Saturday, March 28, 2015

ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛ БУЮУ ӨГӨГДЛИЙН ШИНЖИЛГЭЭ ГЭЖ ЮУГ ХЭЛЭХ ВЭ?

Ерөнхий ойлголт
Гадаад, дотоод объектив, субъектив олон хүчин зүйлсийн нөлөөгөөр нийгмийн хүрээнд бий болох юмс, үзэгдлийн харьцангуй бодот үр дүн, үйл явцыг шинжлэн судлах, нээн илрүүлэх цогц судалгааг хүчин зүйлсийн шинжилгээний аргачлал гэж нэрлэдэг.
Хүчин зүйлсбуюу factor, фактор хэмээх ойлголт нь латин хэлний бүтээгч, цогцлоогч гэх утгыг илэрхийлсэн үг болно. Тодорхой үзэгдэл, үйл явцад илрэх шинж чанарыг өдөөж буй тэр бүх зүйлсийг хүчин зүйл гэж үздэг.
Хүчин зүйлсийн шинжилгээний аргын түүх
Хүчин зүйлсийн шинжилгээний аргачлал нь анхлан сэтгэл судлалын ухаанд ашиглагджээ.Өнөөдөр судалгааны энэ аргачлалыг сэтгэл судлал төдийгүй улс төр судлал, социологи, төрийн захиргаа, удирдлагын ухаан гэх мэт нийгмийн шинжлэх ухааны бусад салбаруудад ч өргөн дэлгэр хэрэглэх болсон. Үүнд орчин үеийн мэдээлэл технологийн ололт, тэр дундаа SPSS өгөгдөл боловсруулах программ чухал ач холбогдолтой.
Хүчин зүйлсийн шинжилгээний аргачлалын онолын үндсийг Английн эрдэмтэн, сэтгэл судлаач Фрэнсис Гальтон (1822-1911 он) боловсруулжээ. 1890 онд хийсэн гасан (Монгол улсад индиго гэж нэрлэж заншсан.,зохиогчийн тайлбар) буюу вундэркэнд хүүхдийноюун ухааны авъяас чадварын судалгаандаа тэрээр хүчин зүйлсийн шинжилгээний аргачлалыг ашигласан байдаг. Гальтоны судалгааны аргачлалыг боловсруулахад Английн алдарт философич, математикч Карл Пирсон (1857-1936 он) гар, бие оролцсон гэх баримт байдаг.
Орчин үед хүчин зүйлсийн шинжилгээний аргачлалыг зохиогч нь сэтгэл судлаач Чарлэс Эдуард Спирмэн (1863-1945 он) гэж тооцогддог. Тэрээр 1904 онд бичсэн «General Intelligence Objectively Determined and Measured» өгүүлэлдээ хоёр хүчин зүйлст оюун ухааны онолыг хөгжүүлсэн. Тусгай сорилын тусламжтайгаар хүүхдийн оюун ухааны чадварыг хэмжих боломжтой гэж үзэж асан Гальтоны санааг хөгжүүлсэн байна. Хүүхдийн оюун ухааны чадвар G (general) ерөнхий хүчин зүйлс, S (specific) тусгай хүчин зүйлсээс тус бүр хамаардаг. Түгээмэл бус, зарим нэг тохиолдолд тусгай хүчин зүйлсээс, бусад тохиолдолд ерөнхий хүчин зүйлсээс оюун ухаан хамаарч байдгийг Спирмэн онцолсон. Харин энэ санааг ЛуисЛеон Тэрстоун (1935, 1947, 1951) олон хүчин зүйлст оюун ухааны онолоороо үгүйсгэсэн байдаг.Мөн Р. Кэттел (1946, 1947, 1951), Г. Айзэнк нар бие хүний онолын судалгаандаа хүчин зүйлсийн шинжилгээний аргачлалыг ашиглажээ.
Харин төрийн захиргаа, удирдлагын ухаанд өнгөрсөн зууны 70, 80-иад оны үеэс нэвтэрсэн бөгөөд голлон хөгжүүлэгчид нь Америкийн модернист чиглэлийн төлөөлөгчид байлаа. Хүчин зүйлсийн шинжилгээний аргачлалыг төрийн захиргаа, удирдлагын ухаанд хэрэглэх болсноор зарим талаар нэлээд шүүмжлэл дагуулж эхэлсэн байдаг. Математик томъёололд хэт автдаг, нийгмийн шинжлэх ухааны гол шинжийг үгүйсгэдэг, судалгааны үр нөлөөг бууруулдаг талтай гэж үзэх эрдэмтэд гарсан. Гэсэн хэдий ч төрийн захиргаа, удирдлагын ухаанд хүчин зүйлсийн шинжилгээний арга, аргачлалыг өргөн дэлгэр ашигласан хэвээр байна.
Өрнө Дахинд хүчин зүйлсийн шинжилгээний аргачлалыг судалгаандаа хэрхэн хэрэглэх ажиллагаа, заавар, зөвлөгөө агуулсан сурах бичиг, гарын авлагууд маш олноор хэвлэгдэх болсон. Тухайлбал Стивэнс (Stevens., 1986), Кули, Лонэс (Cooley, Lohnes., 1971), Харман (Harman., 1976), Ким, Мюллэр (Kim, Mueller., 1978), Лоули, Максвэлл (Lawley, Maxwell., 1971), Линдэман, Мэрэнда, Голд (Lindeman, Merenda, Gold., 1980), Моррисон (Morrison., 1967), Мулэйк (Mulaik., 1972), Вэрри (Wherry., 1984) нарын бүтээлүүдийг дурдаж болох байна.
Хүчин зүйлсийн шинжилгээний аргачлалын төрлүүд
Шинжлэх ухаанд дараах төрлийн хүчин зүйлсийн шинжилгээний аргачлалууд байдаг гэж үздэг. Эдгээрт:
·         Чиг үүргийнболон хамааралт хүчин зүйлсийн шинжилгээ:
·         Шууд (дедуктив) болон урвуу (индуктив) хүчин зүйлсийн шинжилгээ:
·         Нэг болон олон үе шатат хүчин зүйлсийн шинжилгээ:
·         Статик болон динамик хүчин зүйлсийн шинжилгээ:
·         Түүхэн болон таамагласан хүчин зүйлсийн шинжилгээ.
Хүчин зүйлсийн шинжилгээний арга, аргачлалыг ашиглах үе шатууд
Хүчин зүйлсийн шинжилгээний арга, аргачлалыг судалгааны ажилдаа дараах үе шаттайгаар хэрэглэдэг. Үүнд:
·         Нэгдүгээр үе: Хүчин зүйлсээ сонгох:
·         Хоёрдугаар үе: Хүчин зүйлсээ системчилж, ангилах:
·         Гуравдугаар үе: Хүлээгдэж буй үр дүн, хүчин зүйлсийн хоорондын хамаарлыг загварчлах:
·         Дөрөвдүгээр үе: Хүчин зүйлсийн нөлөөллийг тооцох, хүчин зүйлсийн өөрчлөлт үр дүнгийн өөрчлөлтөд хэрхэн нөлөөлж буйг үнэлэх:

·         Тавдугаар үе: Хүчин зүйлсийн загвараа хэрэглэх:

No comments:

Post a Comment

ЗАХИРГАА БА УЛС ТӨРИЙН ХАРИЛЦАА: ҮЗЭЛ САНААНЫ ТОЙМ

  Нэг. Удиртгал Төрийн захиргааны мэдлэг одоогоос 2500 орчим жилийн өмнө Энэтхэг, Хятад, Грек-Ром дахь философи сэтгэлгээний хүрээнд анхла...