Wednesday, February 20, 2019

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТОГТОЛЦОО БҮРЭЛДЭХ ҮЙЛ ЯВЦ

Р. К. Жусупова, С. К. Молдабекова
Ш. Уалихановын нэрэмжит Кокшетаугийн Их Сургууль
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТОГТОЛЦОО БҮРЭЛДЭХ ҮЙЛ ЯВЦ
ABOUT THE FORMATION OF PUBLIC ADMINISTRATION
Key words: public policy, public administration, Theory of powers, Theory of bureaucracy, Cameralistics, Scientific Management.
Өнөөгийн төр – бодлого, үйл ажиллагаа нь хүний эрх чөлөөт хөгжил, таатай амьдралыг хангахад  чиглэгдсэн социал төр мөн.  Орчин үед улс орнуудад чөлөөт эдийн засгийн харилцааг төлөвшүүлэхтэй холбоотойгоор улсын салбарын удирдлагад төрийн байгууллагын зохион байгуулалтыг сайжруулах, өөрийгөө удирдах бүтэц, хараат бус байдлыг бий болгох хэрэгцээ өсөн нэмэгдэж төвлөрлийг сааруулах хандлага хүчээ авч байна.
Хэдийгээр эртний Грек-Римийн үед нийгэм дэх төрийн үүргийг танин мэдэх зарим нэг оролдлого (Платон, Аристотель, Цицерон, Күнз гэх мэт) хийгдэж байсан ч  төрийн захиргааны шинжлэх ухааны үүсэл их, дээд сургуулиудын түвшинд «камерал» шинжлэх ухаан өөрөөр хэлбэл, захиргаа, эдийн засгийн ухааны хичээл үзэх болсон Австри, Герман дахь XVII зууны шинжлэх ухаанч үйл ажиллагаатай холбогдоно. Камерализм нь захиргааны албаны бүтэц, үйл ажиллагааг сайжруулах арга хэрэгслийг судалдаг. Камералистуудын сургаал зөвлөх чиг үүрэг бүхий байгууллагаар дамжин төрийн удирдлагатай холбогдож байсан. XIX зууны сүүл үе гэхэд камералист ухаан уналтад орж, улс төрийн болон төрийн захиргааны шинжлэх ухаан эрчимтэйгээр хөгжих болсон бөгөөд хөгжлийн гол хүч нь АНУ руу шилжсэн байна.  Америк дахь төрийн захиргааны шинжлэх ухааныг үндэслэгч нь тус улсын хорин найм дахь ерөнхийлөгч асан Вудро Вильсон билээ [1].
В. Вильсон бизнес дахь удирдлагын аргыг улсын салбарын удирдлагад нэвтрүүлэх захиргааны үр ашгийн загварыг боловсруулсан. Тэрээр төрийн захиргаа мэдлэг чадвар дээр тулгуурлан мэргэших шаардлагатайг онцолсон. Вудро Вильсон, Фрэнк Ж. Гуднау (Америкийн Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбооны анхны ерөнхийлөгч) нар засгийн газрын тогтолцооны мөн чанар нь хуулийг боловсруулах үүрэгтэй улс төрийн эрх мэдэл, хуулийн хэрэгжилтийг хангах захиргаа хоёрын харилцаанд оршино гэж үзсэн [1].
Макс Веберийн бюрократийн онол төрийн захиргааны онолын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан байдаг. Тэрээр бюрократи нь шатлан захирах хатуу зарчимд суурилсан хамгийн сайн төрийн удирдлага мөн гэж үзсэн. Төрийн албан хаагчдын зорилго нь тодорхой орчин нөхцөлд удирдлагын зарчмыг хэрэгжүүлэх явдал бөгөөд үүний тулд захиргааны үйл ажиллагаа тодорхой дүрэм журамд захирагдах ёстой. Түүний хувьд төрийн албан хаагч гэдэг нь бусдын нөлөөнд автахгүй байхын баталгаа болсон нэр төр, хамтын ухамсар бүхий нарийн мэргэшсэн хүн юм [1].
М. Веберийн шинжилгээ Германы бюрократын судалгаан дээр суурилсан ч боловсруулсан зарчим нь түгээмэл шинж чанартай, энэ ч утгаараа улс орон болгонд хэрэглэж болохоор байсан билээ. Ерөнхийдөө В. Вильсон, Ф. Гуднау, М. Вебер нарын бүтээлүүдэд дараах хоёр үндсэн санаа тусгагдсан байдаг. Эдгээрт:
– Захиргааны гол зорилт болох төрийн захиргааны шинэтгэлийг шинжлэх ухааны үүднээс судлах;
– Төрийн алба нь улс төрөөс ангид байх ёстой. Чухамдаа дээрх эрдэмтдийн бүтээл гарснаар төрийн захиргааны онол шинжлэх ухааны бие даасан чиглэл болж хөгжсөнийг ихэнх судлаачид онцолдог.
Төрийн захиргааны онолын цаашдын хөгжил нь XX зууны эхээр бий болсон «шинжлэх ухаанч удирдлага», «хүний харилцааны» дэг сургууль болон сонгодог дэг сургуулийн төлөөлөгчдийн бүтээлд тусгалаа олсон байна.
Сонгодог дэг сургуулийн төлөөлөгчид (Х. Файоль, Л. Уайт, Л. Урвик, Д. Муни, Т. Булей нар) төрийн захиргааны тогтолцоог албан тушаалтан бүр тодорхой тогтсон чиг үүргийг хэрэгжүүлэх шугаман-чиг үүргийн хэв шинжит журамлагдсан шатлан захирах зохион байгуулалт мөн гэж үздэг. Энэхүү загвар нь тогтвортой нийгмийн орчин, нэг хэв шинжийн удирдлагын зорилт, нөхцөл бүхий байдалд хэрэгжих боломжтой юм[1].
«Хүний харилцааны» буюу зарим судлаачдын (М. Фоллет, А. Маслоу, Э. Мэйо, У Мэрфи нар) нэрлэснээр шинэ сонгодог дэг сургууль XX зууны 30-аад оны үед үүссэн. Үүдлэг бий болгох, сэтгэл зүйн уур амьсгалыг сайжруулах замаар хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх бололцоотой гэсэн дүгнэлт олон туршилтын явцад гарсан тул уг дэг сургуулийн төлөөлөгчид ажилтан нэг бүрийн ажлын байрнаас ханамж авах сэтгэл зүйн хүчин зүйлийг судлахад голлон анхаарсан. Иймэрхүү хандлагыг бихевиоризмын дэг сургуулийнхан хөгжүүлсэн байна. Ажилтан, хөдөлмөрийн хамт олны зан үйлийг судлах замаар захиргааны байгууллагын үйл ажиллагааны бодит шинжийг тайлбарлах нь бихевиоризмын үндэс юм.
Төрийн захиргаа гэдэг нь эрх мэдлийн салаа мөчир, газар нутгийн үндсэн түвшинд нөлөөллийн хүрээг хуваарилах замаар улсын доторх харилцааг зохицуулах үйл явц мөн. Улс, түүний бүрдүүлбэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, иргэдийн амьдралын чанар, түвшинг дэмжих төрийн эрх ашиг нь төрийн захиргааны үндэс юм. Төрийн засаглалыг хэрэгжүүлснээр төрийн захиргаа бодитой болдог. Төрийн засаглалын тогтолцоот шинж нь нийгмийн харилцаа, үйл явцыг зохицуулахад хамтран ажиллах болон захиргаадах үйлийн нэгдмэл мөн чанараар илэрнэ. Төрийн бүтэц нь төрийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх үйл явцтай хамаарал бүхий тодорхой зорилтыг хэрэгжүүлэх үүднээс бий болдог. Харин төрийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх үйл явц нь дөрвөн үе шаттай байх бөгөөд зарим тохиолдолд доорх эрэмблэгдсэн үйл явцаас бүрдэх «улс төрийн мөчлөг» гэж нэрлэдэг байна. Үүнд;
·         1 дүгээр үе шат– бодлогын зорилго, нийгмийн асуудлыг тодорхойлох (бодлого санаачлахуй);
·         2 дугаар үе шат – төрийн бодлого боловсруулж, хүлээн авах (бодлого боловсруулахуй);
·         3 дугаар үе шат – төрийн бодлогыг хэрэгжүүлж, мониторинг хийх (бодлого хэрэгжүүлэхүй);
·         4 дүгээр үе шат – төрийн бодлогыг зохицуулж, үнэлэх (бодлого үнэлэхүй) [2]. Төрийн бодлого боловсруулах олон янзын загвар байдаг.
Өмнөө тавьсан зорилго, зорилтоо хэрэгжүүлэхэд хэн шийдвэрлэх үүрэгтэй оролцож байгаагаас хамааруулан хөтөлбөр, үйл ажиллагаа боловсруулах гурван загварыг гаргаж болно. Тодорхой шийдвэр удирдлагын дээд түвшинд гарч, түүнийг доод түвшинд энгийн хэрэгжүүлэгч нар гардан биелүүлдэг «Дээрээс доош чиглэсэн» загвар байна. 
Төрийн удирдлагын доод бүтэц бодлого боловсруулж, хөтөлбөр, төсөл боловсруулж хэрэгжүүлэхэд оролцох нийтийн байгууллага, хамт олныг идэвхтэй татан оролцуулах «Доороос дээш чиглэсэн» загвар гэж байна.  Хүчтэй төвлөрсөн удирдлага бүхий нөхцөлд бодлого боловсруулахад иргэд болон төрийн албан хаагчдыг татан оролцуулах механизм болгож өмнөх хоёр хандлагыг нэгтгэсэн «Холимог» загвар гэж байна [3].
Төрийн захиргаа нь – төрийн бүх байгууллагын үйл ажиллагааг уялдуулж, нийгмийн үйл явцыг зохицуулах төрийн байгууллагын зохион байгуулалттай үйлдэл мөн. Төр нийгмийг удирдан чиглүүлэх гол субьект байхаа нэгэнт больжээ. Өнөөдөр түүний чиг үүргийг олон хүрээнд хувийн хэвшлийн болон иргэний нийгмийн байгууллагууд хэрэгжүүлж байна. Төр их төлөв нийгэм дэх улс төрийн байгууллагын үйл ажиллагааг бий болгож, хэвийн явагдах нөхцөлийг хангасан зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлэх болсон.
Эх сурвалжийн жагсаалт
1. Институциональная структура производства государственных услуг: от веберианской бюрократии – к современным реформам государственного управления: монография Капогузов Е.А. – Издательство Омского государственного университета им. Ф.М. Достоевского, 2012. – 400 с.
2.  Мухаев Р.Т. Система государственного и муниципального управления. Учебник. – Юнити-Дана, 2012. – 1375 с.
3. Знаменский Д.Ю., Сибиряев А.С. Информационно-аналитические системы и технологии в государственном муниципальном управлении. Учебное пособие. – Интермедия, 2014. – 177 с.
МОНГОЛЧИЛГО ХИЙСЭН: УЛС ТӨР СУДЛААЧ, ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ НЯМААГИЙН ОТГОНБАЯР
ЦАХИМ ШУУДАНГИЙН ХАЯГ: otgonbayar.n@etugen.edu.mn

КАМЕРАЛИЗМЫН СУРГААЛ


Камерализм (Kameralwissenschaften) нь герман хэлний Kameralismus гэх үг бөгөөд XVI зууны сүүл, XIX зууны эхэн үеийн Германы төрийн удирдлагын шинжлэх ухаан, захиргааны технологи болно. Үүнтэй холбоотойгоор Чикаго их сургуулийн профессор Албион В. Смолл “эзэн хаан, удирдлагын эрх ашигт нийцүүлж байгалийн нөөц, хүмүүсийн мэдлэг чадварыг үр дүнтэй ашиглах онол, захиргааны технологи...,(Small 1909) хэмээн камерализмыг тодорхойлсон байдаг. Kameralien” хэмээх үгийг Германы түүхч Фэй Людовиг фон Зекендорф (Veit Ludwig von Zeckendorff, 1626–1692) 1656 онд бичсэн “Teutscher Fürsten” (Германы вант улс) зохиолдоо анх хэрэглэсэн бөгөөд хожуу латин хэлний camera гэх үгнээс гаралтай болно. Энэ талаар Кээлийн их сургуулийн профессор Кэйт Трайб «1727 онд Пруссын эзэн хаан I Фридрих Вилхэлм Халлын их сургуульд “Oeconomie, Policey und Kammer - Sachen” хэмээн нэрлэгдэх тэнхим байгуулсан байна. Тун удалгүй мөн адил тэнхимийг Франкфурт-на-Ордэрийн их сургуульд үүсгэн байгуулжээ. Ингэснээр камерализм гэх шинжлэх ухааны мэдлэг хөгжиж, Polizei-г шинжлэх ухаан гэдэг утгаар нь ирээдүйн төрийн албан хаагчдад заах болжээ. Үр дүнд нь “Kameral –und Polizeiwissenchaften” бий болсон байна. Veit Ludwig von Seckendorff “Teutscher Fürsten–Stat” (1656 он), Johann Becher “Politische Discurs” (1668 он), Wilhelm von Schröder “Fürstliche Schatz– und Rentkammer” (1686 он) гэх гурван зохиол гарснаар шинэ захиргааны шинжлэх ухаан сонгодог утгаараа хөгжих болжээ» (Tribe June 1984, 263) гэжээ. Луизианагийн Улсын Их Сургуулийн профессор Дэвид Ф. Лэндинфильдийн үзсэнээр, камерализм нь Cameralia (улсын санхүү, төсөв), Oeconomie (эдийн засаг), Polizei (бодлого, захиргаа) гэх гурван салбар ухаанд хуваагдаж байв (Lindenfeld 1997, 18, 19).
Пруссын эзэн хаан I Фридрих Вилхэлмийн адайр ааш, этгээд зан камерализмын мэдлэгийн үүсэл хөгжилд онцгой ихээр нөлөөлсөн байна. Тэрээр шадар бараа бологчдоо “хувалз”, “илжиг”, “мунхаг боол”, “ноход” гэхчлэн хараан зүхдэг байжээ. “15 жилийн туршид шимэгчилж амьдрах атлаа хаан надад нэг ч хэрэг болохгүй зөвлөхөөр би яах юм бэ?” хэмээн хашгирдаг байсан гэдэг. Пруссын төрийн албанд удирдлагын болон захиргааны өндөр ур чадвар бүхий мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх үүднээс эзэн хаан I Фридрих Вилхэлм 1727 онд Халл, Франфурт-на-Ордэр хотын их сургуульд камералист тэнхим байгуулсан нь уг мэдлэгийн цаашдын өрнөлд үлэмжхэн нөлөө үзүүлжээ (Wakefield 2005, 311-320). Төрийн албанд ажиллах иргэдэд уламжлалт эрх зүй, туршлагад суурилсан боловсрол, сонгодог философи, байгалийн ухаан, аж ахуй эрхлэлт, уул уурхай, нягтлан бодох бүртгэл зэрэг эдийн засгийн мэдлэг олгодог байв (Lindenfeld 1997, 15-20). Халл их сургуулийн камералист ухааны профессороор 1727 онд Симон Питэр Гассер (Simon Peter Gasser, 1676-1745, “Einleitung zu den ökonomischen, politischen und Cameralwissenschaften” 1729),  Франфурт-на-Ордэр хотын их сургуульд Юустус Христоф Дитмар (Justus Christoph Dithmar, 1677-1731, “Einleitung in die oeconomischen, Polizei und Cameralwissenschaften”, 1731) нар тус тус томилогдсон (Wakefield 2005, 312).
Ингэснээр камерализм ганц Герман төдийгүй нийт Европын хэмжээнд эрчимтэй хөгжих болсон. Тухайлбал, 1752 онд Венийн их сургуульд, 1755 онд Хэттинген их сургуульд камералист тэнхим байгуулагдсан байна. XVIII зууны эцэс гэхэд Европын хэмжээнд камералист ухааны чиглэлээр нийтдээ 23 тэнхим байгуулагдсан байна (Backhaus 1993). Камерализмын чиглэлд бичигдсэн анхны томоохон бүтээл нь Шатл дахь эзэн хааны албат Николас де ла Марэгийн “Цагдаагийн тухай шастир” нэрт дөрвөн дэвтэр зохиол юм. Марэ уг зохиолдоо төрийн захиргаа гэдгийг хууль тогтоомж боловсруулж батлахын зэрэгцээ улс орны хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэх үйл явц мөн гэсэн санааг гаргасан байна. Хэдийгээр цагдаа гэх ойлголтыг бүрэн тодорхойлж чадаагүй боловч үйл ажиллагаа нь шашин шүтлэг, зан заншил, эрүүлийг хамгаалах, хүнс тэжээл, нийтийн дэг журам, зам харилцаа, худалдаа арилжаа, үйлдвэрлэл, хөлсний хөдөлмөр эрхлэлт гэсэн 11 хүрээнд хамаардаг болохыг онцолсон. Мөн Дьедонн фон Юсти, Жак Пеше, Жан Этьен Пюттер, Чарльз-Жан Боннен, Жан-Жильбэрт Имбэрт, Чарльз Дювейри, Йозеф фон Соненфель нарын олон эрдэмтдийн бүтээлийг дурдаж болох байна. Чарльз-Жан Боннен гурван дэвтэр “Төрийн захиргааны зарчмууд” бүтээлдээ захиргааны үйл ажиллагаа, эрх зүйд баримтлах 68 зарчмыг томьёолсон байдаг (В. М. Васильева, Е. А. Колеснева, И. А. Иншаков 2018, 30).
Камерализм нь шинжлэх ухааны мэдлэг болохын хувьд төрийн удирдлагын үйл ажиллагаа, түүний үр ашгийг дээшлүүлэхэд голлон анхаардаг байна. Хэдийгээр камералист ухааныг Германы сэтгэлгээнд суурилж үүссэн мэдлэг гэж үзэж болох ч зөвхөн германчуудтай хамааруулах, тэдний үзэл санаа төдийд авч үзэх нь учир дутагдалтай юм. Үүнтэй холбоотойгоор камералист үзэл санааны хөгжлийг гадны ном, зохиолд түрүү үеийн болон шинэ үеийн камерализм гэх хоёр үед хуваасан байдаг. Үүний зэрэгцээ камерализмд Германы болон Францын гэх хоёр томоохон дэг сургууль үүссэн байна. Германы дэг сургуулийн гол төлөөлөгчдөд Иоханн Хэнрих Готлиб фон Юсти, Робэрт фон Моль нар багтдаг бол Францын дэг сургуульд Н. Деламар, А. Ф. Прос де Руайе, Ж. Неккер нар орно.
Камерализм дотроо цагдаагийн ухаан нь өнөөгийн ойлголтоор захиргааны шинжлэх ухаан юм. Пруссын эзэн хаан II Фридрих «Ард түмэн ууж, идэхээ бусдаар заалгах өвчтэй хүүхэд адил» хэмээн хэлсэн нь чухамдаа тухайн цаг үеийн төрийн захиргааны зорилгыг тодорхойлсон явдал байв (Степановъ 1869, 4).
Камерализмд нийгмийн дэг журмыг хангах төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг бүхэлд нь “цагдаагийн эрх мэдэл” хэмээн тодорхойлсон байдаг. Цагдаагийн ухааныг үндэслэгчид болох Деламар, Юсти, Зонненфельс, Берг нарын үзсэнээр төрийн удирдлагын зохион байгуулалтын үндсэн зарчмыг тодорхойлж, нийгмийн сайн сайхан байдлыг хангахад төрийн арга хэрэгслийг хэрхэн үр дүнтэй ашиглах вэ гэдэгт хариулт эрэлхийлэхэд цагдаагийн ухаан чиглэгдэж байв (Гессена 1903, 17). Өөрөөр хэлбэл, үндэсний аюулгүй байдлыг хангах, ард түмний сайн сайхан байдлыг бий болгох, улсын баялагийг зузаатгахад цагдаагийн ухааны зорилго оршиж байлаа.
Үүнээс гадна, цагдаагийн ухааныг дотоод удирдлага нэрийн дор судалдаг байжээ.
Хэдийгээр захиргаа гэх ойлголтыг хэрэглээгүй боловч цагдаагийн ухаан агуулгын хувьд захиргааны ухаан мөн байсныг олон судлаачид онцолсон байдаг. Хөгжлийн явцад хүний мэдлэгийн төрлүүд тусгаарлах үйл явц эрчимжиж, цагдаагийн ухаан төрийн захиргаа, удирдлагын үйл ажиллагааг дагнан судлах болсон нь төрийн захиргааны ухаан төлөвшин бий болоход нөлөөлсөн байна.
Камерализмын Германы дэг сургууль
Камерализмын Германы дэг сургуулийн үндсэн бүтээл нь Иоханн Хэнрих Готлиб фон Юстигийн «Цагдаагийн шинжлэх ухааны үндсэн бүрдэл» (1756 он) зохиол юм. Юуны түрүүнд төрийн тухай камералист сургаалаа Юсти хүний жам ёсны эрхийн үзэл санаатай холбосон байна. Төр бол олон түмний холбоо мөн. Тиймийн учир төрийн сайн сайхан байдал гэгч угтаа олон түмний сайн сайхан байдал болно. Энэ л шалтгаанаар төрийн удирдлагын мэдлэгт нийтийн сайн сайхны байдлын тухай үзэл буюу цагдаагийн тухай ойлголт чухалчлагддаг.
Цагдаа буюу полици гэж юу вэ?
Готлиб фон Юсти полици буюу цагдааг 1. Байгууллагын тогтолцоо; 2. Арга хэмжээний нийлбэр цогц; 3. Хотын удирдлага хэмээн гурван янзаар ойлгож байв. Цагдаагийн үйл ажиллагааны бүтээмж төрийн засаглалыг хууль тогтоох, хяналт-шүүхийн, захиргааны гэх эрх мэдлийн гурван хэсэгт хуваарилах үйл явцтай салшгүй холбоотой. Үүний зэрэгцээ нийтийн сайн сайхан байдлыг бий болгоход үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, иргэдийн ёс суртахууны түвшин чухал гэдгийг онцолсон. Бүх улсын төрийн захиргаа нийтлэг зарчимд тулгуурлах бөгөөд нэгдсэн удирдлагатай байхын зэрэгцээ үйл ажиллагааны онцлогоос хамааран дөрвөөс таван яамтай тогтолцоо бүрдүүлэх нь нийцтэй гэсэн санааг гаргажээ (Юсти 1770).
Фон Юстигийн үзэл санааг Робэрт фон Моль «Эрх зүйт төрийн эхлэлтэй цагдаагийн ухаан» (1865-1868 он) бүтээлдээ уламжлан хөгжүүлсэн байна. Төрийн удирдлагын үндсэн зорилго нь нийтийн хүч, нөөцийг үр дүнтэй зохион байгуулах замаар хүн бүрт оюун санааны болон эд материалын сайн сайхан байдал бий болгоход оршино. Өөрөөр хэлбэл, хамгаалж, туслалцаа үзүүлэх нь төрийн захиргааны зорилго байх ёстой. Тэгвэл төрийн энэ зорилгод хэрхэн хүрэх вэ? Төрийн оролцоог аль болох бага түвшинд байлгах замаар хүрэх бололцоотойг Моль онцолсон байна. Өмнөх эрдэмтдээс ялгаатай нь тэрээр цагдаагийн эрх мэдлийг хэт өсгөвөл нийгэмд хөнөөл учруулж болохыг анхааруулсан байдаг. Хувь хүний бүтээлч чадварыг бүрэн дүүрэн хөгжүүлэхэд саад учруулах шинж чанартайг онцлохын зэрэгцээ хүний муу хүслийг хазаарлан барих, нийгмийн хэв журмыг хангахад цагдаа чухал үүрэгтэйг дурджээ (Моль 1871).  
Камерализмын Францын дэг сургууль
Ард түмний аз жаргал гэж юуг хэлэх, хэрхэн хэмжих тухайд тоймтой санал дэвшүүлээгүй боловч түүнд хүрэх хамгийн үр дүнтэй арга нь эд хөрөнгийн хангалуун байдал бий болгож, хүртээмжийг дээшлүүлэхэд оршино гэж үзэж байсан Христиан Томазий (Thomasius 1705), Х. фон Вольф (Wolff 1740-1748) нарын сургаал камерализмын үзэл санаанд шийдвэрлэх нөлөө үзүүлснийг судлаачид онцолдог. Шатл дахь эзэн хааны төлөөний түшмэл Николь Деламар 1705 онд «Цагдаагийн тухай шастир» нэрт зохиол гаргасан бөгөөд уг бүтээлдээ нийтийн ашиг сонирхолд хэрхэн үйлчлэх тухай асуудлыг эрх зүйн үүднээс авч үзсэн байна. Юуны түрүүнд, Деламар цагдаа гэх ойлголтыг олон янзаар тайлбарласан байдаг. Эртний Грек-Римын сэтгэгчид болон хуульчид цагдаа гэгчийг хот улсын төрийн байгуулал гэдгээр авч үзсэн бол XVIII зууны үеийн эрдэмтэд өөр талаас тайлбарлах болсныг онцолжээ. Францын захиргааны эрх зүйч Чарльз Луазогийн «Нийтийн сайн сайхны тусын тулд үйлчлэх үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйг» цагдаа хэмээн ойлгох байр суурийг дэмжсэн байна. Сэтгэл санаа, бие махбод, эд материалын хангалуун байдал бий болгоход төрийн зорилго оршино. Хэрхэн, ямар арга замаар хүрэх бололцоотой вэ? Хууль тогтоомж, бодлого, шийдвэр, тэдгээрийн хэрэгжилтийг хангах замаар хүрж болно (Mare 1705, 2).
Долоон боть «Шүүн таслах шийдвэрийн нэвтэрхий толь» номыг зохиогч, Лион хотын цагдаагийн дэслэгч Антуан Франсуа Прос де Руайе төрийн мэргэшсэн албан хаагч үйл ажиллагаандаа баримталбал зохих зарчмын тухай асуудалд онцгойлон анхаарсан байна. Тухайлбал, төсвийн зарлагаа хатуу хянах, үйл ажиллагаагаа журмаар зохицуулах, шийдвэрээ нарийн төлөвлөх зэрэг зарчмыг дурдсан. Эдгээр зарчмыг судлах мэдлэгийг “захиргааны шинжлэх ухаан” гэж нэрлэсэн бөгөөд хүнд тусгай сургуулиар эзэмшүүлэх шаардлагатайг онцолсон (Boulet-Sautel 1980, 59, 62).
XVI Людовигийн сангийн яамны сайд Жак Неккер төрийн байгуулал, төсөв санхүү, тэр дундаа баримт бичиг боловсруулах, статистик мэдээллийн товчоо байгуулах зэрэг асуудлаар хэд хэдэн бүтээл нийтлүүлсэн байна.
Төрийн захиргаа, удирдлагын мэдлэгийг бие даасан шинжлэх ухааны түвшинд авч үзсэн анхны эрдэмтэд бүгд камералист үзэлтнүүд байв. Ялангуяа Ж. Боннен энэ тал дээр онцгой дэвшил гаргасан байна.
Камерализмын зэрэгцээ төрийн захиргааны шинжлэх ухааны хөгжилд хүчтэй нөлөө үзүүлсэн өөр нэг мэдлэгийн төрөл нь улс төрийн философи болон меркантализм юм (В. М. Васильева, Е. А. Колеснева, И. А. Иншаков 2018, 27-29). Гэхдээ улс төрийн философийн олон мянган жилийн түүхийг сурах бичгийн хүрээнд дэлгэрүүлэн авч үзэх бололцоогүй бөгөөд ингэх ч шаардлага бага тул тойм төдийд доорх хүснэгтэд харуулав.  
Хүснэгт №1. Төрийн захиргаа, удирдлагын үзэл санааны дээжис
Сэтгэгчид
Тулгуур баримт
Онцлох үзэл санаа
1
Күнз
Лунь Юй (НТӨ 479 оноос хойш)
Төрийн удирдлагын үндэс нь албан хаагчдын ёс суртахуун мөн. Албат нараа эцгийн ёсоор энэрч, үлгэр дуурайл болно. Захиргааны зорилго нь сайныг хөгжөөхөд оршино.
2
Платон
Хуулиуд (НТӨ 354 оны орчим)
Зургаадугаар дэвтэрт эрх мэдэл хуваарилах санаа тусгагдсан байдаг. Тэрчлэн бага, дунд захиргааны албан тушаалын жагсаалт гаргасан байна. Төрийн албан тушаалтныг хэрхэн томилох, хүлээх үүрэг, хариуцлагын талаар тусгасан.
3
Аристотель
Улс төр (НТӨ 335-332 онууд), Афины төр (НТӨ 320-оод он)
Улс төр бүтээлийн 4, 6 дугаар дэвтэр, Афины төр зохиолын 54 дүгээр бүлэг. Аж ахуйн үйл ажиллагаа хянагчийн зэрэг дэв, хэрхэн томилогдох тухай дурдсан.
4
Н. Макиавэлли
Эзэн хаан (1513 оны орчим)
Хаан хүнд зөвлөх чадвартай шадар бараа бологчдын улс төрийн үүрэгт өндөр ач холбогдол өгсөн. Чигч шударга, өндөр бүтээлтэй байваас хөхиүлэн шагнахыг онцолсон.
5
Т. Хоббс
Левиафан (1651 он)
23 дугаар бүлэг- эрх мэдэл хуваарилах тухай: ерөнхий болон тусгай чиг үүргийн яамны сайд нарын бүрэн эрхийг хуваарилна. Ач холбогдлыг эзэн хаан тодорхойлно. Эзэн хаантай хамаарал бүхий биш бол доод тушаалыг түшмэд нөлөө багатай болно.
6
Ш. Л. Монтескье
Хуулиудын амин сүнс (1748 он)
Эрх мэдэл хуваарилах үзэл санаа: Цагдаа шүүхээс хараат бус орших бөгөөд журам сахиулах үйл эрхэлж, хууль цаазын зэрэгцээ хуульд нийцүүлж шийдвэр, тогтоол туурвина.
7
Ж. Ж. Руссо
Нийгмийн гэрээ буюу улс төрийн эрхийн зарчмуудын тухай (1762 он)
2 дугаар дэвтэр, 9 дүгээр бүлэг. Улс төрийн нэгжид үзүүлэх төрийн удирдлагын нөлөөлөл. Улсын газар нутаг өсөн нэмэгдэхийн хэрээр өргөжин хөгжиж буй төрийн албыг тэтгэх хүн амын албан татварыг цуглуулах үүрэг бүхий төрийн удирдлагын жин нөлөө нэмэгдэнэ. Төв засгийн чиг үүргийг орон нутгийн асуудлаас тусгаарлах хэрэгтэй.
8
Ж. Жэй, А. Хамилтон, Ж. Мэдисон
Холбооны үзэлтэн (1787-1788 он)
№ 27, 77-д Хамилтон доод тушаалын төрийн албан хаагчдыг сонгуулийн мөчлөгөөс хамааруулан өөрчлөөд байх албагүй гэдгийг онцолсон. № 17, 36-д татаасын зарчмыг тусгасан. Холбооны засгийн газраас илүүтэйгээр муж улсын засгийн газруудад орон нутгийн асуудлаа шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж үзсэн.
9
Ж. Боннен
Төрийн удирдлагын зарчмууд (1812 он)
Францчууд Бонненыг “төрийн захиргааны шинжлэх ухааны эцэг” гэж үздэг. Түүний бүтээл нь захиргааны дүрэм журмын эмхэтгэл болно. 3 дэвтэр, 708 хэсэг бүхий бүтээлдээ төрийн удирдлагын 68 зарчмыг тодорхойлсон. Төрийн албан хаагчдыг тусгайлан бэлтгэх, төрийн ажилд статистик тоо ашиглах шаардлага байгааг онцолсон.
10
Г. Ф. В. Хэгэл
Эрхийн философи (1821 он)
Төрийн удирдлагыг улс төрийн шинжлэх ухааны нэг дүр төрх гэж үзсэн. АНУ, Европын хувьсгалын жишээн дээр тулгуурлан бюрократи нь дарангуйллын эсрэг халхавч болдогийг дурдсан. 287-297 дугаар хэсэгт гүйцэтгэх эрх мэдлийн тухай бичжээ. Гүйцэтгэх эрх мэдлийн сарнимал чиг үүргийн дээд (эзэн хаанд), доод талдаа (төрийн албанд) нэгдсэн удирдлагад зангидах ёстой. Олон ургальч үзэл улс төрийн гэмт үзэгдлээс сэргийлдэг сайн талтай. Дундаж анги ноёрхсон оронд нийгмийн бүлгүүд төрийн албаа хянаж, авлигаас ангиж байж чаддаг байна.
11
АНУ-ын Сенатын тайлан № 88
1826 оны тавдугаар сарын 4 ны 19 дүгээр Конгресс, 2 дугаар чуулган
Төрийн албаны удирдлагын судалгаа: ерөнхийлөгчийн патронож томилгоог тодорхой хүрээнд хязгаарлаж, тэнцвэржилтийн тогтолцоо бүрдүүлэхийг чухалчилсан.
12
Э. Жексон
1829 оны анхдугаар жилийн тайлан
Төрийн албан хаагчдыг бүх насаар нь томилох явдал хариуцлагагүй байдал үүсгэнэ. Иймд улс төрийн харьцаанаас хамаарч өөрчлөгдөж байх нь зөв болно.
13
-
La revue administrative, 1839-1849 он, Франц улс
Төрийн удирдлагыг улс төр, аж үйлдвэр, худалдааны салбараас тусгаарлах хэрэгтэй. Төрийн удирдлага гэдэг нь хуулийн хэрэгжилтийг хангах явдал болно.
14
Э. Лабулэ (Edward Labuolaye)
Германид боловсрол, захиргааны тогтолцоо туршсан үе, 1843 он
Төрийн удирдлага, улс төрийн хүрээ харилцан тэгш байх ёстой. Гэхдээ уг хоёр хүрээнд боловсорч, мэргэшсэн албан хаагчид онцгой шаардлагатай.
15
С. Норткотт, Ч. Тревельян
Норткотт-Тревельяны баримт, 1854 он
Анги-давхарга баримжаалсан мерит тогтолцоог чухалчилсан. Олзны тогтолцоо нь үр ашиг муутай бөгөөд нийгэмд сөргөөр үнэлэгддэг. Төрийн албыг давхарга болон мэргэшсэн захиргааны албан хаагчдад хуваасан. Захиргааны албан хаагчдад тавигдах шаардлага нь их сургуулийн боловсрол юм. Норткотт, Тревельян нар төрийн албанд горилогчдоос мэргэшлийн шалгалт (1855 оны зургаадугаар сар) авах төрийн албаны комисс (1855 оны тавдугаар сар) байгуулсан.
16
Ж. Милль
Эрх чөлөөний тухай (1859 он), Төлөөллийн засаглалын тухай эрэгцүүлэл (1861 он)
Төрийн албаны хэт данхайлтаас болгоомжилж, орон нутгийн болон хувь хүний үйл хэрэгт төрийг оролцуулахгүй байхыг анхааруулсан. Ард иргэдээс хүчтэй чадвартан нараас бүрдсэн төрийн алба бий болгохыг чухалчилсан. Төвлөрлийг сааруулах замаар уг асуудлыг шийдвэрлэнэ гэж тооцоолсон. 1861 оны бүтээлдээ гүйцэтгэх эрх мэдлээ хууль тогтоох эрх мэдэл нь хянах тогтолцоог санал болгосон. Захиргааны удирдлагын хянах боломжгүй гэж үзсэн.
17
Т. Жэнкис (Thomas Jenckes)
АНУ дахь иргэний алба (1867 он, 39 дүгээр Конгресс, 2 дугаар чуулган, баримт № 8: 1868 он, 40 дүгээр Конгресс, баримт № 47)
Олзны тогтолцоо гэдэг нь төрийн албан хаагчдын ёс суртахууны асуудал болно. Түүнийг мерит тогтолцоогоор өөрчлөх шаардлагатай.
18
Д. Итон (Dorman B. Eaton), Ж. Кёртис (George William Curtis)
Их Британи дахь иргэний алба: алдаа дутагдал ба шинэтгэл, Америкийн бодлогод нөлөөлөх байдал (1880 он)
Нормандын байлдан дагууллаас 1879 он хүртэлх Их Британы төрийн албаны түүх.
19
Ч. Артур
Анхдугаар жилийн тайлан (1881 он)
Мерит тогтолцооны төлөө байсан. Бизнесийн сайн зарчмыг төрийн удирдлагад нэвтрүүлж, төрийн албан хаагчдын ёс суртахууны хариуцлага, бичиг үсгийн чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзсэн.
Эх сурвалж: (В. М. Васильева, Е. А. Колеснева, И. А. Иншаков 2018, 30)
Мэдээллийн эх сурвалж: Н. Отгонбаяр (2019). Төрийн захиргааны шинжлэх ухаан: Сурах бичиг, Ред: Д. Бүдсүрэн, “Удам Соёл” Хэвлэх Үйлдвэр, 27-37-р тал.

ЗАХИРГАА БА УЛС ТӨРИЙН ХАРИЛЦАА: ҮЗЭЛ САНААНЫ ТОЙМ

  Нэг. Удиртгал Төрийн захиргааны мэдлэг одоогоос 2500 орчим жилийн өмнө Энэтхэг, Хятад, Грек-Ром дахь философи сэтгэлгээний хүрээнд анхла...