь ерөнхийлөгч асан Вудро Вильсон билээ [1].
В. Вильсон бизнес дахь удирдлагын аргыг улсын салбарын
удирдлагад нэвтрүүлэх захиргааны үр ашгийн загварыг боловсруулсан. Тэрээр
төрийн захиргаа мэдлэг чадвар дээр тулгуурлан мэргэших шаардлагатайг онцолсон.
Вудро Вильсон, Фрэнк Ж. Гуднау (Америкийн Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбооны
анхны ерөнхийлөгч) нар засгийн газрын тогтолцооны мөн чанар нь хуулийг
боловсруулах үүрэгтэй улс төрийн эрх мэдэл, хуулийн хэрэгжилтийг хангах
захиргаа хоёрын харилцаанд оршино гэж үзсэн [1].
Макс Веберийн бюрократийн онол төрийн захиргааны онолын
хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан байдаг. Тэрээр бюрократи нь шатлан захирах
хатуу зарчимд суурилсан хамгийн сайн төрийн удирдлага мөн гэж үзсэн. Төрийн
албан хаагчдын зорилго нь тодорхой орчин нөхцөлд удирдлагын зарчмыг хэрэгжүүлэх
явдал бөгөөд үүний тулд захиргааны үйл ажиллагаа тодорхой дүрэм журамд
захирагдах ёстой. Түүний хувьд төрийн албан хаагч гэдэг нь бусдын нөлөөнд
автахгүй байхын баталгаа болсон нэр төр, хамтын ухамсар бүхий нарийн мэргэшсэн
хүн юм [1].
М. Веберийн шинжилгээ Германы бюрократын судалгаан дээр
суурилсан ч боловсруулсан зарчим нь түгээмэл шинж чанартай, энэ ч утгаараа улс
орон болгонд хэрэглэж болохоор байсан билээ. Ерөнхийдөө В. Вильсон, Ф. Гуднау,
М. Вебер нарын бүтээлүүдэд дараах хоёр үндсэн санаа тусгагдсан байдаг. Эдгээрт:
– Захиргааны гол зорилт болох төрийн захиргааны
шинэтгэлийг шинжлэх ухааны үүднээс судлах;
– Төрийн алба нь улс төрөөс ангид байх ёстой. Чухамдаа
дээрх эрдэмтдийн бүтээл гарснаар төрийн захиргааны онол шинжлэх ухааны бие
даасан чиглэл болж хөгжсөнийг ихэнх судлаачид онцолдог.
Төрийн захиргааны онолын цаашдын хөгжил нь XX зууны эхээр
бий болсон «шинжлэх ухаанч удирдлага», «хүний харилцааны» дэг сургууль болон
сонгодог дэг сургуулийн төлөөлөгчдийн бүтээлд тусгалаа олсон байна.
Сонгодог дэг сургуулийн төлөөлөгчид (Х. Файоль, Л. Уайт,
Л. Урвик, Д. Муни, Т. Булей нар) төрийн захиргааны тогтолцоог албан тушаалтан
бүр тодорхой тогтсон чиг үүргийг хэрэгжүүлэх шугаман-чиг үүргийн хэв шинжит
журамлагдсан шатлан захирах зохион байгуулалт мөн гэж үздэг. Энэхүү загвар нь
тогтвортой нийгмийн орчин, нэг хэв шинжийн удирдлагын зорилт, нөхцөл бүхий
байдалд хэрэгжих боломжтой юм[1].
«Хүний харилцааны» буюу зарим судлаачдын (М. Фоллет, А.
Маслоу, Э. Мэйо, У Мэрфи нар) нэрлэснээр шинэ сонгодог дэг сургууль XX зууны
30-аад оны үед үүссэн. Үүдлэг бий болгох, сэтгэл зүйн уур амьсгалыг сайжруулах
замаар хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх бололцоотой гэсэн дүгнэлт олон
туршилтын явцад гарсан тул уг дэг сургуулийн төлөөлөгчид ажилтан нэг бүрийн
ажлын байрнаас ханамж авах сэтгэл зүйн хүчин зүйлийг судлахад голлон анхаарсан.
Иймэрхүү хандлагыг бихевиоризмын дэг сургуулийнхан хөгжүүлсэн байна. Ажилтан,
хөдөлмөрийн хамт олны зан үйлийг судлах замаар захиргааны байгууллагын үйл
ажиллагааны бодит шинжийг тайлбарлах нь бихевиоризмын үндэс юм.
Төрийн захиргаа гэдэг нь эрх мэдлийн салаа мөчир, газар
нутгийн үндсэн түвшинд нөлөөллийн хүрээг хуваарилах замаар улсын доторх
харилцааг зохицуулах үйл явц мөн. Улс, түүний бүрдүүлбэрийн бүрэн бүтэн байдлыг
хамгаалах, иргэдийн амьдралын чанар, түвшинг дэмжих төрийн эрх ашиг нь төрийн
захиргааны үндэс юм. Төрийн засаглалыг хэрэгжүүлснээр төрийн захиргаа бодитой
болдог. Төрийн засаглалын тогтолцоот шинж нь нийгмийн харилцаа, үйл явцыг
зохицуулахад хамтран ажиллах болон захиргаадах үйлийн нэгдмэл мөн чанараар
илэрнэ. Төрийн бүтэц нь төрийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх үйл явцтай
хамаарал бүхий тодорхой зорилтыг хэрэгжүүлэх үүднээс бий болдог. Харин төрийн
бодлого боловсруулж, хэрэгжүүлэх үйл явц нь дөрвөн үе шаттай байх бөгөөд зарим
тохиолдолд доорх эрэмблэгдсэн үйл явцаас бүрдэх «улс төрийн мөчлөг» гэж
нэрлэдэг байна. Үүнд;
·
1
дүгээр үе шат– бодлогын зорилго, нийгмийн асуудлыг тодорхойлох (бодлого
санаачлахуй);
·
2
дугаар үе шат – төрийн бодлого боловсруулж, хүлээн авах (бодлого боловсруулахуй);
·
3
дугаар үе шат – төрийн бодлогыг хэрэгжүүлж, мониторинг хийх (бодлого
хэрэгжүүлэхүй);
·
4
дүгээр үе шат – төрийн бодлогыг зохицуулж, үнэлэх (бодлого үнэлэхүй) [2]. Төрийн
бодлого боловсруулах олон янзын загвар байдаг.
Өмнөө тавьсан зорилго, зорилтоо хэрэгжүүлэхэд хэн
шийдвэрлэх үүрэгтэй оролцож байгаагаас хамааруулан хөтөлбөр, үйл ажиллагаа
боловсруулах гурван загварыг гаргаж болно. Тодорхой шийдвэр удирдлагын дээд
түвшинд гарч, түүнийг доод түвшинд энгийн хэрэгжүүлэгч нар гардан биелүүлдэг
«Дээрээс доош чиглэсэн» загвар байна.
Төрийн удирдлагын доод бүтэц бодлого боловсруулж, хөтөлбөр,
төсөл боловсруулж хэрэгжүүлэхэд оролцох нийтийн байгууллага, хамт олныг
идэвхтэй татан оролцуулах «Доороос дээш чиглэсэн» загвар гэж байна. Хүчтэй төвлөрсөн удирдлага бүхий нөхцөлд
бодлого боловсруулахад иргэд болон төрийн албан хаагчдыг татан оролцуулах
механизм болгож өмнөх хоёр хандлагыг нэгтгэсэн «Холимог» загвар гэж байна [3].
Төрийн захиргаа нь – төрийн бүх байгууллагын үйл
ажиллагааг уялдуулж, нийгмийн үйл явцыг зохицуулах төрийн байгууллагын зохион
байгуулалттай үйлдэл мөн. Төр нийгмийг удирдан чиглүүлэх гол субьект байхаа
нэгэнт больжээ. Өнөөдөр түүний чиг үүргийг олон хүрээнд хувийн хэвшлийн болон
иргэний нийгмийн байгууллагууд хэрэгжүүлж байна. Төр их төлөв нийгэм дэх улс
төрийн байгууллагын үйл ажиллагааг бий болгож, хэвийн явагдах нөхцөлийг
хангасан зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлэх болсон.
Эх сурвалжийн
жагсаалт
1. Институциональная структура производства государственных
услуг: от веберианской бюрократии – к современным реформам государственного
управления: монография Капогузов Е.А. – Издательство Омского государственного
университета им. Ф.М. Достоевского, 2012. – 400 с.
2. Мухаев Р.Т.
Система государственного и муниципального управления. Учебник. – Юнити-Дана,
2012. – 1375 с.
3. Знаменский Д.Ю., Сибиряев А.С. Информационно-аналитические
системы и технологии в государственном муниципальном управлении. Учебное
пособие. – Интермедия, 2014. – 177 с.
МОНГОЛЧИЛГО ХИЙСЭН:
УЛС ТӨР СУДЛААЧ, ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ
НЯМААГИЙН ОТГОНБАЯР
No comments:
Post a Comment