Компани юм уу корпорацийн тухай ойлголтыг нийгмээс саланги, тусгаар авч
үзэх бололцоогүй юм. Учир нь компани юм уу корпорацийн үйл ажиллагааны өрнөл
хөгжил, эсвэл бууралт, доройтол нийгэм, сонирхогч талуудын эрх ашиг, сонирхлоор
нөхцөлдсөн байдаг. Бизнесийн байгууллага зөвхөн ашгийн төлөө ажиллах ёстой
гэсэн ойлголт агуулга, хэлбэрийн хувьд цаг үедээ нийцэхээ байж, харин ёс
суртахуунтай үйл ажиллагаа эрхлэх, ажилтантайгаа нээлттэй харилцах, хууль
тогтоомжийг сахин биелүүлэх, нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн байх зэргийг
чухалчлах болжээ. Ингэснээр стратеги төлөвлөлт боловсруулах, түншлэгчдээ
сонгох, брэнд хөгжүүлэлт хийх зэрэг бизнесийн салбарт амжилттай ажиллах нөхцөл
бүрддэг байна.
Энэ мэт обьектив эрэлт, хэрэгцээнд тулгуурлан XX
зууны эхэн болон дунд үеэс бизнесийн салбарынхан хууль тогтоомжийн хүрээнд үйл
ажиллагаагаа эрхлэх төдийгүй нийгмийн талаар нэмэлт үүрэг хүлээх ёстой гэдгийг
урхамсарлан ойлгох болжээ. Үүнтэй зэрэгцээд 60, 70-аад оны үед Өрнөдийн
орнуудад иргэний нийгэм, байгаль орчныг хамгаалах хөдөлгөөн, хэрэглэгчдийн эрх
ашгийг хамгаалагчид зэрэг нийгмийн олон нийтийн зүгээс бизнесийн салбарт үйл
ажиллагаа эрхлэгчид нийгмийн хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй гэж үзэх болсноор
компанийн нийгмийн хариуцлагын тухай ойлголт төлөвшин аажимдаа сайн дурын
үндсэн хэрэгжих хөрс бүрдсэн байна.
Америкийн нэр цолгорсон эдийн засагч, Клерментон
болон Йова Их Сургуулийн профессор Ховард Ротмэн Боуэн (1908-1989
он) 1953 онд “Social Responsibilities for the Businessman” бүтээлдээ “компанийн
нийгмийн хариуцлага” гэх ойлголтыг шинжлэх ухааны хэрэглээнд анх нэвтрүүлсэн
байна. Тэрээр өөрийн үйл ажиллагаа, бодлого, шийдвэр, төлөвлөгөөний төлөө
бизнес эрхлэгч хүн бүр нийгмийн өмнө хариуцлага хүлээх үүрэгтэй гэж үзсэн.
Өөрөөр хэлбэл, өөрийн үйл ажиллагааны үр нөлөөг бизнес эрхлэгч хүн нийгмийн
өмнө хүлээнэ гэдгийг онцолжээ (Bowen 2013).
Энэ бол компанийн нийгмийн хариуцлагын талаарх анхны тодорхойлолт юм (Justyna Dyduch & Joanna Krasodomska 2017, 1).
Энэ үеэс компанийн нийгмийн хариуцлага гэж юуг хэлэх
тухайд судлаачид янз бүрийн байр суурь илэрхийлсээр иржээ.
Ингэхэд компанийн нийгмийн хариуцлага гэж юуг хэлэх
вэ?
Харвардын Бизнесийн Сургуулийн захирал Уоллс Б. Донхам
(Wallace B. Donham) 1929 онд “Хэрвээ бид түүхийн хуудсыг сөхөн харвал бизнесийн
байгууллага хэдэн зуун жилийн тэртээ үүссэн болохыг мэдэж болно. Гэвч бидний
мэдэх бизнесийн байгууллага цоо шинэ зүйл юм. Учир нь бизнесийн байгууллагын
үйл ажиллагаа дэлгэр хүрээг хамарч, түүний нөлөөлөл нийгэмд хүчтэй тусах
болсон. Бизнесийн байгууллагын энэ өөрчлөлтийг хэрхэн удирдан зохицуулах вэ?
Хариулт нь компанийн нийгмийн харицлага мөн” (BRASS Centre 2007) хэмээн бичиж байжээ. Өөрөөр хэлбэл, бид
компанийн нийгмийн хариуцлага гэх ойлголтыг 1900 оноос өмнөх болон 1900 оноос
өнөөг хүртэлх гэх хоёр үе шатын хүрээнд авч үзэх болсон (Asongu 2007).
1994 онд Ж. Элкингтон компанийн нийгмийн хариуцлагатай холбоотойгоор «triplebottomline» гэх
ойлголтыг шинжлэх ухааны хэрэглээнд нэвтрүүлсэн байна. Харамсалтай нь, уг нэр
томьёо монгол хэлнээ төдийлөн дэлгэр хэрэглэгдэж чадсангүй. Үндсэн санаа нь
компани, аж ахуйн нэгж эдийн засагт ашиг бүтээж, амжилтад хүрэх түлхүүр нь
эдийн засаг, байгаль орчин, нийгмийн салбарт «people, planet, profit» эрх ашгийг
хангахад оршино үздэг байна (В. Я. Горфинкель, Н. В. Родионова 2019).
Одоогоос 4000 орчим жилийн өмнө эртний Хоёр мөрний
улсын лугалье Яхрурум овгийн зургаа дахь хаан Хаммурабийн засагчлах бичигт
орчин цагийн хэлээр компанийн нийгмийн хариуцлагатай хамаатуулж болох
зохицуулалт орсон байдаг. Тухайлбал, барилга баригч болон аж ахуй эрхлэгч хэн
боловч үйл ажиллагаа хөтлөн явуулахдаа газар орны иргэдийн эрх ашгийг чухалчлах
учиртай. Эс бөгөөс гэм буруутай этгээдэд цавчин алах ял оноочлоно гэж заасан
байдаг. Грекийн гүн ухаантан Аристотель нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах үйл
явцыг судлаад эдийн засгийн, хууль эрх зүйн, ёс зүйн гэсэн харилцааны гурван
хүрээнд илэрч болохыг бүтээлдээ дурдсан байна (В. Я. Горфинкель, Н. В. Родионова 2019, 21, 22). Ромын эзэнт гүрний
үед дайн, тулаанд нэрвэгдсэн ард, олныг энэрч тэтгэхийг бизнесийн байгууллагад
хариуцуулж байсан баримт байна (BRASS Centre 2007). “Компанийн нийгмийн хариуцлага нэн
эртний түүхэн улбаатай. Зуун зууны туршид бизнесийн байгууллагын зүгээс нийгэмд
үзүүлсэн нөлөөллийн тухай баримт олон байдаг” (A. B. Carroll, Corporate social responsibility: Evolution of a
definitional construct 1999).
Кэйт Дэвис, Робэрт Л. Бломстум нар “Юуны түрүүнд,
нийгмийн хариуцлага нь нийгэмд үзүүлэх өөрийн үйлдэл, шийдвэрийн үр нөлөөг хүн
тооцоолох үүргийг хэлнэ. Өөрийнх нь үйл ажиллагаа бусдын эрх ашгийг хөндсөн
тохиолдолд бусдын эрэлт хэрэгцээ, ашиг сонирхлыг тооцон үзэж буй үйлдвэр
эрхлэгчийг нийгмийн хариуцлагатай гэж үзэж болно. Мөн чанартаа, пүүсийн эдийн
засгийн болон техникийн явцуу эрх ашгаас ангид ажиллахыг хэлнэ” (Davis, K., & Blomstrom, R. L. 1966) хэмээн нийгмийн
хариуцлагыг тодорхойлсон байна. Кэйт Дэвисийн зүгээс өөрийн үзэл баримтлалыг
1967 онд дахин нягталж, “Бусдын эрх ашгийг хөндсөн тохиолдолд өөрийн үйлдлийн
ёс суртахууны үр дагаврыг тооцоолдог байх нь нийгмийн хариуцлага мөн” (Davis
Winter 1967, 46)
гэж үзжээ. Кэйт Дэвис, Робэрт Л. Бломстум нарын судалгааны дүгнэлтэд тулгуурлан
Кларэнс С. Уолтон бизнес эрхлэгчид нийгмийн өмнө хүлээсэн үүргээ үр дүнтэй
хэрэгжүүлэх эсэх нь тухайн бизнес эрхлэгчдийн зүгээс эдийн засгийн харилцаанд
амжилт гаргахад нөлөөлдөг. Иймд компанийн топ менежерүүд хүссэн, хүсээгүй
нийгмийн хариуцлагыг чухалчилж үздэг шаардлагатайг онцолжээ (Walton 1967, 18).
Канзас Хотын Их Сургуулийн профессор Уильям Криттэндэн
Фрэдэрик “Нийгмийн хариуцлага нь бизнес эрхлэгч этгээд нийгмийн зүгээс ирж буй
хүлээлтэд нийцүүлж эдийн засгийн үйл ажиллагааг хяналттай явуулахыг хэлнэ. Энэ
бол нийгэм-эдийн засгийн ерөнхий таатай нөхцөлийг бий болгох замаар үйлдвэрлэл,
баялагийн хуваарилалт хийхдээ ашиглах эдийн засаг дахь үйлдвэрлэлийн арга
хэрэгсэл юм. Нийгмийн хариуцлага нь эцсийн эцэст нийгмийн эдийн засгийн болон
хүн хүчний нөөцөд хандах харилцаагаар тодорхойлогдох бөгөөд эдгээр нөөцийг хувь
хүний юм уу бизнесийн байгууллагын явцуу эрх ашигт бус, нийт нийгмийн эрх ашигт
нийцүүлж ашиглахад бэлэх байхыг хэлнэ” (Frederick 1960, 60) гэж тодорхойлжээ.
Йоллионсийн Их Сургуулийн профессор Жозэф В. МаГуайр
“Нийгмийн хариуцлагын үзэл санаа нь компани эдийн засаг, хууль, эрх зүйн
үүргээс гадна эдгээр үүргийн хүрээнд нийгмийн өмнө тодорхой хариуцлага хүлээдэг
гэдэгт оршино” (McGuire 1963) гэжээ.
Цахим сүлжээнд Wikipedia компанийн нийгмийн хариуцлагын талаар нэлээд
үндэслэлтэй тодорхойлолт гаргасан байдаг. Компанийн нийгмийн хариуцлага гэдэг
нь “хэрэглэгч, ажил эрхлэгч, сонирхогч талууд, цаашлаад нийгэм, олон нийт,
байгаль хамгаалагчид, тэдгээрийн үйлдэлд үйл ажиллагаагаа нийцүүлж явуулах
компани, ялангуяа корпорацийн үүргийг хэлнэ” (Asongu 2007)
гэжээ.
Жоржиа Их Сургуулийн профессор Арчи Б. Кэрролл
“Бизнесийн нийгмийн хариуцлага нь тухайн цаг үед нийгмийн зүгээс байгууллагад
хүлээлгэж буй эдийн засгийн, эрх зүйн, ёс суртахууны болон нэр хүндийн үүргийг
хэлнэ” гэж тодорхойлсон (A. B. Carroll, A Three-Dimensional Conceptual Model of Corporate
Performance 1979, 500). Үүний зэрэгцээ компанийн нийгмийн
хариуцлагыг эдийн засгийн, хууль, эрх зүйн, ёс суртахууны, сайн үйлсийн гэх
дөрвөн шаталсан хүрээнд авч үзсэн байна (A. B. Carroll, The Pyramid of Corporate Social Responsibility: Toward
the Moral Management of Organizational Stakeholders 1991). Хариуцлагын
суврагыг дараах зургаас харж болно.
Майкл Е. Портэр, Марк Р. Крэмер нар компанийн нийгмийн
хариуцлагыг нийгмийн эрх ашигт нийцэж ажиллах гэдгээр ойлгосон байна (Michael E. Porter & Bark R. Kramer December
2006).
Харин судлаач Лорд Холмэ, Ричард Уаттс нар компанийн нийгмийн хариуцлага
гэдгийг “(….) ажиллах хүч, түүний гэр бүл, орон нутгийн, цаашлаад нийгмийн
амьдралын чанарыг сайжруулж, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах замаар
ёс зүйтэй бизнес эрхлэх үүргийг (…) хэлнэ гэж тодорхойлжээ (Lord Holme & Richard Watts 2000). Тогтвортой Хөгжлийн
Дэлхийн Бизнес Зөвлөлийн зүгээс “Бизнес үйл ажиллагаа болон хөгжилд ашигтайгаар
ажилтан, түүний ар гэр, орон нутаг, цаашлаад нийгэмтэй харилцаж, эдийн засгийн
тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах бизнесийн үүргийг ...” компанийн
нийгмийн хариуцлага гэж үзсэн байна (SDU 2007).
Их Британид суурилсан худалдааны бүлэглэл болох Захирлуудын Хүрээлэнгээс
“Компанийн нийгмийн хариуцлага нь нийгэм, хүрээлэн буй орчинд үзүүлж буй
нөлөөллийг удирдах эрх зүйн хүрээнд ажиллаж буй үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд
хамараалтай юм. Нарийвчлан авч үзвэл байгууллагын зүгээс ажилтантайгаа,
хэрэглэгч, түншүүдтэйгээ, нийгэм, хүрээлэн буй орчинтой харилцах харилцаагаар
илэрч болно” (Lea 2002, 10) гэжээ.
Компанийн нийгмийн хариуцлагын
тухай ойлголт дээр дурдсанчлан XX зууны 50-аад оны үеэс бий
болсон ч судалгааны түвшинд харьцангуй сүүлд төлөвшлөө олсон гэж үзэх үндэстэй.
80-аад оны сүүл үеэс судалгааны импакт фактор сэтгүүлд компанийн нийгмийн
хариуцлагын судалгаанууд нийтлэгдэх болсон. Гэсэн ч үзэл баримтлалын хувьд сайтар
томьёологдоогүй, нэгдсэн хэмжүүргүй байдал ихэнх судалгаанд ажиглагдаж байв.
Майкл Хопкинсийн үзсэнээр 1990-ээд оны сүүл үеэс компанийн нийгмийн хариуцлагын
судалгаа далайцтайгаар хөгжих болжээ (Hopkins 1997, 581–603). 2016 он
хүртэлх хугацаанд нийтдээ 5885 судалгаа хийгдсэн байна (Annika Veh, Markus Göbel & Rick Vogel 2018, 315). Гэхдээ компанийн
нэр хүнд болон нийгмийн хариуцлагын хамаарлыг тусгайлан судалсан тохиолдол
туйлын ховор байна. Нэр хүнд тодорхойлох судалгаанд нийгмийн хариуцлага нь олон
хувьсагчийн нэг төдийгөөр ашиглагдаж иржээ.
Энэ чиглэл дэх анхны дорвилог судалгааг Fortune
дэлгүүрийн сүлжээ 1983 онд хийсэн байна. Уг судалгааны арга зүйг Жозэф В.
МаГуайр боловсруулжээ.
Компанийн нийгмийн хариуцлагын
судалгаанд нэгдсэн хэмжүүр боловсруулсан өөр нэг хүн бол Питтсбургийн Их Сургуулийн
профессор Донна Ж. Вуд болно.
Юуны түрүүнд, компанийн
нийгмийн хариуцлага гэдгийг тэрээр “(…) компанийн нийгмийн харилцааны хүрээнд
төлөвшин бий болох нийгмийн хариу үйлдэл, бодлого, хөтөлбөр, нийгмийн
хариуцлага, тэдгээрийн үр дүнгийн зарчмаас бүрдсэн тогтолцоо мөн” (Wood 1991,
693)
гэж үзсэн байна.
“Компанийн нийгмийн хариуцлагын хөтөч” номонд компанийн
нийгмийн хариуцлагыг дараах байдлаар тодорхойлсон байна. “Компанийн нийгмийн
хариуцлага нь бизнесийн байгууллага, түүний үйл ажиллагаанд тулгуурлан орших
нийгэм, эдийн засгийн тогтолцоо хоорондын харилцааг шинжлэх нэг арга юм.
Тэрчлэн нийт нийгмийн өмнө хүлээх бизнесийн байгууллагын үүрэг нь компанийн
нийгмийн хариуцлага болно. Дээрх үүргээ хэрэгжүүлж болох арга, бодлогыг мөн тодорхойлж
өгдөг” гэжээ. Компанийн нийгмийн хариуцлагын тухай ойлголтын хувьслыг дараах
хүснэгтэд харуулав.
Хүснэгт 2. Компанийн нийгмийн хариуцлагын тухай ойлголтын
хувьсал
№
|
Үе
шат
|
Компанийн
нийгмийн хариуцлагын ойлголтын талаарх өөрчлөлт
|
1
|
1950-аад
он
|
Нийгмийн
өмнө хүлээх үүрэг
|
2
|
1960-аад он
|
Компани болон
нийгмийн хоорондын харилцаа
|
3
|
1970-аад
он
|
Сонирхогч
талуудын татан оролцуулах, иргэдийн сайн сайхан байдал, нийгмийн эрх ашиг,
“хөршийн” асуудлыг шийдвэрлэх, амьдралын чанарыг дээшлүүлэх, эдийн засгийн,
хууль эрх зүйн, ёс суртахууны хариуцлага
|
4
|
1980-аад он
|
Сайн дурын шинжтэй,
эдийн засгийн хувьд ашигтай, хууль дээдлэх, эдийн засгийн, эрх зүйн, ёс
суртахууны, сайн дурын хариуцлага
|
5
|
1990-ээд
он
|
Сонирхогч
талуудыг татан оролцуулах, байгаль орчноо хамгаалах, хүн, дэлхий, ашиг гурвын
нэгдлийн үзэл баримтлал
|
6
|
2000 оноос өнөөг
хүртэл
|
Нийгмийн болон
байгаль орчны зорилтын нэгдэл, сайн дурын шинж чанар, ёс суртахууны зан
төлөв, эдийн засгийн хөгжил, амьдралын чанарыг сайжруулах, хүний эрхийг
хангах, байгаль орчноо нөхөн сэргээх, авлигатай тэмцэх, ил тод, тунгалаг
байдал
|
Эх
сурвалж: (Нехода 2015, 94)
Эндээс дараах дүгнэлтийг хийж болох байна. Эдгээрт;
·
Компанийн нийгмийн хариуцлагын тухай ойлголт нийгмийн
обьектив хэрэгцээ, шаардлагын үр дүнд бий болсон;
·
Компанийн нийгмийн хариуцлагын тухай ойлголт бизнесийн
байгууллагын хөгжлийн үр дүн болж төлөвшсөн;
·
Компанийн нийгмийн хариуцлагын тухай ойлголт нь ашиг олох
явцдаа нийгмийн олон талт эрх ашгийг хүдэтгэн үзэх, хэрэглэгчдийн эрэлт,
хэрэгцээг тооцох, ёс суртахуунтай байх, хууль тогтоомжид тулгуурлаж үйл
ажиллагаа эрхлэх, нийгмийн сайн сайхны төлөө ажиллах, байгаль, хүрээлэн буй
орчноо хамгаалах, сөхөн сэргээх зэрэг цогц арга хэмжээ авахыг бизнесийн
байгууллагаас шаарддаг байна.
Компанийн нийгмийн хариуцлагын онол, үзэл баримтлал
Компанийн нийгмийн хариуцлагын үзэл санаа XX зууны дунд үеэс өнөөг хүртэлх хугацаанд гурван үндсэн онол, үзэл
баримтлалын хүрээнд хөгжиж ирсэн. Эдгээрт:
·
Компанийн нийгмийн хариуцлагын стейкхолдэр үзэл баримтлал;
·
Компанийн нийгмийн хариуцлагын сайн түншлэл үзэл баримтлал;
·
Компанийн тогтвортой байдлын үзэл баримтлал болно.
Стейкхолдэр үзэл
санааны эх үүсвэр нь XX зууны 30-аад оны үед тавигдсан байна. Тухайлбал, Америкийн эрдэмтэн
Адольф Августус Бэрлэ, Е. Мэррик Додд нар стейкхолдэр онолын хүрээнд тодорхой саналууд
дэвшүүлсэн байдаг. Бэрлэ компанийн удирдлага зөвхөн хувьцаа эзэмшигчдийн эрх
ашигт үйлчлэх ёстой гэсэн бол Додд компанийн жинхэнэ зорилго нь хөлсний
ажилчдыг аюулгүй ажлын байраар хангаж, хэрэглэгчдэд чанар сайтай бүтээгдэхүүн
нийлүүлэхийн зэрэгцээ нийгмийн хөгжил, дэвшил, сайн сайхны төлөө хувь нэмрээ
оруулахад оршино гэж үзжээ. Сүүлээр
1971 онд стейкхолдэр үзэл баримтлалыг тогтолцоот шинжтэйгээр Бэн Гуроны нэрэмжит
Их Сургуулийн профессор, Дэлхийн Эдийн Засгийн Форумыг үндэслэгч Клаус Шваб «Moderne
Unternehmensführung im Maschinenbau» бүтээлдээ хөгжүүлсэн байна. Тэрээр орчин
үеийн компанийн удирдлага байгууллагаа хөгжүүлэхийн тулд зөвхөн хувьцаа
эзэмшигчдийн төдийгүй компанийн үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар
нөлөөлөгч бүх сонирхогч талын эрх ашгийг тооцон үздэг байх ёстой гэдгийг
онцолжээ. Үүний дараагаар Америкийн судлаач Ян Митрофф 1983 онд Клаус Швабын үзэл санааг цаашид нарийвчлан дэлгэр
утгаар хөгжүүлсэн байна (Phillips, Stakeholder Theory and Organizational Ethics 2003).
Орчин үед
компанийн нийгмийн хариуцлагатай холбоотойгоор стейкхолдэр үзэл баримтлалыг
шинэ шатанд гаргаж хөгжүүлсэн хүнийг Виржини Их Сургуулийн Бизнесийн Удирдлагын
Дардэн Сургуулийн профессор Эдвард Фримэн гэж үздэг (Благов 2012, 110). 1984 онд «Стратеги
удирдлага: Сонирхогч талуудын үүрэг» нэртэй бүтээлдээ Фримэн өөрийн санааг
тусгасан байна. Юуны түрүүнд, тэрээр компанийн сонирхогч тал гэдгийг “(…) компанийн
шийдвэр гарахад хүчтэй нөлөө үзүүлэгч юм уу шийдвэрт нөлөөлөл үзүүлэгч аливаа
хувь хүн, бүлэг юм уу байгууллагыг” хэлнэ гэж тодорхойлсон байна (Freeman, Stakeholder Management: A Stakeholder
Approach 1984, 25).
Өмчтөн, хэрэглэгчид, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах бүлэг, өрсөлдөгчид, хэвлэл
мэдээллийн хэрэгсэл, ажилтан, сонирхлын бүлэг, байгаль орчин хамгаалагчид,
засгийн газрын байгууллага, орон нутгийн албад бүгд компанийн сонирхогч тал юм.
Сонирхогч талын тоо, олон янз байдлын өсөлт нь компанийн үйл ажиллагаанд шинэ
хандлага бий болгоход хүргэдэг байна. Компанийн удирдлага сонирхогч талуудын
өмнө хариуцлага хүлээнэ.
Хариуцлага хүлээхийн чанадын зорилго юунд оршино вэ?
Хариулт нь маш энгийн. Итгэмжлэгдэх болон хүлээн
зөвшөөрөгдөх зарчим. Өөрөөр хэлбэл, Фримэн энэ хоёр зарчим компанийн үйл
ажиллагаанд чухал нөлөөтэй гэж үзсэн байна. Харин компанийн нийгмийн
хариуцлагыг байгууллагын шийдвэр гаргах түвшинд сонирхогч талуудын оролцоог
хангах төдийгөөр ойлгосон байна (Freeman, Stakeholder Management: A Stakeholder
Approach 1984, Freeman, The Politics of Stakeholder Theory: Some Future
Directions 1994).
Үүнээс гадна, Фримэн бизнесийг ёс суртахуунтай эрхлэх асуудлыг авч үзсэн байдаг.
Хэдий чинээ бусдын, нийгмийн эрх ашгийг хөндөнө, тэр чинээгээр бизнесийн
байгууллага үйл ажиллагаандаа ёс суртахууны хэм хэмжээг баримтлах учиртай гэжээ
(Freeman, Business Ethics at the Millennium 2000).
Торонто Их Сургуулийн профессор, Компанийн Нийгмийн
Хариуцлага Төвийн захирал М. Клеарксон компанийн сонирхогч талуудыг дараах хоёр
үндсэн бүлэгт ангилсан байна. Үүнд:
·
Анхдагч
сонирхогч тал. Энд хувьцаа
эзэмшигч, хөрөнгө оруулагч, ажилтан, хэрэглэгчид, засгийн газрын болон орон
нутгийн албад орно.
·
Шууд бус
сонирхогч тал. Байгууллагын
үйл ажиллагаанд шууд бусаар нөлөө үзүүлэгч хэвлэл мэдээллийн хэрэгсэл,
сонирхлын бүлгүүд орно.
Хэдийгээр судлаачдын зүгээс өргөн
хүрээтэйгээр шүүмжлэх болсон ч стейкхолдэр үзэл баримтлалыг Жоржтаун Их
Сургуулийн профессор Томас Доналдсон, Мэриландын Их Сургуулийн профессор Ли Е.
Престон (Donaldson, T. & Preston, L. 1995), Техасын Технологийн
Их Сургуулийн профессор Роналд К. Митчэлл, Бригхам Янг Их Сургуулийн профессор
Брэдлей Р. Эгли, Хойд Йова Их Сургуулийн профессор Донна Ж. Вуд (Ronald K. Mitchell, Bradley R. Agle & Donna J.
Wood 1997),
Бристолын Их Сургуулийн профессор Андрей Лойд Фридмэн, Оксфордын Их Сургуулийн
судлаач Саманта Милэс (Andrew L. Freidman & Samantha Miles 2002), Йорк Их Сургуулийн
профессор Робэрт А. Филлипс (Phillips, Stakeholder Theory and A Principle of Fairness 2003) нар хөгжүүлсэн
байна. Эдгээр судлаачид дотроос Т. Доналдсон, Престон нарын судалгаа ихээхэн
онцлогтой. Сонирхогч талын үзэл баримтлалыг агуулгын хувьд нарийвчлан гурван
түвшинд шинжилсэн байдаг.
Стейкхолдэр үзэл баримтлалын
дараагаар гарч ирсэн өөр нэг онолын чиглэл нь компанийн нийгмийн хариуцлагын
сайн түншлэл үзэл баримтлал юм. Анхлан АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтон 1996 онд
Компанийн шилдэг ажилтан (Corporate Citizenship) шагналыг бий болгож, таван шалгуураар уг шагналд нэр дэвшигчийг тодруулах
болсон нь сайн түншлэл үзэл баримтлалын эхлэл байв (A. B. Carroll October 2003, 1).
Компани юуны түрүүнд, ёс
суртахууны болон эрх зүйн хариуцлагатай байх ёстой. Үүний зэрэгцээ нийгмийн
өмнө хөгжил, дэвшлийн болон хүрээлэн буй орчны хариуцлага үүрэглэнэ. Хэдий
чинээ нийгмийн сайн сайхны төлөө, байгаль, тэрчлэн хүрээлэн буй орчноо
хамгаалах, нөхөн сэргээхэд мөнгө зарцуулж ажиллана, төдий хэрээр байгууллагын
ашигт шинж чанарт эерэгээр нөлөөлнө.
Ф. Марвис, Брэдлей Гуугинс нарын
үзсэнээр компани нийгмийн хариуцлагатай сайн түншлэгч болохын тулд дараах таван
үе шатыг дамжина. Үүнд:
·
Бүрэлдэгч үе;
·
Ажил хэрэг эхлүүлэх үе;
·
Санаачлах үе;
·
Нэгтгэгч үе;
·
Өөрчлөгч үе.
Бүрэлдэгч үе шатанд компанийн нийгмийн хариуцлагын сайн
түншлэгчийн үйл ажиллагаа тодорхойгүй байна. Нөөц хомс байхын зэрэгцээ
удирдлагын зүгээс нийгмийн хариуцлагын үйл ажиллагаа хэрэгжүүлэх сонирхолгүй
байдаг. Эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны стандарт журмыг
мөрдөх боловч нийгэм, олон нийт, хүрээлэн буй орчны төлөө ажиллах нөөц, цаг
хугацаа ч байдаггүй.
Ажил хэрэг эхлүүлэх үе шатанд байгууллагын зүгээс эрүүл
мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны стандарт журмыг мөрдөх, удирдлага,
ажилчдыг үүнд татан оролцуулах ажил эхлэнэ. Үүний зэрэгцээ нийгэм, олон нийт,
байгаль орчинд чиглэсэн үйл ажиллагаа явуулах компанийн бодлого тодорхойлогдож,
энэ чиглэлд хувьцаа эзэмшигчидтэй уулзах, бусад байгууллагын туршлага судлах
зэрэг ажил хийгдэнэ.
Санаачлах болон нэгтгэх үе шатанд байгууллагын зүгээс
нийгэм, олон нийт, байгаль орчинд чиглэсэн үйл ажиллагаа идэвхжиж, бизнес
зорилго, зорилттойгоо холбох болно.
Өөрчлөгч үе шатанд байгууллагын нийгэм, олон нийт,
байгаль орчинд чиглэсэн үйл ажиллагаа байнгын шинж чанартай болж, бүтээгдэхүүн,
үйлчилгээгээ өргөжүүлэх, шинэ зах зээлд нэвтрэх, брэнд хөгжүүлэлт хийх, өргөжин
тэлэх үйл явцын үүдлэг болно (Philip H. Mirvis & Bradley K. Googins January 2007, 104-26). Дээрх үе шатуудыг
дараах зурагт харуулав.
Изабэл Миагнан, О. Фэррэл нарын үзсэнээр компани нийгмийн
хариуцлагатай сайн түншлэгч байхын тулд эдийн засгийн, эрх зүйн, ёс суртахууны,
санаачлагат сайн түншлэгч болох ёстой (Isabelle Maignan & O. C. Ferrell February 2000, 283-97).
Сайн түншлэлийн үзэл баримтлалын дараагаар гарч ирсэн
хамгийн орчин үеийн онол бол компанийн тогтвортой байдлын онол юм. Уг үзэл
баримтлалыг Америкийн бизнесийн удирдлагын зөвлөх Жон Элкингтон 1994 онд
томьёолсон юм. Эдийн засгийн салбарт үр бүтээлтэй үйл ажиллагаа явуулахын тулд
бизнес эрхлэгч эдийн засгийн үр ашгийг чухалчлаад зогсохгүй нийгмийн сайн
сайхан байдал, байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх үйлсэд өөрийн хувь
нэмрийг оруулах ёстой. Нийгмийн сайн сайхан байдал, байгаль орчны нөхөн
сэргээлтэд идэвхтэй оролцоно гэдэг нь компанийн нэр хүндийг өсгөж, эдийн
засгийн утгаараа үр ашигтай ажиллах, өсч хөгжих нөхцөл болдог байна (Elkington 1997).
ЭХ СУРВАЛЖИЙН ЖАГСААЛТ
Andrew L. Freidman & Samantha Miles. 2002.
"Developing Stakeholder Theory." Journal of Management Studies
Vol. 39 (No 1).
Annika Veh, Markus Göbel & Rick
Vogel. 2018. "Corporate reputation in
management research: a review of the literature and assessment of the
concept." Business Research Vol. 12 (2).
Asongu, J. J. 2007. "The History of Corporate Social
Responsibility." Journal of Business and Public Policy Vol. 1
(Issue 2).
Bowen, Hovard R. 2013. Social Responsibilities for
Businessman. Iowa City: University of Iowa Press.
BRASS Centre. 2007. History of corporate social
responsibility and sustainability. Accessed october 29, 2019. http://www.
brass.cf. ac.uk/uploads/History_L3.pdf.
Carroll, A. B. 1979. "A Three-Dimensional Conceptual
Model of Corporate Performance." Academy of Management Review
Vol. 4 (No 4).
Carroll, A. B. 1999. "Corporate social responsibility:
Evolution of a definitional construct." Business & Society
Vol. 38 (3).
Carroll, A. B. 1991. "The Pyramid of Corporate Social
Responsibility: Toward the Moral Management of Organizational
Stakeholders." Business Horizons Vol. 34 (No 4).
Carroll, Archie B. October 2003. "The Four Faces of
Corporate Citizenship." Business and Society Review Vol. 100 (1).
Davis, K. Winter 1967. "Understanding the social
responsibility puzzle: What does the businessman owe to society?" Business
Horizons 10.
Davis, K., & Blomstrom, R. L. 1966. Business and its
environment. New York: McGrawHill.
Donaldson, T. & Preston, L. 1995. "The Stakeholder
Theory of the Corporation: Concepts, Evidence, and Implications." Academy
of Management Review 20.
Elkington, John. 1997. Cannibals With Forks: The Triple
Bottom Line of 21st Century Business. Capstone: Oxford .
Frederick, W. C. 1960. "The growing concern over
business responsibility." California Management Review 2.
Freeman, R. E. 1984. Stakeholder Management: A
Stakeholder Approach. Marshfield, MA: Pitman Publishing.
Freeman, R. E. 2000. "Business Ethics at the
Millennium." Business Ethics Quarterly Vol. 10 (N 1).
Freeman, R. E. 1994. "The Politics of Stakeholder
Theory: Some Future Directions." Business Ethics Quarterly 4 (4).
Hopkins, M. 1997. "Defining indicators to assess
socially responsible enterprises ." Futures (Vol. 29) No 7.
Isabelle Maignan & O. C. Ferrell. February 2000.
"Measuring Corporate Citizenship in Two Countries: The Case of the
United States and France." Journal of Business Ethics Vol. 23
(Issue 3).
Justyna Dyduch & Joanna Krasodomska. 2017.
"Determinants of Corporate Social Responsibility Disclosure: An
Empirical Study of Polish Listed Companies." Sustainability 9
(1934).
Lea, R. 2002. Corporate Social Responsibility: IoD
Member Opinion Survey. The Institute of Directors, UK.
Lord Holme & Richard Watts. 2000. Corporate Social
Responsibility; Good Business Sense. Geneva: World Business Council for
Sustainable Development.
McGuire, Joseph W. 1963. Business and Society. New
York: McGraw. Hill.
Michael E. Porter & Bark R. Kramer. December 2006.
"Strategy and Society; The Link Between Competitive Advantage and
Corporate Social Responsibility ." Harvard Business Review.
Philip H. Mirvis & Bradley K. Googins. January 2007.
"Stages of Corporate Citizenship; A Developmental Framework." IEEE
Engineering Management Review Vol. 34 (3).
Phillips, Robert A. 2003. "Stakeholder Theory and A
Principle of Fairness." Business Ethics Quarterly Vol. 7 (1).
—. 2003. Stakeholder Theory and Organizational Ethics.
San Francisco: Berrett-Koehler Publishers.
Ronald K. Mitchell, Bradley R. Agle & Donna J. Wood.
1997. "Toward a Theory of Stakeholder Identification and Salience:
Defining the Principle of Who and What Really Counts." The Academy of
Management Review Vol. 22 (No 4).
SDU. 2007. What is sustainable development? // The
Sustainable Development Unit. Accessed October 29, 2019.
http://www.sustainable-development. gov.uk/about/index.ht.
Walton, C. C. 1967. Corporate social responsibilities.
Belmont, CA: Wadsworth.
Wood, Donna J. 1991. "Corporate Social Performance
Revisited ." Academy of Management Review Vol. 16 (No 4).
Благов, Ю. Е. 2012. "Р. Эдвард Фримен и концепция
заинтересованных сторон." Вестник С.-Петерб. ун-та. Сер. Менеджмент.
Вып. 1.
В. Я. Горфинкель, Н. В. Родионова, ed. 2019. Корпоративная
социальная ответственность: Учебник и практикум для академического
бакалавриата. Москва: Юрайт.
Нехода, Е. В. 2015. "Корпоративная социальная
ответственность: Проблемы измерения." Вестник РУДН, серия Экономика
№4.
БЭЛТГЭСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН
ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ НЯМААГИЙН ОТГОНБАЯР