Friday, May 22, 2015

УЛСЫН САЛБАРЫН БОДЛОГЫН СҮЛЖЭЭ ОНОЛ



ӨМНӨТГӨЛ

Эрхэм уншигч та бүхэнд улсын салбарын удирдлага(Төрийн удирдлага хэмээх үгийг Удирдлагын Академийн гэрган, док., проф Ш. Батсүх абугайн үзэл, онолын дагуу улсын салбарын удирдлага хэмээн монголчлов, орчуулагчийн тайлал)-ын орчин үеийн онол, үзэл баримтлалуудыг ОХУ-ын нэрт улс төр судлаач, Санкт-Петербургийн Их Сургуулийн профессор Леонид Владимирович Сморгуновавгайн 2006, 2013 онуудад туурвисан бүтээлүүдээс дээжлэн хүргэж байгаадаа нэн таатай байна. Юуны түрүүнд бичвэрийг Монгол хэл дээр хөрвүүлэхэд нэр томьёоны томоохон хүндрэл байсныг дурдах хэрэгтэй. Тухайлбалgovernanceхэмээх үгийг манай улсад “засаглал” гэдэг утгаар буулгаж хэрэглэж заншсан бол Орос хэл дээр “руководство” буюу “удирдлага” хэмээн хөрвүүлсэн байх жишээтэй. Нөгөө талаас  улс төрийн бодлогын сүлжээ онол хэмээхийг улсын салбарын бодлогын сүлжээ онолгэж монголчлох хүсэл байсан ч орчуулгын жинхэнэ эхээс утга санаа дайжин одохыг бодолцон хуучин хэвээр хөрвүүлэв.
Ингээд бичвэрийн өмнөтгөл болгож доорх орчуулгад улс төрийн бодлогын сүлжээ үзэл баримтлал хэмээн монголчлогдсон улсын салбарын бодлогын сүлжээ онол, үзэл баримтлалын тухай хэдэн үг өгүүлсүү.
Улсын салбарын бодлогын сүлжээ үзэл баримтлал анх өнгөрсөн зууны 60-иад оны үеэс эхлэн Өрнөдийн улс төрийн шинжлэх ухаанд бий болсон гэж судлаачид үздэг. Америкийн улс төр судлаач Т. Ж. Лови (Lowi. T. J, 1962, 1969), Х. Хэкло (Heclo H, 1978) нар сүлжээ онолын анхны эх суурийг тавьжээ.Улсын салбарын зарим нэг бодлого шийдвэрт уг бодлогод хамаарал бүхий талуудын байр суурь, үзэл бодол, эрх ашгийг тусгах, тэдгээрийн нөөцийг зохистойгоор ашиглах шаардлагатай гэсэн санааг Америкийн жишээн дээр эдгээр эрдэмтэд дэвшүүлэн гаргажээ. Улсын салбарын бодлогын сүлжээ онол жинхэнэ утгаараа өнгөрсөн зууны сүүл буюу 90-иэд оны эхэн, дунд үеэр бий болжээ. Энэ үеийн гол судлаачид нь Английн эрдэмтэн Ж. Жордон (Jordan J, 1990, 1992), Р. Родэс(Rhodes. R. A. W, 1988, 1992, 1997), Д. Марш (Marsh D, 1991, 1998) нарын хүмүүс байв. Сүүлийн жилүүдэд улсын салбарын шинэ удирдлагын онол шүүмжлэлд өртөх болсонтой холбоотойгоор улсын салбарынбодлогын сүлжээ үзэл баримтлалыг төрийн захиргааны шинэчлэлийн үзэл санааны шинэ гарц гэж ойлгох, судлах хандлага хүчтэй үүсвэрлэж байна. Үүний томоохон төлөөлөгч нь Лэйдэн Хотын Католиг Их Сургуулийн төрийн удирдлагын профессор Христофэр Поллитт (Pollitt Ch, 2004) болно. Улсын салбарын бодлогын сүлжээ онолыг төрийн захиргааны шинэчлэлийн үйл явцтай холбон хэрэгжүүлэх оролдлогууд ч нийгмийн практикт хийгдэх болсон. 1994 онд Английн Хөдөлмөрийн Нам мөрийн хөтөлбөртөө «joined-up government» номлолыг тунхагласан нь үүний тод жишээ юм.
Тодорхой ашиг сонирхлуудыг төлөөлж, түүнийгээ улсын салбарын бодлогод тусгуулж хэрэгжүүлэх хамгийн үр дүнтэй арга нь хамтын ажиллагаа мөн гэдгийг ухамсарлахын зэрэгцээ өөр хоорондоо харилцан мэдээллээ чөлөөтэй солилцдог, нийтлэг хүсэл эрмэлзлэл бүхий олон тооны тоглогчдын дунд үүсэх нэг нэгнээсээ хамаарсан харьцангуй тогтвортой харилцаа болох улсын салбарын бодлогын сүлжээнд гетерархи тогтоц үүсдэг тухай Америкийн судлаач Д. Старк (Stark D, 2009) өөрийн судалгаандаа дурджээ. Улсын салбарын бодлогын сүлжээ үзэл баримтлал нь Г. Аллисон (Allison G. T, 1971), Ж. Эльстэр (Elster J, 1986), Л. Линн (Lynn L, 1981) нарын боловсруулсан тоглоомын онол, Ж. Кингдон (Kingdon J, 1984)-ы улс төрийн урсгалын онол, П. Сабатье (Sabatier P, 1988)-гийн хамтын ажиллагаанд суурилсан эвслийн онол зэргээс эхтэй.ОХУ-ын судлаач О. В. Михайлова (Михайлова. О. В, 2014) улсын салбарын сүлжээ үзэл баримтлалын хүрээнд (1) төр зохион байгуулалттай бүлгүүдтэй хэрхэн харилцах, бодлого, шийдвэрээ ямар арга замаар гаргадгийг тайлбарласан онол: (2)сүлжээ бий болоход нөлөөлөх хүчин зүйлсийг судлах онол: (3) сүлжээнд оролцогчдын үйл ажиллагааны стратеги сонголтыг судлах онол: (4) тоглогчдын сүлжээний хүрээнд баримтлах үйл ажиллагааны хэм хэмжээ, мехнизмыг судлах онол гэсэн дөрвөн бүлэг онол багтдаг гэж үзжээ.
Эцэст нь уншигч авгайн алжаалыг санан жүнхэн санаагаа ордослон өгүүлэхэд дараагийн удаад улсын салбарын шинэ удирдлагын онол, хамжих засаглал(Collaborative Governanceхэмээх үгийг “Соёмбо” Дээд Сургуулийн захирал, док, проф. А. Цанжид авгай хамжих засаглал гэж монголчилсон, орчуулагчийн тайлал)-ын онол, шинэ институционал онол зэргийг дараалан толилуулах болно. Таалан болгооно уу.
УЛСЫН САЛБАРЫН УДИРДЛАГЫН ОРЧИН ҮЕИЙН ОНОЛУУД
13-Р БҮЛЭГ
«УЛС ТӨРИЙН БОДЛОГЫН СҮЛЖЭЭ» ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
(УЛСЫН САЛБАРЫН БОДЛОГЫН СҮЛЖЭЭ ОНОЛ, THEORY OF PUBLIC POLICY NETWORK)
Сүүлийн жилүүдэд улсын салбарын удирдлагын судалгаанд «улс төрийн бодлогын сүлжээ» (Politicalpolicy network) гэх ойлголт дээр суурилсан үзэл санааны чиглэл томоохон байр суурь эзлэх болсон. Гэхдээ нэгдсэн ойлголт хараахан төлөвшиж чадаагүй байгааг тэмдэглэн хэлэх хэрэгтэй. Нэг хэсэг судлаачид «улс төрийн бодлогын сүлжээ» хэмээх ойлголтыг улсын салбарын удирдлагыг судлахад ашиглах судалгааны арга зүйнцоо шинэ хандлага гэж үзэж байхад нөгөө нэг хэсэг судлаачид үзэл баримтлалын түвшинд судлахыг санал болгодог. Харин гурав дах хэсэг нь улсын салбарын шинэ удирдлагатай зүйрлэж болохуйц онол гэсэн саналыг дэмждэг байна. Эрдэмтэн, судлаачдын дунд нэгдсэн үзэл бодол, санал бүрэлдэж чадаагүй байгаа боловч «улс төрийн бодлогын сүлжээ» үзэл баримтлал нь улсын салбарын удирдлагыг судлах өөрийн гэсэн философи, ойлголт, ухагдахуун бүхий судалгааны бие даасан чиглэл мөн гэсэн санааг хэлж болохоор байна. 
Өнөөгийн улсын салбарын удирдлагад шинэ хэлбэрийн засаг захиргааны тогтолцоо бий болгох, төлөвшүүлэх асуудал туйлын хурцаар тавигдаж байна. Хэрэв улсын салбарын шинэ удирдлага үзэл баримтлалын хөгжлийн явцдаа зах зээлийн эдийн засгийн механизмд голлон анхаарч байсан бол улс төрийн бодлогын сүлжээ онол нь аж үйлдвэржилтийн дараах нийгмийн мэдээлэл, харилцааны ололт, дэвшил, өнөөгийн төрийн ардчилсан өөрчлөлтөд онцгойлон ач холбогдол өгөх болжээ. Нийгмийн баялагийг үйлдвэрлэх, бий болгох явцдаа төр бусад субъект, дэд системүүдээс хамаарах нь их боллоо гэж Таня Бэрцэл өгүүлсэн байдаг. Энэ нөхцөлд хувийн хэвшлийн болон улсын салбарын тоглогчид улс төрийн бодлогын шийдвэр гаргах үйл явцад нийгмийн янз бүрийн хүчнүүдийн эрх ашгийг зүй зохистойгоор тооцож үзэх явдал хамгийн чухал болжээ. Үр дүнднь улсын салбарын удирдлагын хүрээнд нэг оролцогчийн шийдвэр нөгөө оролцогчоосоо шууд хамаарч байх улс төрийн бодлогын сүлжээ үзэл баримтлал  (Borzel, 1998, 358)бий болсон байна.
Улс төрийн бодлогын сүлжээ онолд өнгөц хандаж боломгүй үзэл санааны томоохон хөрс суурь бий болсон байдаг. Энэ нь улсын салбарын шинэ удирдлага болон улс төрийн бодлогын сүлжээ үзэл баримтлалуудыг зааглан авч үзэх боломж олгож байна. Улс төрийн бодлогын сүлжээ үзэл баримтлалын зарим нэг эш санаа урьд өмнө нь гарч байсан бөгөөд тэдгээрийг Питэр Богэсон, Тео Туунэн нар «ирээдүй рүү чиглэсэн ухралт»(Bogason, Toonen, 1998, 209–212) хэмээн томьёолжээ. Эндээс бид улс төрийн бодлогын сүлжээ үзэл баримтлал үзэл санааны хоосон орон зайд үүсээгүй гэсэн дүгнэлт хийж болох юм.
50-60-иад оны үед АНУ-д төрийн бодлогыг боловсруулахадаа /235-р хуудас/ бюрократи, конгресс, сонирхлын бүлгүүдийн харилцаан дээр тулгуурлан удирдлагын дэд тогтолцооны хүрээнд асуудлыг судлаж байжээ (Freeman, 1955).Харин Их Британид улс төрийн бодлогын сүлжээ үзэл баримтлал Родэс, Марш нарын үзэж буйгаар байгууллага хоорондын харилцааны онолоос эхтэй аж (Rhodes, Marsh, 1992, 8–10). Ерөнхийлөн авч үзэхэд улс төрийн бодлогын сүлжээ үзэл баримтлал нь байгууллагын социологи, бизнесийн захиргааны онол (Frederickson, 1999, 705): Нийгмийн бүтцийн шинжилгээ (Knoke, 1990, 7–8; Borzel, 1998a, 255): Институционал шинжилгээ, нийтийн сонголтын онол, неоменежеризм (Bogason, Toonen, 1998, 220–223) зэргээс эхтэй аж. Улс төрийн бодлогын сүлжээ үзэл баримтлал Өрнө Дахинд либерал болон коммунитарист үзэлтнүүдийн гүн ухааны маргааны үндсэн сэдэв болсоор байна(Smorgunov, 1999). Гэсэн хэдий ч энэ бүхэн өнөөдрийн хувьд өнгөрсөн зууны 90-иад оны эхээр удирдлагын онолд нэвтэрсэн харьцангуй шинэлэг зүйлд тооцогдох болсон.
Бүтээлийн энэ хэсэгт бид дараах сэдвүүдийг авч үзэх болно. Үүнд:«Улс төрийн бодлогын сүлжээ» үзэл баримтлалын арга зүйн үндэс: «Улс төрийн бодлогын сүлжээ» ойлголт, түүний төрлүүд: Улс төрийн бодлогын сүлжээ үзэл баримтлал дах «удирдлага» ойлголт.
13.1. «Улс төрийн бодлогын сүлжээ» үзэл баримтлалын арга зүйн үндэс
Улсын салбарын удирдлагын сүлжээ хандлага нь удирдлагын янз бүрийн онолын төлөөлөгчдийн дунд томоохон маргаан дэгдээх болсон. Нөгөө талаас нийгмийн үйл хэргийн удирдах, чиглүүлэх явцад үүсч буй олон чухал асуултад хариулт өгөх болсон. Сүүлийн жилүүдэд улсын салбарын удирдлагын экологи үлэмж хэмжээгээр өөрчлөгдөж зах зээлийн болон цэвэр захиргааны хэв шинжийн удирдлагаас гадна удирдлагын шинэ шинэ загваруудыг бий болгох, нээн илрүүлэх хэрэгцээг үүсгэх болжээ.
Нийгмийн орчинд олон ургальч байдал ноёрхох болсон, сонирхлын бүлгүүдийн харилцаа хувьсан өөрчлөгдөж байгаа, олон нийтийн эрэлт, хүлээлтийн түвшин өсөн нэмэгдэх болсон, эрсдэл, тодорхойгүй байдлын хэмжээ урьд байгаагүй ихээр өсч байгаа, улс орны дотоод улс төрийн бодлогод нөлөөлөх олон улсын хүчин зүйлсийн нөлөө өсөн нэмэгдэх болсон, нийгэм бүхэлдээ мэдээлэл, технологийн ололтыг хүртэж эхэлсэн, улсын салбарын удирдлагын байгууллагуудад итгэх олон түмний итгэл буурч байгаа зэрэг нь улсын салбарын удирлагын уламжлалт онол, үзэл баримтлал, зарчмуудыг өөрчлөн шинэчлэх хэрэгтэйг алхам тутамдаа мэдрүүлсээр байна. Чухам нийгмийн энэ бодот хэрэгцээ шаардлага дээр тулгуурлан шинэ үзэл баримтлалууд бий болсны нэг нь улс төрийн бодлогын сүлжээ онол юм. Улс төрийн бодлогын сүлжээ онол дараах онцлогуудыг өөртөө агуулдаг. Үүнд:
Нэгдүгээрт, улс төрийн бодлогын сүлжээ онол нь улсын салбарын удирдлага болон нийгмийн хоорондын харилцааг үндсээр нь өөрчлөн шинэчлэх хэрэгтэй гэж үздэг. Энэ утгаар нь авч үзвэл «сүлжээ» хэмээх ойлголт «архитектурын шийдэл боловсруулах шинэ парадигм»(Kenis, Schneider, 1991, 25) болжээ. Улс төрийн бодлогын сүлжээ онол /236-р хуудас/ нь нийгэм, олон нийтийн өмнө засгийн газрыг нээж өгөх өргөн боломжийг бий болгож байна. Улс төрийн бодлогын сүлжээ онол нь дунд түвшний удирдлагын харилцаанд өөрөөр хэлбэл удирдлагын бүтцүүдийн хооронд мөн олон нийт болон бизнесийн холбоодын хооронд үүсэх тэр харилцаанд голлон анхаардаг байна.
Хоёрдугаарт, улс төрийн бодлогын сүлжээ онол нь улс төрболон улсын салбарын удирдлагын хооронд харилцан хамаарал байгааг нотлохыг оролддог. Улсын салбарын шинэ удирдлагын үзэл баримтлал улс төрийн хүрээнд төдийлөн анхаарал хандуулдаггүй бол улс төрийн бодлогын сүлжээ онол нь улс төрийн орчинд онцгой ач холбогдол өгдөг байна.
«Улс төр болон улсын салбарын удирдлагыг ямарч тохиолдолд бүрэн зааглан авч үзэх боломжгүй юм»(Kelly, 1998, 205) хэмээн Рита Кэлли бичжээ.
Улсын салбарын шинэ удирдлагын үзэл баримтлалыг хамгаалагчдын зүгээс улс төрийн бодлогын сүлжээ онолыг хувь хүнд илүү эрх олгох, хариуцлага хүлээлгэх хэт өрөөсгөл хандлагыг гаргадаг гэж шүүмжлэх явдал байдаг. (…….) Улс төрийн бодлогын сүлжээ үзэл баримтлал нь өөрийн мөн чанарын хувьд үлэмж хэмжээгээр улс төрийн шинжийг өөртөө агуулдаг. Үүнтэй холбогдуулан өгүүлэхэд олон судлаачдын зүгээс улс төрийн бодлогын сүлжээ үзэл баримтлалыг улс төрийн шинжлэх ухаантай, тэр дундаа улс төрийн байр сууриа хамгаалах, улс төрийн шийдвэр гаргах ардчилсан онолтой холбоотойгоор авч үзэж судлах санал дэвшүүлдэг. Улс төрийн бодлогын сүлжээ онолд төрийг онцгойлон авч үздэггүй бөгөөд тодорхой сүлжээг бүрдүүлэгч олон тоглогчдын нэг нь мөн гэсэн өнцгөөс ханддаг байна. Нөгөөтэйгүүр сүлжээг бүрдүүлсэн тоглогчид төрөөс харьцангуй бие даасан шинжтэй орших ба төр тодорхой обьектив шаардлагын улмаас тэдгээртэй өөрт байгаа мэдээллээ солилцох, хамтран ажиллах шаардлага үүсгэдэг гэж үздэг. Эцэст нь, улс төрийн бодлогын сүлжээ онолд төрийг хатуу зохион байгуулалт бүхий эрх, үүргийн босоо тогтолцоо гэдгээр бус, харин  «засгийн газрын оролцоогүй удирдахуй»(«governing without government»)(Rhodes, 1997)буюу «засгийн газрын оролцоогүй жолоодлого»(«governance without government») (Rosenau, Czempiel, 1992; Peters, 1998) гэсэн томёололоор явагдах шинэ хэв шинжийн «удирдлагын харилцаа»(governance) гэж ойлгодог байна.
Гуравдугаарт, улс төрийн бодлогын сүлжээ онолын судлаачид улс төрийн шийдвэр гаргах үйл явц, удирдлагад ёс суртахууны өөрчлөлт онцгой ач холбогдолтой болохыг цохон тэмдэглэсэн байдаг. Энэ талаас авч /237-р хуудас/ үзвэл улсын салбарын удирдлагын уг онол нь улс төрийн философи, үнэт зүйлс баримжаалсан хандлагатай ойр байж болох талтай (Wamsley, Wolf, 1996; March, 1997; Harmon, 1998). «Үзэл санаа, итгэл үнэмшил, үнэлэмж, мэдлэг зэрэг нь улс төрийн бодлогын сүлжээг судлахад чухал ач холбогдолтойг хүлээн зөвшөөрсөн олон тооны ном, зохиолууд байна. Үүний зэрэгцээ улс төрийн бодлогын сүлжээг судлах рационал институционал хандлага байр сууриа алдаж эхэлснээр  үзэл санаа, итгэл үнэмшил, үнэлэмж, мэдлэг зэрэг нь зөвхөн улс төрийн бодлогын сүлжээг судлахад ач холбогдолтой төдийгүй сүлжээг бүрдүүлэгч тоглогчдын хооронд учир шалтгааны холбоос болж өгдөг гэсэн иш санаа үүссэн» (Borzel, 1998a, 264) гэж Таня Бэрцэл бичжээ.
Дөрөвдүгээрт, хэдийгээр «институт» хэмээх ойлголт улс төрийн бодлогын сүлжээ онолд томоохон байр суурь эзэлдэг ч институтад бус, харилцаа, холбоонд голлон анхаардагаараа онцлогтой. Сүлжээ, улс төрийн бодлогын сүлжээг хэрхэн, ямар арга замаар тодорхойлбол зохистой вэ? «Сүлжээ гэдэг нь... олон тоглогчид, тэдгээрийн хоорондын харилцаа, харилцан хамаарал, тодорхой үйлдэл буюу нөөцөөс бүрдсэн зүйлийг хэлнэ»(Hekanson, Johanson, 1998, 48) хэмээн Х. Хакансон, Я. Йохансон нар бичжээ.Мөн улс төрийн бодлогын сүлжээний хамгийн чухал зүйл нь улс төрийн институт хоорондын бүтэцчлэгдсэн харилцаа юм гэж Р. Родэс бичсэн байна (Marsh, Rhodes, 1992, 9).
Тавдугаарт, улс төрийн бодлогын сүлжээ онолд удирдлагын үр дүн, бүтээмжийн тухай асуудлыг «зорилго-арга хэрэгсэл» талаас бус, харин «зорилго-үйл явц» гэсэн үүднээс авч үздэг. Мэдээж хэрэг, нийт нийгмийн тодорхой нэг хэрэгцээг хангах үйл ажиллагаа явуулж буй улс төрийн бодлогын сүлжээний үр дүн, бүтээмжийг уг хэрэгцээг хэрхэн хангасан тухайд чанарын үзүүлэлтүүд боловсруулж үнэлэх нь ойлгомжтой (Milward, Provan, 1998; Provan, Sebastian, 1998). Гэхдээ энэ бүхний зэрэгцээ улс төрийн бодлогын сүлжээ онолд сүлжээг бүрдүүлэгч тоглогчдын харилцан ойлголцол, нэгдмэл байр суурьт хүрч чадаж байгаа эсэх, үйл ажиллагаагаа хэрхэн зохицуулж байгаа нь онцгой чухал юм (Hindmoor, 1998). Өөрөөр хэлбэл үр дүн, бүтээмж гэхээсээ илүү бодот байдалд үнэлэлт дүгнэлт өгөхийг чухалчилдаг. Тео Туунэн хамтын сонголт, харилцан ойлголцож буй байдлыг бодлогын сүлжээний үндсэн үр дүн гэж үзжээ. «Төрийн захиргааны байгууллагын суурь үнэт зүйлс нь хамтаар шийдвэр гаргах буюу хамтаар сонголт хийхэд оршино»(Тооnеn, 1998, 246) хэмээн бичсэн байна.
13.2. «Улс төрийн бодлогын сүлжээ» ойлголт
«Улс төрийн бодлогын сүлжээ»гэсэн ойлголтыг хэрхэн авч үзэх талаар судлаачдын дунд байр суурийн зөрөөтэй байдал харьцангуй бага байна. Бүхэлд нь авч үзвэл уг ойлголтын мөн чанар бодлогын сүлжээг бүрдүүлж буй тоглогчид, тэдгээрийн харилцаагаар тодорхойлогддог. Систем юм уу бүтцээс ялгаатай нь,/238-р хуудас/ бодлогын сүлжээнд оролцогчид улс төрийн шийдвэр гаргах, түүнийгээ хэрэгжүүлэхэдээ ямагт ухамсартай, бүтээлчээр ханддагт оршино. Үүний зэрэгцээ зах зээл, удамжлалт шатлан захирах удирдлага зэрэг нь бодлогын сүлжээг бүрдүүлэгч тоглогчдын дээрхухамсартай бөгөөд бүтээлч үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар нөлөөлж чаддаггүй. Эндээс үзэхэд улс төрийн бодлогын сүлжээ нэлээд онцлог шинжтэй болохыг ойлгож болохоор байна.
Улс төрийн бодлогын сүлжээ улсын салбарын удирдлагын хүрээнд бий болж олон нийт болон улс төрийн байгууллагуудын хоорондын тодорхой бүтэцлэг харилцааны хэлбэрээр оршин тогтнодог. Сүлжээг бүрдүүлэгч тоглогчид зөвхөн бодлогын сүлжээнийхээ хувьд ач холбогдолтой бөгөөд ямар нэгэн салбарын ашиг сонирхлоор (Эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, байгал орчин, аж үйлдвэр гэх мэт) төлөөлөгдсөн байх нь олонтаа. Хамтран ажиллах явцдаа бодлогын сүлжээний тоглогчид харилцан нэг нэгэндээ мэдээлэл дамжуулах, солилцох үүрэг хүлээдэг (Rhodes, Marsh, 1992, 10–13) хэмээн Английн судлаач Р. Родэс үзжээ. Таня Бэрцэл улс төрийн бодлогын сүлжээ үзэл баримтлал дах Англи болон Германы дэг сургуулиудыг харьцуулан судлаад «улс төрийн бодлогын сүлжээ гэдэг нь тодорхой ашиг сонирхлуудыг төлөөлж, түүнийгээ төрийн бодлогод тусгуулж хэрэгжүүлэх хамгийн үр дүнтэй арга нь хамтын ажиллагаа мөн гэдгийг ухамсарлахын зэрэгцээ харилцан мэдээллээ солилцох, нийтлэг хүсэл эрмэлзлэл бүхий олон тооны тоглогчдын хооронд үүсэх нэг нэгнээсээ хамаарсан харьцангуй тогтвортой харилцаа мөн»(Borzel, 1998a, 254) гэж тодорхойлжээ. 
«Улс төрийн бодлогын сүлжээний харьцуулалт. АНУ, Герман, Япон дах хөдөлмөрийн харилцааны бодлого» нэрт бүтээлийг зохиогчид улс төрийн шийдвэр гаргах явцад тухайн шийдвэрийг гаргахад оролцож буй тоглогчдын дунд үүсэх харилцааг зохион байгуулалттай төр гэсэн ойлголтоор дамжуулж тодорхойлсон байдаг. «Байгууллага хоорондын бодлогын сүлжээ нь парламентад суудалтай нам, засгийн газрын яамдуудаас эхлээд бизнесийн холбоод, үйлдвэрчний эвлэл, сонирхлын бүлгүүд хүртэлх янз бүрийг тоглогчдын хооронд үүсч буй харилцааг судлах, шинжлэх боломжийг бидэнд олгож байна.Зохион байгуулалттай төрийн бүхэл бүтэн тогтолцоог цэвэр эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулах боломжгүй юм. Шийдвэр гаргах албан ёсны харилцааны зэрэгцээ албан бус харилцаа нь бодлогын сүлжээний мөн чанарыг тодорхойлж байдаг» (Knoke, Pappi, Broadbent, Tsujinaka, 1996, 3). Зохион байгуулалттай төрийг тодорхойлох боломж олгодог үндсэн ойлголтууд нь хамтын шийдвэрийг гаргах улс төрийн хүрээ, тоглогчид, улс төрийн ашиг сонирхол, эрх мэдлийн харилцаа, хамтын үйл ажиллагаа, хамтын байр суурь гэсэн ойлголт болно (Ibid, 9, 11). /239-р хуудас/
Лорэнц ОТуул «илүү тодорхой байдлаар авч үзвэл бодлогын сүлжээ гэдэг нь төр, хувийн хэвшлийн түншлэл, олон талын нарийн төвөгтэй хэлцэл, хөтөлбөрийн менежментийн удирдлага хоорондын бүтэц, агентуудын хоорондын хамтын ажиллагаа юм. Хамтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамааралт ашиг сонирхлоор холбогдсон төрийн агентлаг, хувийн пүүс, компани, ашгийн бус сайн дурын байгууллагуудын үйлчилгээ үзүүлэх тогтолцоо бол бодлогын сүлжээ болно» (O'Toole, 1997, 446) хэмээн тодорхойлсон байдаг. Энд бодлогын сүлжээг бүрдүүлж буй тоглогчдыг илүү дэлгэрэнгүй тоочиж тодорхойлсон байна.
Энэ мэтчлэн улс төрийн бодлогын сүлжээ нь удирдлагын үйл ажиллагааны бусад хэлбэрээс ялгагдах өөрийн гэсэн шинжүүдтэй байдаг. Нэгдүгээрт, бодлогын сүлжээ нь төр, иргэний нийгмийг холбогч нийтийн үйл хэргийг удирдах тогтолцоо юм. Уг бүтцийг улсын салбарын удирдлагын хүрээнд ажиглаж болох бөгөөд онолын хувьд нийтлэг ашиг сонирхол бүхий хамтын ажиллагаан дээр суурилсан төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагуудын нийлбэр цогц мөн гэж үзэж болох талтай.Хоёрдугаарт, улс төрийн бодлогын сүлжээ нь нийгмийн янз бүрийн бүлгүүдийн дунд зөвшилцлийг бий болгох зорилгоор үүсдэг. Өөрөөр хэлбэл бодлогын сүлжээг бүрдүүлэгч тоглогчдын хооронд харилцан нэг нэгнээсээ хамаарсан эрх ашгийг бий болгох явдал юм. Баялаг, эрх мэдэл харилцан адилгүйгээр хуваарилагдаж болно. Гэхдээ түүнээс хамаарахгүйгээр бодлогын сүлжээг бүрдүүлэгчдийн дунд харилцан ашигтай байх, харилцан хамааралтай байх эрх ашгийг суулгаж өгөх хэрэгтэй. Нөгөө талаар бодлогын сүлжээний тоглогчдын дунд эрх мэдэл, баялагийн хамаарал оршиж байдаг. Гуравдугаарт, улс төрийн бодлогын сүлжээний хамгийн чухал шинж нь хамтран ажиллах нийтлэг эрх ашиг юм. Олон судлаачдын хувьд улс төрийн бодлогын сүлжээний хамгийн гол шинж энэ болдог. Дөрөвдүгээрт, улс төрийн шийдвэр гаргах түвшинд бодлогын сүлжээний оролцогчид харилцан тэгш байх ёстой. Өөрөөр хэлбэл ямар нэгэн давуу эрх мэдлийн байр суурь байх ёсгүй гэсэн санаа юм. Бодлогын сүлжээний бүх тоглогчид сонирхож буй асуудлаараа шийдвэр гаргахад оролцох эрх тэгш боломжоор тэнцүү хангагдана гэсэн үг. Харилцааны босоо бус, хэвтээ шинж байхыг номлодог. Тавдугаарт, сүлжээ бол харилцааны албан болон албан бус хэв шинж дээр суурилсан гэрээний тогтолцоо юм. Улс төрийн бодлогын сүлжээний хүрээнд онцгой зөвшилцөж шийдвэр гаргах соёл байдаг. Бүхэлд нь авч үзвэл улс төрийн бодлогын сүлжээ гэдэг нь албан болон албан бус дүрмээр зохицуулагдах зөвшилцлийн арга хэрэгсэлд захирагдсан төрийн болон төрийн бус байгууллагуудын тогтолцоо юм. /240-р хуудас/
13.3. «Улс төрийн бодлогын сүлжээ» ойлголт, түүний төрлүүд
Улс төрийн бодлогын сүлжээ өөр хоорондоо харилцан адилгүй байдаг. Тэдгээрийг ангилах, зааглах янз бүрийн хэмжүүр байдгаас дараах зүйлсийг судлаачид чухалчлан үздэг. Үүнд: (1) Сүлжээний тоглогчдын тоо, хэв шинж, (2) Институтжсан байдал, (3) Сүлжээ үүсч буй улс төрийн хүрээ, (4) Сүлжээний тоглогчдын дунд эрх мэдэл, нөөцийг хэрхэн хуваарилаж байгаа байдал, (5) Сүлжээний тоглогчдыг нэгтгэж байгаа эрх ашгийн онцлог, (6) Сүлжээний доторх эрх мэдлийн төвлөрлийн түвшин гэх мэтийг нэрлэж болох байна (Jordan, Schubert, 1992; Rhodes, Marsh, 1992; Kriesi, 1994; Knoke, Pappi, Broadbent, Tsujinaka, 1996). Таня Бэрцэл «Бүрэлдэн бий болж буй Вавилон-улс төрийн бодлогын сүлжээ үзэл баримтлалын онолууд» нэртэй өгүүлэлдээ улс төрийн бодлогын сүлжээний үндсэн хэв шинжүүдийг гаргаж ирэхийг оролдсон байдаг (Borzel, 1998a, 256–258).
Хамгийн өргөн тархсан ангилал бол Р. Родэсийн дэвшүүлсэн улс төрийн бодлогын сүлжээний ангилал юм (Rhodes, Marsh, 1992, 13–15). Тэрээр дотоод нэгдлийн түвшин, тоглогчдын тоо, эрх мэдэл, нөөц хуваарилагдсан байдал гэсэн гурван хэмжүүр дээр тулгуурлан дараах таван улс төрийн бодлогын сүлжээ байж болохыг гаргасан.
Улс төрийн нийгэмлэг (policy communities) гэдэг нь бусад хэлбэрийн сүлжээнээс бие даасан байдлаар оршихын зэрэгцээ иргэдэд үйлчилгээ үзүүлэх, шийдвэр гаргахад хамтын хариуцлага хүлээдэг босоо хамаарал бүхий нэн явцуу гишүүнчлэл дээр суурилсан тогтвортой харилцаанаас бүрдсэн сүлжээ юм. Босоо хамаарал, босоо зохицуулалт, нэгдэл нягтрал өндөр байдгаараа энэ хэв шижийн сүлжээ нэлээд онцлогтой. Иймэрхүү төрлийн сүлжээнүүд нь боловсрол, галын аюулгүй байдал гэх мэт чиг үүргийн шинжтэй эрх ашиг дээр голлон тулгуурладаг байна.
Мэргэшлийн онцлогт суурилсан сүлжээ (professional networks) гэдэг нь шийдвэр гаргаж буй тоглогчдын зөвхөн нэг тоглогчийн давамгай шинжээр тодорхойлогддог. Энэ хэв шинжийн сүлжээ нь мэргэшлийн онцлогт суурилсан бүлгүүдийн эрх ашгийг төлөөлөх бөгөөд хаагдмал шинжтэй, босоо хамаарлын түвшин өндөр байдгаараа онцлогтой. Мэргэшлийн онцлогт суурилсан сүлжээүндэсний хэмжээнд үйл ажиллагааг явуулдаг ба үүний нэг тод жишээ нь Их Британы Үндэсний Эрүүлийг Хамгаалах Алба юм.
Удирдлага хоорондын сүлжээ (intergovermantal networks) нь их төлөв орон нутгийн эрх мэдлийн байгууллагуудын төлөөлөл дээр тулгуурладаг сүлжээ юм. Нутаг орны гишүүнчлэлтэй, өргөн хүрээний эрх ашгийг төлөөлдөг, харьцангуй бага босоо хамааралтай, нэлээд хүчтэй хэвтээ бүтэцтэй, олон сүлжээнүүдтэй байнгын харилцаатай байдаг зэрэг онцлог шинжүүдтэй.
Үйлдвэр эрхлэгчдийн сүлжээ (producer networks) нь улс төрд эдийн засгийн ашиг сонирхлыг нэгтгэн илэрхийлэх чиг үүрэгтэй сүлжээ юм/241-р хуудас/.
Асуудал баримжаалсан сүлжээ (issue networks) нь нэг нэгнээсээ харьцангуй бага хамааралтай олон тооны тоглогчдоос бүрдэх сүлжээ юм.
13.4. Улс төрийн бодлогын сүлжээ үзэл баримтлал дах «удирдлага» ойлголт
Англи хэлний «governance» хэмээх үгийг Орос хэл дээр нэгэн янзаар хөрвүүлэхэд нэлээд хүндрэлтэй. «Удирдах», «байгууллагын дээд түвшний удирдлага», «жолоодлого», «ерөнхий удирдлага», «улс төрийн удирдлага» гэх мэтчлэн олон янзаар орчуулагддаг. Мэдээж хэрэг, энэ бүх ойлголтууд өөр хоорондоо утга санааны хувьд харилцан хамааралтай. Гэхдээ энэ ойлголтыг дээрх бүх утга санааг нэгэн зэрэг агуулах ерөнхий утгаар бас орчуулж болох талтай. Хэрэв ингэж чадвал бидний хувьд хэрэглээнд нэвтрүүлэхэд нэлээд дөхөмтэй болохсон билээ.
Улсын салбарын удирдлага (илүү өргөн утгаар авч үзвэл нийтийн удирдлага) дах «удирдлага» хэмээх ойлголт нь үзэл баримтлалын томоохон ач холбогдолтой нэр томьёо юм. Улсын салбарын шинэ удирдлагын чиглэлээр бичсэн бүтээлүүдэд уг ач холбогдлыг нэлээд  өндрөөр үнэлж судалсан байдаг.  Зарим судлаачдын зүгээс «удирдлага» хэмээх ойлголтыг улсын салбарын удирдлага, удирдлагын институционал үзэл баримтлал, улс төрийн бодлогын сүлжээ онолуудтай адил бие даасан онолын түвшинд авч үзэх санал гаргасан байдаг (Frederickson, 1999, 705–706). Үүний зэрэгцээ улс төрийн бодлогын сүлжээ үзэл баримтлалыг «governance» гэсэн ойлголтоор дамжуулан бие даасан онолын дэг сургуулийн түвшинд (Германы дэг сургууль)Бэрцэл авгай судалжээ (Borzel, 1998a). Улс төрийн бодлогын сүлжээ онолыг хөгжүүлэгч ихэнх судлаачид уг ойлголтыг хэрэглэх замаар сүлжээг бүрдүүлж шийдвэр гаргах үйл явцад оролцох тоглогчдын хоорондын харилцааг нээн илрүүлэх, тодорхойлох оролдлого хийсэн байдаг. Судлаач Гай Питэрс «удирдлагын асуудал бол төрийн албаны тухай эерэг үзэл бодол дээр ихэвчлэн суурилсан байдаг. Өөрөөр хэлбэл төрийн албыг олон нийтийн санаа бодлыг илэрхийлж, асуудлыг шийдвэрлэх, нөөцийг дайчлахад зонхилох байр суурьтай оролцоход чиглүүлсэн үзэл санааг илэрхийлэхэд ашигладаг. Удирдлагын хүрээнд улс төрийн институтууд харилцан адилгүй үүрэгтэй байх боловч нийтлэг зорилгын төлөө бүгд удирдлагын үйл явцад жигд хамрагддаг. Чухам энэ бол удирдлага үзэл баримтлал болно» (Peters, 1998, 229) хэмээн бичсэн байна.
Улсын салбарын удирдлагын хүрээнд үүссэн шинэ нөхцөл байдлыг тодорхойлоход «удирдлага» ойлголтыг ашиглах болсон нь улс төрийн бодлогын сүлжээ /242-р хуудас/ онолыг улс төрийн шинжлэх ухаантай нягт холбон өгчээ. Удирдлагын үзэл баримтлал нь улс төр судлалын онол учир улс төрийн шинжлэх ухааны хүрээнд тодорхой хэмжээгээр улс салбарын удирдлагын ач холбогдол, үр нөлөөг нэмэгдүүлэх болсон. Энд улсын салбарын удирдлагыг зүгээр нэг төрийн гүйцэтгэх чиг үүргийн хэрэгжилт төдийгөөр бус, харин иргэний нийгэмтэй хамтран улс төрийн шийдвэр гаргах үндсэн тоглогчдын нэг гэж үздэгт оршино. «Орчин үеийн удирдлагыг тодорхой эрх хэмжээ, чиг үүрэг, нөөц, тусгай эрх ашиг бүхий тоглогчдын шийдвэр гаргах тогтолцоо хэмээн тодорхойлж болох юм»(Hanf, O'Toole, 1992, 166) гэж Кэннэт Хэнф, Лорэнц ОТуул нар бичжээ.Ингэхлээр, улсын салбарын удирдлагын хувьд энэ онцлог нь улсын болон хувийн хэвшлийн тоглогчдыг шийдвэр гаргах үйл явцад татан оролцуулах өөрөөр хэлбэл олон нийтийн харилцаа холбоо, хэлэлцүүлэг, зөвшилцлийн мехнизмыг практикт нэвтрүүлнэ гэсэн үг юм. «”Удирдлага” хэмээх ойлголт нь улсын салбарын удирдлагын үйл ажиллагааны арга хэрэгсэл, зорилгыг тодорхойлж түүнд захиргааны дүрэм журам, хэм хэмжээ, зохион байгуулалт, санхүүгийн бүтэц, хөтөлбөр төлөвлөгөө зэргийг нарийн уялдуулах үйл явцыг илэрхийлнэ.  Аливаа хуулийн этгээд, байгууллага, аж ахуйн нэгж, салбарын дотоодод бодлогын талаасаа бүрэн зохицуулалт хийх үйл ажиллагаа нь бидний «удирдлагын логик» хэмээн нэрлэх тэр динамик үйл явц юм. Энэ нь иргэдийн эрх ашиг, үнэлэмж, хууль тогтоох байгууллагын сонгууль, гүйцэтгэх байгууллагын бүтэц, чиг үүрэг, тэдгээр нэг нэгэнтэйгээ харилцан уялдах эрх зүйн зохицуулалт зэрэгтэй шууд холбогдоно» (Frederickson, 1999, 705–706). Үнэндээ удирдлага нь засаг төрийн дээд эрх мэдэл улс төрийн шийдвэр гаргах цорын ганц эх үүсвэр болдог захиргааны үйл ажиллагаатэрчлэн эрэлт, нийлүүлэлтээр дээд зэргийн үр дүн олж авах улсын салбарын удирдлагын зах зээлийн загвар зэргээс ихээхэн ялгаатай. Удирдлага бол хамтын хүчин чармайлтаар харилцан эрх ашгаа хангах, бүх талуудынхэрэгцээг хангасны үндсэн дээр улс төрийн шийдвэр гаргах улсын салбарын болон хувийн хэвшлийн хоорондын яриа хэлэлцээрээр дамжин хэрэгжидэг үйл явц юм. Удирдлага улсын салбарын удирдлага, захиргаанаас ялгаатай төдийгүй илүү үр ашигтай зүйл юм. Асуудлыг шийдвэрлэхэд оролцогч бүх /243-р хуудас/ талуудын эрх ашгийг тэнцвэртэй тусгахыг хичээдэг учир үр дүнтэй болно.
13.5. Улс төрийн бодлогын сүлжээний үр дүн буюу үр ашиг
Улс төрийн бодлогын сүлжээгээр дамжин хэрэгжиж буй удирдлагын үр ашгийг хэмжих янз бүрийн арга байдаг. Нэгдүгээрт, бодлогын сүлжээ нь тоглогчдын хооронд үүсэх янз бүрийн эрсдэлт үйл ажиллагааг багасгах учир төр, сонирхлын бүлгүүдийн харилцаа улс төрийн бодлогын сүлжээгээр дамжин илүү үр ашигтай байх боломжтой. «Зах зээл, шатлан захирах ёс нь институционал баталгаагаар дамжуулан итгэлцэл бий болгохыг хичээдэг. Ажил хийсэн л бол цалин хөлс олгогдоно гэсэн хууль эрх зүйн тогтолцоонд итгэдэг учир ажил хайгчид ажил олгогчидтой хамтран ажиллахад бэлэн байдаг. Харин засгийн газар, лобби бүлгүүдийн хооронд итгэлцэл бий болоход энэ зүйл хангалтгүй» (Hindmoor, 1998, 34) хэмээн Хиндмуур бичсэн байна. Сүлжээний үр ашиг түүнд оролцож буй тоглогч нэг бүрээс хамаарч байдаг учир итгэлцэл бий болж чаддаг. Өөрөөр хэлбэл итгэлцэл нь сүлжээ бүрэлдэх явцад бий болдог гэсэн үг юм. Хоёрдугаарт, сүлжээний үр ашиг уг сүлжээг бүрдүүлэгч тоглогчдын хооронд үүсэх харилцаагаар тодорхойлогддог. Бринтон Милворд, Кэйт Прован нарын явуулсан тусгай судалгаагаар сүлжээний үр ашиг дараах хүчин зүйлсээс хамаарч байна. Эдгээрт (Milward, Provan, 1998, 216–217):
·         Гол тоглогчоо тойроод нэгдэж нягтрах үйл явц хүчтэй үед сүлжээ дээд зэргийн үр ашигтай байдаг:
·         Төрийн санхүүгийн хяналтын механизм шууд байх үед сүлжээ дээд зэргийн үр ашигтай байдаг:
·        Бодлогын сүлжээг таатай орчин хүрээлж байгаа нөхцөлд сүлжээ дээд зэргийн үр ашигтай байх магадлалтай байдаг. Гэхдээ таатай орчин сүлжээний үр ашгийн шууд угтвар болдоггүйг анхаарах хэрэгтэй (үүнд бусад олон хүчин зүйл нөлөөлдөг):
·        Хэдийгээр үр ашигтай байдлын хангалттай нөхцөл болж чаддаггүй ч сүлжээ тогтвортой байгаа үед дээд зэргийн үр ашиг ажиглагдана:/244-р хуудас/
* * *
Улс төрийн бодлогын сүлжээ үзэл баримтлал төр, иргэний нийгмийн хоорондын харилцааны талаарх судалгаанд гүн гүнзгий туссан байдаг. Энд ялангуяа плюралист онол, корпоративизм, сонирхлын бүлгийн онол, байгууллага хоорондын харилцааны онол зэргийг дурдаж болох байна. Шинэ институционализм, тэр тусмаа түүний социологи хандлага улс төрийн бодлогын сүлжээ үзэл баримтлалд зохих нөлөөллөө үзүүлсээр байна. Хэдийгээр энэ онол, үзэл баримтлал шүүмжлэлд өртөж байгаа ч улс төрийн бодлогын шийдвэр боловсруулах, гаргах, улсын салбарын удирдлагыг загварчлах, альтернатив орчинг бий болгоход их, бага ямар нэгэн хэмжээгээр нөлөөлсөөр байгаа билээ.
Ашигласан эх сурвалжийн жагсаалт
1.       Bogason P., Toonen T. Introduction: Networks in Public Administration // Public Administration. 1998. Vol. 76. № 2.
2.       Borzel T. Organizing Babylon – on the Different Conceptions of Policy Networks // Public Administration. 1998. Vol. 76. № 2.
3.       Borzel T. Rediscovering Policy Networks as a Form of Modern Governance // Journal of European Public Policy. 1998. Vol. 5. № 2.
4.       Freeman J. the Political Process. New York: Doubleday, 1955.
5.       Jordan G., Schubert K. A Preliminary Ordering of Policy Network Labeling // Europian Journal of Political Research. The Special issue. 1992. Vol. 21. № 1–2.
6.       Hakanson H., Johanson J. The Network as a Governance Structure: In-terfirm Cooperation Beyond. Markets and Hierarchies // Organizing Organizations / N. Brunsson, J. Olsen (eds.). Bergen: Fagbokforlaget, 1998. p. 48.
7.       Harmon M. Decisionism and Action: Changing Perspectives in Organization Theory // International Journal of Public Administration. 1998. Vol. 26. № 6–8.
8.       Hanf K., O'Toole L. Revisiting Old Friends: Networks, Implementation Structures and the management of Inter-Organisational Relations // European Journal of Political Research. The Special Issue. 1992. Vol. 21. № 1–2.
9.       Hindmoor A. The Importance of Being Trusted: Transaction Costs and Policy Network Theory // Public Administration. 1998. Vol. 76. №1.
10.    Kelly R. An Inclusive Democratic Polity, Representative Bureaucracies? And the New Public Management // Public Administrative Review. 1998. Vol. 58. №8.
11.    Kenis P., Schneider V. Policy Networks and Policy Analysis: Scrutinizing a New Analytical Toolbox // Policy Network: Empirical Evidence and Theoretical Considerations / B. Marin, R. Mayntz (Eds.). Frankfurt a/M: Campus Verlag, 1991.
12.    Knoke D. Political Networks. Structural Perspective. Cambridge: Cambridge University Press, 1990.
13.    Knoke D., Pappi F., Broadbent J., Tsujinaka Y. Comparing Policy Networks. Labor Politics in the USA, Germany and Japan. Cambridge, N.Y.: Cambridge University Press, 1996.
14.    Kriesi H. Les Democraties Occidentals. Una Approach Comparee. Paris: Economica, 1994.
15.    March J. Administrative Practice, Organization Theory, and Political Philosophy: Ruminations on the Reflections of John M. Gaus // PS. Political Science and Politics. 1997. Vol. 30. №4. /245-р хуудас/
16.    Milward Н, Provan К. Principles for Controlling Agents: The Political Economy of Network Structure // Journal of Public Administration Research and Theory. 1998. Vol. 8. № 2.
17.    О'TooleL. The Implications for Democracy in a Networked Bureaucratic World // Journal of Public Administration Research and Theory. 1997. Vol. 7.
18.    Peters G. Governance without Government? Rethinking Public Administration // Journal of Public Administration: Research and Theory. 1998. Vol. 8. № 2.
19.    Provan K., Sebastian J. Networks within Networks: Service Link Overlap, Organizational Cliques, and Network Effectiveness // the Academy of Management Journal. 1998. Vol. 41. № 4.
20.    Rhodes R, Marsh D. Policy Network in British Politics. A Critique of Existing Approaches // Policy Network in British Government / Eds. D. Marsh and R. Rhodes. Oxford: Clarendon Press, 1992.
21.    Rhodes R. Understanding Governance. Policy Network, Governance, Reflexivity and Accountability. Buckingham, Philadelphia: Open University Press, 1997.
22.    Rosenau J., Czempiel E.O. (Eds.). Governance without Government: Order and Change in World Politics. Cambridge: Cambridge University Press, 1992.
23.    Smorgunov L. Rational Choice, Communitarianism, Collectivist Values and Problems of the Effective State // Communitarianism, Liberalism, and the Quest for Democracy in Post-Communist Societies / Eds. A. Koryushkin, G. Meyer. St. Petersburg: St. Petersburg University Press, 1999.
24.    Toonen T. Networks, Management and Institutions: Public Administration as 'Normal Science' // Public Administration. 1998. Vol. 76. №2.
25.    Wamsley G., Wolf J. (Eds.). Refounding Democratic Public Administration Modern Paradoxes, Postmodern Challenges. Thousand Oaks, London, New Delhi: Sage, 1996.
Үндсэн ойлголтууд
Улс төрийн бодлогын сүлжээ, улс төрийн нийгэмлэг, үйлдвэрчний эвлэлийн сүлжээ, удирдлага хоорондын сүлжээ, асуудлын сүлжээ, үйлдвэр эрхлэгчдийн сүлжээ, удирдлага, бодлогын сүлжээний үр ашиг.
Мэдлэг бататгах асуултууд
1. Улс төрийн бодлогын бодот сүлжээ бий болох ямар шалтгаанууд байна вэ?
2. Ямар үзэл баримтлал улс төрийн бодлогын сүлжээ онолтой зөрчилддөг вэ?
3. Улс төрийн бодлогын сүлжээ гэж юуг хэлэх вэ, түүний чиг үүргүүдийг нэрлэнэ үү?
4. Улс төрийн бодлогын сүлжээний ямар төрлүүдийг нэрлэж болох вэ?
5. Улс төрийн бодлогын сүлжээ үзэл баримтлал дах удирдлага хэмээх ойлголт улсын салбарын удирдлага дах удирдлага хэмээх ойлголтоос юугаараа ялгаатай вэ?
6. Бодлогын сүлжээний үр ашгийн нөхцлийг нэрлэнэ үү/246-р хуудас/


ЭХ СУРВАЛЖ: Государственнаяполитика и управление. Учебник. В 2 Ч. Часть I: Концепции и проблемыгосударственнойполитики и управления\ Подред. Л. В. Сморгунов.-М.: «РоссийскаяПолитическаяЭнциклопедия» (РОССПЭН), 2006. – стр. 235-246.20. 05. 2015. Электронныйресурс. URL: http://gpb22.narod.ru/smorgunov_1/contents.html
МОНГОЛ ХЭЛНЭЭ ХӨРВҮҮЛСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ Нямаагийн ОТГОНБАЯР
Политолог ОТГОНБАЯР Нямаев  (родился 13 июнь 1982) - Монгольский политолог, социолог, историк, философ, культуролог, переводчик и исследователь. Он закончил МонГУ со степенью магистра политических наук. С 2005 году ОТГОНБАЯР преподавал в Уланбаторском университетом,  потом перешёл на институт ХАНГАЙ. Сегодня преподаватель ОТГОНБАЯР Нямаев докторант в Академии Государственного Управление.

ЗАХИРГАА БА УЛС ТӨРИЙН ХАРИЛЦАА: ҮЗЭЛ САНААНЫ ТОЙМ

  Нэг. Удиртгал Төрийн захиргааны мэдлэг одоогоос 2500 орчим жилийн өмнө Энэтхэг, Хятад, Грек-Ром дахь философи сэтгэлгээний хүрээнд анхла...