1999 онд
Колумбын Их Сургуулийн профессор, Америкийн алдарт сэтгүүлч Сильвэй Назар «A
Beautiful Mind: The Life of Mathematical Genius and Nobel Laureate John Nash»(Суу ухаан:
Алдарт математикч, Нобэлийн шагналтан Жон Нэшийн амьдрал) нэртэй кино
зохиол бичжээ. Уг бүтээлээс сэдэвлэн, 2001 оны арван хоёрдугаар сард Шинэ
Зеландын алдарт жүжигчин Рассэл Кроу гол
дүрд нь тоглож, Рон Ховард ерөнхий
найруулагчаар нь ажиллаж бүтээгдсэн«Оюун Ухааны тоглоом» нэртэй шинэ
уран сайхны кино дэлхийн дахиныг байлдан дагуулж, мөн ондоо дөрвөн төрлөөр (сайн кино, шилдэг кино зохиол, шилдэг найруулагч, шилдэг туслах жүжигчин)Оскарын шагнал
хүртэж, хүн төрөлхтөнийг мэлмэрүүлж асан түүх саяхан. Бичвэрийг тэрлэгч мөхөс
хүн Рассэл Кроугийн гайхамшигт тоглолтыг бишрэн сүслэхийн ялдамд чухам энэ
киноны гол баатар болох Жон Нэш гэгч зовлонт суутан хэн болох тухайд бодлын
будангуйд бурхан, чөтгөр хоёртэй “буу халж” суусан цаг энэхэн зуур мэт санагдана.
Ямар учраас
Сильвэй Назар Жон Нэшийн амьдралаар кино зохиол бичив ээ?
Алдарт
математикч, Принстоны Их Сургуулийн оюутнуудын хочилсноор «Үггүй жүжигчин», Нобэлийн
шагналтан бага Жон Форбс Нэш 1928 оны зургадугаар сарын 13 нд мэндэлжээ. Жон
Нэш нь ялгаварт геометр, тоглоомын онолын чиглэлээр мэргэшин ажиллаж асан нэрт эрдэмтэн
юм. 1994 оны аравдугаар сарын 11 нд 66 насандаа тоглоомын онолын хоёр томоохон
онолч, Фридрих Вилгельмийн нэрэмжит Боннын Их Сургуулийн профессор Рэйнхард Жустус
Рэджинальд Сэлтэн(Selten,
1930), Бэркли
дэх Калифорнийн Их Сургуулийн профессор Жон Чарлэз Харшани(Harsanyi, 1920-2000) нартай
хамт Нобэлийн шагнал хүртжээ.
Жон Нэшийн
хийсэн хамгийн энгийн бүтээлд Нобэлийн шагнал хүртээсэн гэх яриа шинжлэх ухааны
ертөнцөд байдаг. Нэшийн бий болгосон олон чухал нээлтүүд энгийн иргэдэд
төдийгүй шинжлэх ухааны алдартай мэргэдийн хувьд хүртэл үл ойлгогдох зүйлс болж
хоцорсон. Хамгийн сонирхолтой нь, Нэш хэзээ ч өмнөх үеийн судлаачдын үзэл
санааг ашиглах, хуулбарлах эсвэл тэднээс санаа авч хөгжүүлж байгаагүй юм. Түүний
бүтээсэн ихэнх онолууд агуулгын хувьд дахин давтагдашгүй цоо шинэ шинж чанартай
байдаг. Суралцах явцдаа нэг ч хичээлд удаан сууж байгаагүй бөгөөд үүний
шалтгаан нь шинэ зүйл мэдэж авдаггүй байсантай холбоотой. Их сургуульд суралцаж
асан үеэ хожим Нэш хайран цагаа дэмий гарзадсан мөч байлаа гэж тодорхойлжээ.
Бага Жон Форбс
Нэш 1928 оны зургаадугаар сарын 13 нд АНУ-ын Баруун Виржини муж улсын Бэүфильд
хотноо Appalachian Electric Powerкомпаний
электроник инженер том Жон Нэш, Англи хэлний багш Виржини Мартин нарын гэрт
мэндэлжээ. Жон бага насаа ном уншихад зориулж, өөрийн өрөөгөө бяцхан лаборатори
болгон хувиргажээ. Математикийн ухаанд огт сонирхолгүй түүнд Эрик Т. Бэллийн «Математикийн шинжлэх
ухааныг бүтээгчид» ном худалдан авч өгснөөр Жоны амьдралд
асар их өөрчлөлт бий болж, 14 насандаа Фермийн бага теоремыг баталжээ. «Энэ номыг уншсанаар миний амьдрал
бүхэлдээ өөрчлөгдөж, би хэний ч туслалцаагүйгээр Фермийн бага теоремыг баталсан
юм» гэж тэрээр хожим дурсан бичжээ.
1945 оны
зургаадугаар сараас 1948 оны зургаадугаар сар хүртэл Питсбург дах Карнэгийн
Политехнологийн Дээд Сургуульд суралцаж, эцэг шигээ инженер болохоор сэтгэл
шулууджээ. Гэвч түүний сэтгэл зүрхийг тооны ухаан эзэмдэж, харьцангуйн онол,
квант механик тэгштгэл, тооны онолыг сонирхох болсон түүхтэй.
Карнэгийн
Политехнологийн Дээд Сургуульд суралцажбайхдаа Нэш алдарт математикч Жон фон
Нэйманы 1928 онд туурвисан «Эдийн засгийн үйл байдал ба
тоглоомын онол» бүтээлд нэг мөрчлөгдөж чадаагүй «хэлэлцээрийн
асуудал»-ыг сонирхож эхэлсэн байдаг.
Питсбургт
суралцсаныхаа дараагаар Жон Нэш Принстоны Их Сургуульд үргэлжлүүлэн суралцах
болж тэгштгэлийн онол дээр ажиллаж эхэлсэн. Тэрээр 1947 онд бакалавр болон
магистрын зэргийг нэгэн зэрэг хүртжээ. Түүний багш Ричард Даффин Нэшийг «This man is а genius»
хэмээсэн байдаг. 1950 онд 21 насандаа үл түншлэх тоглоомын онолоор философийн
ухааны докторын зэрэг хамгаалсан байна. Түүний эрдмийн зэрэг горилсон бүтээлд
сүүлд «Нэшийн
тэгштгэл» хэмээн ончилсон үзэл санааны суурь зарчмууд
тусгагдсан бөгөөд 44 жилийн дараа энэ
бүтээлд Нобэлийн шагнал нэхэн хүртээсэн байдаг. Судалгааны асуудлаар нийтдээ
гурван өгүүлэл нийтлүүлжээ. Эхнийх нь 1950 онд АНУ-ын Үндэсний Шинжлэх Ухааны
Академийн сэтгүүлд «Оролцогчдын N тоотой тоглоом дах тэгштгэлийн
цэг» нэртэйгээр, хоёр дах нь 1950 оны дөрөвдүгээр сард «Эконометрик»
сэтгүүлд «Яриа хэлэлцээрийн зорилгын тухай»
нэртэйгээр, гурав дах нь 1953 оны нэгдүгээр сард «Хоёр
оролцогчтой үл түншлэх тоглоомууд» нэртэйгээр тус
тус нийтлэгджээ. Жон Форбс Нэш нийтдээ 24 орчим бүтээл туурвисны ихэнх хэсэг
буюу 19 нь 1959 он гэхэд нийтийн хүртээл болчихсон байв.
1950 оны зунаас
Нэш Калифорни муж улсын Сант-Моникад байрлах «РЭНД»
корпорацид ажиллах болсон авч 1952-1954 оны хооронд эргэн ирж, Пристоны Их Сургуульд
багшилсан байна. Энэ үед Нэш ялгаварт геометрийн асуудалд түлхүү анхаарч,
өөрийн дэвшүүлсэн теоремийг батлах ажилд сэтгэл оюунаа чилээж байлаа. 1951-1952
онуудад Массачусэтс мужийн Кэмбрижид байрлах Массачусэтсийн Технологийн Дээд
Сургуульд эрдэм шинжилгээний ахлах ажилтан болжээ.
Массачусэтсийн
Технологийн Дээд Сургуульд байхдаа Жон Нэш Сальвадорын оюутан Алисэй Лардтай танилцаж,
1957 оны хоёрдугаар сард гэрлэжээ. Удалгүй тэдний хүү Жон Чарлэз Нэш 1959 оны
тавдугаар сарын 20 нд мэндэлсэн байдаг. Гэвч тэдний амьдралд хүнд, хэцүү явдал
тохиолдох болсны нэг нь Жон Нэшийн сэтгэцийн байдал хүндэрч, сэтгэл мэдрэлийн
албадан эмчилгээнд хамрагдсан явдал байв. Өөрийн эцэг том
Нэшийн нэгэн адил Жон Нэшд сэтгэцийн удамшигдсан эмгэг(параноидальной
шизофрении буюу хий юм төсөөлөн биежүүлэх сэтгэцийн эмгэг) илэрчээ. Зарим
мэдээгээр бисексуал харилцааг хүлээн зөвшөөрч, ижил хүйстэнтэйгээ ил, далдаа
хуваалцах (бандилах
эмгэгтэй) болжээ.
Хүн төрөлхтөний
суутнуудын түүхэн дах хамгийн адармаатай эр, эмийн харилцааг Алисэй, Жон нар
туулсан юм. 1963 онд салсан боловч 1970 онд эргэн нийлжээ. Зарим судлаачдын
нэрлэснээр тэд амьдралынхаа туршид эхнэр, нөхөр бус, харин холбоо алсарсан
хамаатнууд мэт амьдарчээ. Гэвч хувь заяа дахин гараа сунгаж, тэд 2001 оны
зургаадугаар сарын 1 нд шинээр гэрлэжээ.
Америкийн the Fortune сэтгүүлд Нэшийг
математикийн ухаанд мандсан шинэ од хэмээн зарлаж байх тэр үед сэтгэцийн байдал
нь эрс муудаж эхэлсэн байна. 1959 онд Маклин эмнэлэгт хэвтэж, оношлуулахад
параноидальной шизофрении буюу хий юм төсөөлөн биежүүлэх сэтгэцийн эмгэгтэй
гэсэн эмчийн магадлагаа гарчээ. Нэш нийтдээ амьдралыхаа 30 жилийн сэтгэцийн
эмнэлэгт өнгөрөөсөн байдаг. 1970-иад оны үеэс сэтгэцийн байдал нь аажим боловч
сайжирч эхэлсэн байна. 1978 онд «Үл түншлэлийн онол дах тэнцвэржилтийн асуудлаар» шинэ
санаа гаргасны учир Жон фон Нэйманы нэрэмжит шагналыг түүнд олгожээ.
Хүн төрөлхтөний
суут сэтгэгч, Нобэлийн шагналтан, гачлант амьдралын зовлонгийн мүглэнд тарчлагч
Жон Форбс Нэш 2015 оны тавдугаар сарын 23 нд 86 насандаа эхнэрийн хамт
автомашины ослоор эндэж, тэнгэрийн орноо морилжээ.
МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖ: БИОГРАФИЯ ДЖОН
ФОРБС НЭША\\ 13. 06. 2015. НА ВЕБ САЙТЕ: HTTP://BIOGRAPHERA.NET/BIOGRAPHY.PHP?ID=361
No comments:
Post a Comment