Sunday, May 3, 2015

ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРГИЙН ШҮҮН ТАСЛАХ ЁС ЗҮЙ БУЮУ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЁС ЗҮЙ (CRIMINAL JUSTICE ETHICS OR POLICE ETHICS)



Бичвэрийг монголчлохын өмнө ёс суртахуун, ёс зүй гэж юу болох, ямар учраас өнөөгийн даяаршигдаж буй нийгэмд судлах хэрэгцээ үүссэн, цагдаагийн байгууллага гэж юу болох, хэрхэн үүссэн, цагдаагийн байгууллага ёс зүйтэй байх боломжтой юу гэх мэт олон асуултад тодруулга хийхийг хүсч байна.
Ёс зүй гэх үг нь эртний Грегийн ethos гэсэн хэллэгийн үүсгэл болно. Анхлан хүмүүсийн хамтын амьдралын тодорхой хэлбэрүүдийг илэрхийлж байгаад нийгмийн хөгжлийн явцад утга санаа өөрчлөгдөж ямар нэгэн юмс, үзэгдлийн тогтвортой хадгалагдах шинж чанарыг заах болжээ. Тухайлбал эртний Грегийн гүн ухаантан Хэраклит алив хүмүүний этос болбоос түүний бурханлаг чанар амой хэмээн сургасан нь үүнтэй холбоотой.
Этика буюу ethics(ёс зүй) хэмээх нэр томьёог шинжлэх ухааны эргэлтэнд оруулсан хүн бол эртний Грегийн гүн ухаантан Аристотель болно. Харин Грег хэлний ethics гэх үгийг латин хэлнээ хөрвүүлж Ромын нэрт гүн ухаантан Марк Туллий Цицерон moral гэсэн үгийг ашиглажээ. Аристотелийн этика гэж нэрлэсэн мэдлэгийн салбарыг Цицерон мораль философи хэмээн оночилсон хэрэг. Ингэхлээр сэтгэлгээний түүхийн явдцад moral болон ethics нь адил утгатай байсан гэсэн санаа урган гарч байна. Цаг хугацаа өнгөрөх тусам дээрх үгүүдийн утга санаа хувьсан өөрчлөгдөж хүний ёс зүйтэй байдлыг мораль буюу ёс суртахуун, ёс зүйт байдал буюу моралийг судлах мэдлэгийн төрлийг этика буюу ethics гэх болжээ.
Шинжлэх ухаан, техник, технологи өндөр хурдацтай хөгжиж, харилцан хамаарсах хандлага идэвхижиж байгаа өнөө үед нэг хүн, нэг байгууллага, нэг үндэстний асуудлыг дангааршин шийдвэрлэх боломжгүй болжээ. Нийгмийн хөгжлийн ийм үед ёс зүй онцгой ач холбогдолтой байдгийг орчин үеийн коммунитарист онолын томоохон төлөөлөгч болох А. Макинтайр онцолсон байна. Түүний энэ санааг олон судлаачид хүлээн зөвшөөрсөн байдаг.
Ромын нэрт гүн ухаантан Овидий «Сайн сайхан зүйлийг мэдэрлээ, харлаа, гэхдээ энэ тэнэглэл хөнөөлтэй»хэмээн бичжээ.Бид сайн сайхан зүйлийг мэдэрдэг, юу нь сайн, юу нь муу болохыг ойлгодог. Гэхдээ бодот амьдралдээр энэ бүхэн төдийлөн ач тусаа өгдөггүй. Хүн бол утилитари шинжтэй өөрөөр хэлбэл өөртөө ямагт дээд зэргээр ашиг эрэлхийлж байдаг амьтан юм. Орос, Англи, Монгол ялгаагүй бүх хүнд энэ шинж түгээмэл байдаг. Гэтэл ёс зүй, ёс суртахуунтай байх явдал үүнд харшилна. Одоо бид яах ёстой вэ?
Цагдаагийн байгууллага буюу police хэмээх үг нь эртний Грегийн πολιτεία (politiki)-төр, нийгмийн үйл хэрэг гэсэн хэллэгийн үүсвэр юм. Policeхэмээх үгийг Саксоны канцляр асан Мельхиор фон Осса 1450 онд анх удаа хэрэглэжээ. Сүүлийн таван зуун жилийн туршид энэ нэр томьёоутга санааны хувьд янз бүрээр хувьсан өөрчлөгдөж ирсэн.
1786-1790 онуудад Францын өмгөөлөгч Никола Туссэн дэз Эссар «Цагдаагийн удирдлагын ерөнхий толь бичиг» (Dictionnaireuniversel de police) зохиолдоо «Цагдаагийн удирдлага гэдэг нь хүмүүсийг нийтийн ашиг тусын тулд сайн сайхнаар удирдан жолоодох шинжлэх ухаан мөн» гэж бичжээ. 1705 онд Францын эрдэмтэн Никола дэ Ламарын «Цагдаагийн байгууллагын тухай шашдир» бүтээлд мөн л дээрхийн нэгэн адил санаа тусчээ. Ингэхлээр цагдаагийн байгууллага гэдгийг нийгмийг удирдан жолоодох, төрийн хууль шийдвэрийг хэрэгжүүлэх, ард олныг сайн сайхан амьдралд хүргэх үндсэн хүч гэж ойлгож байсан нь дээрх хоёр бичвэрээс харагдаж байна. Өөрөөр хэлбэл төрийн удирдлага, төрийн захиргаа гэдгийг өгүүлэн буй үед цагдаагийн байгууллагаар төлөөлүүлэн ойлгодог байжээ. Иймдээ ч төрийн захиргаа, удирдлагын ухааны анхны үзэл санааны эх суурь гэх камерализмд цагдаа, цагдаагийн байгууллагыг онцгойлон судлаж байсан биз ээ.
Тэгвэл орчин үеийн цагдаагийн байгууллагын тухай ойлголт хэдий үед үүссэн бэ?
1829 онд өнөөгийн Англи улсын нийслэл Лондон хотод Робэрт Пилийн санаачлагаар цагдаагийн алба анх байгуулагджээ. Энэ байгууллагын үйл ажиллагааны «Пилийн арван зарчим» нэрт дүрмийн гол зорилго нь нийгмийн хэв журмыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх явдал байв. Чухам энэ үеэс орчин үеийн цагдаагийн алба үүсч хөгжсөн түүхтэй. Гэхдээ энэ баримтыг бас туйлчлан үзэж болохгүй юм. Учир нь бүр манай тооллын өмнөх үед эртний Энэтхэг, Грег (Чөлөөлөгдсөн боолуудаас бүрдсэн алба), Ром (Вигирийн Алба, Станци), Нанхиад(Эзэн хааны шадар цэргийн алба), Мисир(Чати түшмэл тэргүүлсэн торгон цэргийн алба), Сүмбэр, Вавилон зэрэг газруудад самуун хэргийг даран сөнөөх, нийгэмд амар тайван байдлыг хангах үүрэгтэй тусгай албад ажиллаж байсан тухай түүхчид өгүүлсэн байдаг. Үүнийг цагдаагийн албаны жинхэнэ үүсвэр гэж үзэж болох талтай.
Цагдаагийн байгууллага ёс зүйтэй байх боломжтой юу?
Цагдаагийн байгууллага ёс зүйтэй байх бүрэн боломжтой. Цагдаа, шүүх байгууллагын зүгээс хууль тогтоомж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх, хэрэгжүүлэх явцад баримтлах ёс зүйн хэм хэмжээг судалдаг салбар ухааныг эрүүгийн гэмт хэргийн шүүн таслах ёс зүй буюу цагдаагийн байгууллагын ёс зүй гэж нэрлэдэг байна. Эрүүгийн гэмт хэргийн шүүн таслах ёс зүй хэрэглээний буюу хавсрага ёс зүйн (In English: Applied Ethics, по Русский: Прикладная этика), тэр дундаа мэргэжлийн ёс зүйн зүйл ангид багтдаг.
Цагдаа, шүүх байгууллагад ажиллаж буй ажилтан албан хаагчдад ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх зайлшгүй шаардлага урган гардаг бөгөөд ёс зүйн хэм хэмжээг сахиж мөрдснөөр цагдаа, шүүх байгууллага нийгмийн хэм хэмжээ, үнэлэмжээс гажихгүй байх баримжаа олж авдаг байна. Ингэснээр цагдаа, шүүх байгууллагын үйл ажиллагаанд итгэх олон түмний итгэл сайжирах, тэдгээрийн хооронд итгэлцэл бэхжих сайн талтай[1].
Цагдаагийн байгууллагын ёс зүй нь эрүүгийн нөхцөл байдлыг үр дүнтэй хянах боломж олгодог хууль, шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх тогтолцооны суурь үндэс болдог байна[1]. Хууль, ёс зүйг зөв хослуулснаар цагдаагийн байгууллагын ажилтнуудад өөрт оногдсон чиг үүргээ нэр төртэйгээр хэрэгжүүлэх боломж олгоно. Өөрөөр хэлбэл хуулиар олгогдсон онцгой чиг үүргээ (хүч хэрэглэх, албадан саатуулах, дайчлан баривчлах гэх мэт) хэрэгжүүлэхэд ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлснээр цагдаагийн байгууллага, цагдаагийн мэргэжлийн нэр хүнд дээшлэх нөхцөл бүрддэг байна.[2]
Агуулга
Үнэлэмж
Үнэлэмж (Values) гэдэг нь ёс зүйн үзэл санааны хэлбэрээр илрэх зан байдал, хэм хэмжээний нийлбэр цогц юм.Харин хувь хүний үнэлэмж гэдэг нь тухайн хүний амьдралын туршлага, ертөнцийг үзэх үзэл, шашин шүтлэг, соёлын онцлог, мэргэжлийн шинж төлвийг тусгаж өгдөг зүйл болно.[3]Хамт олны үнэлэмж нь хүмүүсийг нийгмийн соёл, итгэл үнэмшилд ойртуулах жижиг, том хамтлагуудын дотоодод баримтлах ёс зүйн дүрэм журам юм.[3]Хувь хүний үнэлэмж дахин давтагдашгүй бөгөөд энэ ч утгаараа мэргэжлийн ёс зүйн суурь үндэс болж чаддаггүй.[3]Ёс зүй гэдгийг бид юу нь сайн, юу нь муу болохыг зааж өгсөн хувь хүн болон нийгмийн бүлгүүдийн ёс суртахууны цогц үнэлэмж мөн гэж тодорхойлж болох юм.[4]Саяын дурдсан зүйл дээр тулгуурлан цагдаагийн байгууллагын ёс зүй гэдгийг нийгэмд юу нь буруу, юу нь зөв болохыг ялган салгаж, хуулийг хэрэгжүүлэх явдцаа баримтлах хууль сахиулах ажилтнуудыг дагаж мөрдвөл зохих зан байдлын удирдамж, заавар хэмээн ойлгож болох юм. Ёс зүйн хэм хэмжээ болон хууль тогтоомжийн үзэл санаа зарим талаар хоорондоо зөрчилдөх явдал байдаг.[4]Гэтэл хууль бол төрийн зүрх сэтгэл нь шүү дээ. Энэ тохиолдолд цагдаагийн байгууллагын ажилтан хэрхвэл зохих вэ? Цагдаагийн байгууллагын ажилтнуудын хувьд эр зоригтой байх (courage), үнэнч шударга байх (allegiance), нэр төртэй байх явдал (integrity) мөн адил ёс зүйн хэм хэмжээнд багтдаг.[5]
Ёс зүйн дүрэм журам
Хууль сахиулах байгууллагын ажилтнууд ёс зүйн дүрэм журмыг цагдаагийн байгууллагын ажилтны ёс зүйн ерөнхий хандлагад нийцүүлж хэрэгжүүлэхийг илүүд үздэг.[6]Хэрэв албан хаагч бүр үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллавал ёс зүй үр дүнтэй байхсан. Гэтэл цагдаагийн ажилтнууд ажил мэргэжлийн онцлог нэрийн дор ёс зүйн хэм хэмжээг сахихаас зайлсхийх, булзааруулах хандлага байнга гаргадаг.[4]
Ёс зүйн дүрэм журам нь хууль сахиулах байгууллагын ажилтнуудад албан тушаалын байдлаа урвуугаар ашиглахгүй байх, үйл байдлаа хянах боломж олгодог давуу талтай.[7]Зарим нэг улс оронд нийт улс орны хэмжээнд нэгдсэн ёс зүйн стандарт боловсруулж мөрдүүлэх явдал байхад өөр нэг хэсэг оронд цагдаагийн байгууллага алба бүр өөрийн гэсэн ёс зүйн дүрэмтэй байхыг дэмждэг. Тухайлбал Англи улсад 2014 оны дөрөвдүгээр сард[8] ёс зүйн нэгдсэн стандарт боловсруулж нэвтрүүлсэн байхад АНУ-д эсрэгээр, Цагдаагийн Байгууллагын Дарга Нарын Олон Улсын Холбооноос гаргасан ёс зүйн дүрмийг баримталдаг.[9]
Цагдаагийн байгууллагын ажилтнууд ёс зүйн хувьд доголдох болсноор олон нийтийн итгэл унах, хэрэгжүүлж байгаа ажлын нэр хүнд муудах, цагдаагийн байгууллага олны хэл аманд өртөх зэрэг муу үр дагавартай байдаг.[10]
Цагдаагийн Байгууллагын Дарга Нарын Олон Улсын Холбоо
Цагдаагийн Байгууллагын Дарга Нарын Олон Улсын Холбоо (International Association of Chiefs of Policeor IACP) нь дэлхийн 68 улсын 14000 гишүүнийг эгнээндээ нэгтгэсэн дэлхийн хэмжээний цагдаагийн дагнасан холбоо юм.[11]Энэхүү байгууллагын нэг зорилго нь хууль хэрэгжүүлэх, сахиулах байгууллагуудад ёс зүйн төлөвшил бий болгох явдал болно.[12]1995 оноос хойш энэ байгууллагын бүрэлдэхүүнд гишүүн орнуудынхаа цагдаагийн байгууллагын ёс зүйн асуудлыг хариуцах дэд хороо ажиллах болжээ.[12]Энэ хорооноос гаргасан ёс зүйн тогтоолуудад хууль сахиулах, цагдаагийн байгууллагуудын тангарагийн бичигт тэрчлэн давтан сургалтад ёс зүйн хэм хэмжээг оруулах буюу заах замаар ёс зүйн хувьд тасралтгүй хөгжих нөхцлийг бий болгох хэрэгтэй гэж заажээ.[12]
Цагдаагийн Байгууллагын Дарга Нарын Олон Улсын Холбооны ёс зүйн дүрмийг гишүүн улс бүр дагаж мөрдөх үүрэгтэй байдаг.[11]Ёс зүйн дүрмийн эхний таван хэсэгт Цагдаагийн Байгууллагын Дарга Нарын Олон Улсын Холбооны гишүүн улсууд дагах учиртай ёс зүйн үндсэн номлолыг тусгасан байна.[11]Харин зургаагаас арван дөрөвдүгээр хэсэгт хэрэгжилтэд хамааралтай ёс зүйн стандартуудыг багтаасан байдаг.[11]
Нэгдсэн Үндэстний байгууллага
 Хууль сахиулах байгууллагын ажилтнуудад зориулсан Нэгдсэн Үндэсний Байгууллагын дүрэм нь 1979 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Чуулганаар батлагдсан цагдаагийн байгууллагын ёс зүйн нэгдсэн стандарт юм.[2][13]
Уг дүрмийг НҮБ-ын гишүүн улсууд нэгдэн орсноор хууль тогтоомжийнхоо хүрээнд өөрчлөлт оруулах замаар даган биелүүлэх үүрэг хүлээдэг.[14]
Цагдаагийн байгууллагын ёс зүйг сургалтаар эзэмшүүлэх тухайд
Цагдаагийн албан хаагчид ёс зүйн стандартыг сургалтаар олж авдаг.[6]Ёс зүйн сургалт нь цагдаагийн ажилтнуудыг тодорхойгүй, таагүй нөхцөлд ажил үүргээ хэрэгжүүлэхдээ ёс зүйтэй байх дадал чадварт сургадаг байна.[6]Сургалтанд дараах зүйлсийг анхаарсан байх учиртай. Үүнд:[6]
·         Асуудлын ёс зүйн шинжийг түргэн хугацаанд ухамсарлан ойлгох чадвар:
·         Асуудлыг олон талаас хянан үзэж шийдвэрлэх чадвар:
·         Асуудалд ёс зүйн талаас шийдвэр гаргах чадвар:
·         Ёс зүйтэй ажиллах, ажил үүргээ биелүүлэх чадвар:
·         Нөхцөл байдлаас гарах үр дагаварыг хариуцах чадвар:
АНУ-ын Хууль Зүйн Яамнаас 2009 онд “Цагдаа, олон нийтийн дунд итгэлцлийг бэхжүүлэх нь” нэрт судалгаа явуулсан байх бөгөөд уг судалгааны явцад цагдаа, олон нийтийн дунд таатай уур амьсгал бүрдэхэд ёс зүй суурь ач холбогдолтой гэсэн санаа батлагджээ.[15]
Америкийн Нэгдсэн Улсад
АНУ-ын томоохон хууль, эрх зүйн баримт бичгүүдэд хууль сахиулах ажилтнуудын үйл ажиллагаандаа баримтлах ёс зүйн хэм хэмжээний тухай тодорхой заасан байдаг. Мөн цагдаагийн албадууд дах ёс зүйн стандартыг хэмжих арга аргачлалыг ч нарийн тусгаж өгчээ.[2]Тухайлбал Америкийн Цагдаагийн Байгууллагын Холбоо (theAmerican Federation of Police)-ноос 1957, 1966 онуудад гаргасан Хууль Сахиулах Үйл Ажиллагааны Ёс Зүйн Дүрэм (Law Enforcement Code of Ethics)-д энэ талаар тодорхой заажээ.[2]Хууль Сахиулах Үйл Ажиллагааны Ёс Зүйн Дүрэмд 1989 онд Цагдаагийн Байгууллагын Дарга Нарын Олон Улсын Холбоо өөрчлөлт оруулсан байна.[2][16]АНУ-д үндэсний хэмжээний цагдаагийн байгууллагын ёс зүйн нэгдсэн дүрэм журам байхгүй бөгөөд мэргэжлийн холбоодоос гаргасан ёс зүйн стандартуудыг цагдаагийн байгууллага, албадын тангарагийн бичиг (oath of office)-т оруулах замаар хэрэгжүүлдэг байна.[2]
НЭМЭЛТ УНШИХ МАТЕРИАЛ
  • Criminal justice (Эрүүгийн гэмт хэргийг шүүн таслах үйл ажиллагаа)
  • Police (Цагдаа, хууль сахиулах байгууллага)
  • Police oath (Цагдаагийн байгууллагын тангараг)
  • Police academy (Цагдаагийн Академи)
  • Police misconduct (Цагдаагийн байгууллагын хууль зөрчсөн балмад ажиллагаа)
АШИГЛАСАН ЭХ СУРВАЛЖИЙН ЖАГСААЛТ
1.     "Ethics and Integrity". U.S. Department of Justice.
2.     Chuck Klein (2005). "Police". In Mitcham, Carl. Encyclopedia of Science, Technology, and Ethics. Charles Scribner's Sons, Macmillan Reference USA. ISBN 0-02-865991-0.
3.     Timothy Roufa. "Ethics in Law Enforcement". About.com Criminology Careers.
4.     Klein, Chuck (2000). Lines of defense: Police ideology and the Constitution. Institute of Police Technology and Management. ISBN 978-1884566400.
5.     Chuck Klein (October 23, 2012). "Police Ethics: The Creed". PennWellCorporation,Law Officer.com.
6.     Captain Tag Gleason (November 2006). "Ethics Training for Police". Police Chief Magazine.
7.     Van Slyke, Jeffery Matthew (December 2007). POLICE ETHICS TRAINING: PREFERRED MODES OF TEACHING IN HIGHER EDUCATION LAW ENFORCEMENT (treatise). The University of Texas at Austin.
8.     O’Neill, Sean (April 24, 2014). "Ethics code for police". The Times (London, England: NI Syndication Limited).
9.     DeShon, Richard W. (March 31, 2000). Police Officers Oath of Office and Code of Ethics- A Question of Knowledge (Thesis). Eastern Michigan University School of Police Staff and Command.
10.  Fitch, Brian D. (October 2011). "Focus on Ethics: Rethinking Ethics in Law Enforcement". FBI Law Enforcement Bulletin.
11.  "Police Code of Ethics". World Encyclopedia of Police Forces and Correctional Systems. Ed. George Thomas Kurian. 2nd ed. Detroit. 2007.
12.  Ethics Training Subcommittee of the IACP. "Ethics Training in Law Enforcement". International Association of Chiefs of Police.
14.  "Resolutions Adopted on the reports of the Third Committee" (PDF). The United Nations. December 1979.
15.  United States Department of Justice (October 2009). Building Trust Between the Police and the Citizens They Serve: An Internal Affairs Promising Practices Guide for Local Law Enforcement (PDF) (Report). Sponsored by the International Association of Chiefs of Police.
16.  Grant, J. Kevin (December 2002). "Ethics and Law Enforcement". FBI Law Enforcement Bulletin71 (12): 11–14.
ЭХ СУРВАЛЖ: CRIMINAL JUSTICE ETHICS \\ WWW.EN.WIKIPEDIA.ORG\WIKI\CRINIMAL_JUSTICE_ETHICS
ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ Нямаагийн ОТГОНБАЯР 
OTGONBAYAR Nyamaa is a doctoral student (PhD) in Public Management at the School of Management at the National Academy of Governance & Management and regular lecturer ofPolitical Studies and Mongolian History at the Institute Preschool Education of the Mongolian State University of Education. He has an undergraduate degree in political studies from the National University of Mongolia (2003) and received a master’s degree in democracy and democratization from the National University of Mongolia (2005). He is the author or co-author of more than 20 articles and books. He taught at the University of Ulaanbaatar, Public Complex School HUMUUN and higher institute HANGAI. His general research interest is factor analysis administrative reform in developing countries.

No comments:

Post a Comment

ЗАХИРГАА БА УЛС ТӨРИЙН ХАРИЛЦАА: ҮЗЭЛ САНААНЫ ТОЙМ

  Нэг. Удиртгал Төрийн захиргааны мэдлэг одоогоос 2500 орчим жилийн өмнө Энэтхэг, Хятад, Грек-Ром дахь философи сэтгэлгээний хүрээнд анхла...