Wednesday, February 4, 2015

ЕВРОП ДАХИНАА ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ОНОЛЫГ АНХЛАН ХӨГЖҮҮЛЭГЧ ЛОРЭНЦ ФОН ШТЭЙНИЙ «ТӨРИЙН УДИРДЛАГЫН СУРГААЛ»

Германы төрийн онолч, эдийн засагч, хуульч, камерализмын урсгалын томоохон төлөөлөгч Лорэнц фон Штэйн (1815-1890 он) Европ Дахинаа төрийн захиргаа, удирдлагын ухааныг бие даасан шинжлэх ухааны мэдлэг гэдэг утгаар нь үндэслэжээ. Иенийн Их Сургуульд гүн ухаан, хууль цаазын мэдлэг олж авсан тэрээр 1846 оноос энэ сургуулийнхаа багш болжээ. Гэвч үзэл бодол хэлтгий учир олонд адлагдаж аргагүйн эрхэнд багшийн ажлаа орхисон байдаг. 1855 онд тэр үеийн нэр хүндтэй их сургуулиудын нэг болох Венийн Их Сургуульд уригдаж төрийн захиргааны онолоор лекци унших болсон. Түүний лекцид төрийн захиргааны мэдлэг анх удаа бүрэн утгаараа системчлэгдсэн байдаг нь өнөөгийн судлаачдын хувьд нэлээд сонирхол татдаг. Штэйн Венийн Их Сургуульд бараг 30 жил багшилж 1885 онд 70 нас хүрч сая тэтгэвэрт гарчээ.
Ташрамд өгүүлэхэд Л. фон Штэйн Мэйжигийн үеийн Японид улс төрийн зөвлөхөөр очиж тэнд үндсэн хуульт хаант засгийг төлөвшүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан байдаг.
Хүн төрөлхтөний удирдахуйн сэтгэлгээний түүхэнд Лорэнц фон Штэйний оруулсан хувь нэмэр асар их юм. Төрийн захиргаа, удирдлагын ухаанаар нэг бус бүтээл гаргасан бөгөөд тэдгээрээс хамгийн алдартай нь«Франц, Англи, Герман тэргүүтэн орнуудын хууль тогтоомжийг удирдлагын эрх зүйтэй харьцуулан судалсан удирдлагын тухай сургаал», «Өнөөгийн Франц дах социализм, коммунизм», «1789 оноос хойших Франц дах нийгмийн хөдөлгөөний түүх»,«Нийгмийн тухай сургаал», «Удирдлагын тухай сургаал» нэртэй зохиолууд юм.
Европын судлаачдаас анхлан капиталист нийгмийн гүнд бугших ангийн тэмцэл, гуйранч зүдүү байдал, түүнийг гэтэлгэх, шийдвэрлэх арга замын тухай асуудалд Лорэнц фон Штэйн анхаарал хандуулсан байдаг. Зарим хүмүүс Марксаас өмнө энэ асуудалд ул суурьтай хандсан хүн бол Лорэнц фон Штэйн мөн гэсэн санааг гаргадаг(Смотри на: Кочеткова, Л, Н, 2008, С. 69-79.). Үзэл санааны хувьд Штэйн Германы гүн ухаантан Хэгэлийн нөлөөн дор байжээ. Энэ ч учир Карл Маркс «Хэгэлийн хэл рүү Францын социализмийн үзэл санааг хөрвүүлэгч» хэмээн Л. фон Штэйний тухай өөрийн бүтээлд дурджээ.
Нийгмийн гүнд бугших ангиудын тэмцлийг намжаах, нийгэм, улс төрийн тогтвортой байдлыг хадгалах хамгийн үр дүнтэй арга нь социал хаант засгийг бий болгох явдал мөн.
Лорэнц фон Штэйн иргэний нийгэм, төр хоёрыг зааглан авч үзсэн байдаг. Түүхийн үүднээс авч үзвэл иргэний нийгэм анх түрүүн үүссэн боловч хөгжлийн явцдаа төр хэмээх институтийг бий болгосон. Иргэний нийгмийн анхдагч нэгж болсон хүний хэрэгцээ, хөдөлмөр, өмчийн харилцаа гүнзгийрэн хөгжсний үр дүнд төр үүсчээ. Өөрт заяасан материаллаг болоод оюун санааны хэрэгцээг хангах зорилгоор хүн аргагүйн эрхэнд байгаль дэлхийгээ цөлмөн хоосолж баялаг бүтээж байдаг. Ингэхдээ ганц хүний хүч, нөөц боломж хязгаарлагдмал учир бусадтай харилцаанд орж байж сая хөдөлмөр хуваарилалт дээр суурилсан хөдөлмөрийн хамтлагийг бүрдүүлдэг байна. Нэгэнт бий болсон баялагийг хуваарилах зарчим шударга бус байсан учир иргэний нийгэмд өмчтөн, өмч, хөрөнгөгүй, гуйранч гэсэн хоёр анги үүсэх нөхцөл бий болжээ.
Хүн төрөлхтөний түүхийн туршид төр ямагт нийгмийн тодорхой нэг ангийн хүсэл зориг, улс төрийн ноёрхлыг хэрэгжүүлэх зэвсэг болсоор иржээ. Энэ бол нийгмийн зөрчлийг шийдвэрлэх үр дүнтэй арга биш юм. Нийгмийн харилцааны үндсэн субъект нь төр учир түүнийг шинэчлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нийгмийн нэг ангийн улс төрийн ноёрхлын зэвсэг болсон төрийг нийгмийн бүх ангийн эрх ашгийг хамгаалж, хүний иргэний эрх, эрх чөлөөг дээдэлсэн төр болгох ёстой. Энэ төр нь бүгд найрамдах юм уу ардчилсан төр биш, иргэдээ дээдэлсэн нийгэмд бүрэн утгаараа түншлэл бий болгож чадсан социал хаант төр юм. Социал хаант төрд дараах гурван янзын эрх мэдэл оршино. Эдгээрт:
·         Эзэн хааны эрх мэдэл:
·         Хууль тогтоох эрх мэдэл
·         Засгийн газрын эрх мэдэл орно.
Төрийн тэргүүн буюу эзэн хаан улс орны дотоодод болон гадаадад эх орноо төлөөлж, ард түмэн, иргэний нийгмийн дээд эв нэгдлийн илэрхийлж байх ёстой. Харин төрийн хүсэл сонирхлыг хууль, тогтоомж, эрх зүйн хэм хэмжээгээр дамжуулан хууль тогтоох эрх мэдэл илэрхийлнэ. Төрийн үйл ажиллагаа буюу хууль тогтоомжийг амьдралд хэрэгжүүлэх үйлдлийг засгийн газрын эрх мэдэл хариуцана. Үндсэн хуульт хаант засаг буюу социал хаант төр нь нийгмийн тодорхой бүлэг, анги, давхаргын бус, харин нийт хүн ардын язгуур ашиг тусыг хичээдэг. Гэхдээ бие даасан, хатуу чанд төрийн засаг энэ үүргийг хэрэгжүүлж чадна. Ингэснээр өмчийн харилцааг хадгалахын зэрэгцээ капиталист тогтолцооны гэм согогийн хялбархан даван туулах боломжтой. Хувьсгал, самуурлын цаг үе улиран одож шинэчлэл, өөрчлөлтийн эрин үе эхлэх болно. «Төрийн бие нь газар нутаг, оюун санаа нь ард түмэн юм. Газар нутаг, ард түмэн нэгдснээр улс орон өөрийн шинжийг олдог» хэмээн Л. фон Штэйн бичжээ.
Үүний зэрэгцээ цэвэр удирдлагын эрх зүй нь дотоод удирдлагын, хууль шүүхийн, төрийн өмчийн гэсэн гурван хэсэгт хуваагдана. Эрх зүй гэдэг нь бусдын зөрчиж үл болох амьдралын тодорхой хүрээ бол хууль нь төрийн хүсэл зоригийг илэрхийлж буй байдал юм. Төрийн засаглал гэдэг нь төрийн бүх түвшний байгууллагуудын үйл ажиллагааны нийлбэр цогцийг хэлэх бөгөөд байгууллага болгоны үйл ажиллагаа тодорхой журмаар зохицуулагддаг.
Л. фон Штэйний төрийн захиргаа, удирдлагын ухаанд оруулсан нэг шинэ нэр томъёо нь «Ард түмний-сонгуульт захиргаа» гэх ойлголт юм. Ард түмний-сонгуульт захиргаа нь нийгэмлэг, холбоо гэсэн хоёр үндсэн хэлбэртэй. Өөрөөр хэлбэл удирдлагын үйл ажиллагаанд олон түмнийг татан оролцуулах үйл ажиллагаа нь ард түмний-сонгуульт захиргааны үндсэн шинж юм.
Ташрамд өгүүлэхэд Л. фон Штэйн орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг энэ төрлийн удирдлагын анхдагч шат мөн гэж үзсэн байдаг. Төрийн бүх зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг захиргаа гэдэг бол олон нийтэд захиргааны тогтолцоо гэдэг утгаар ойлгогддог. Удирдлага, захиргаа зөвхөн хүмүүсийн хооронд харилцаа бий болсон үед үүсэх бөгөөд ганц хүн, бодьгал байгаа нөхцөлд удирдлага байх боломжгүй юм.
Төрийн захиргаа, удирдлагын ухааныг цагдаагийн шинжлэх ухаантай адилтган үзэж байсан камералист үзэл санааг таягдан хаяж цагдаа, хүчний байгууллага нийгэмд аюул заналхийлсэн үед түүнээс сэргийлэх зорилгоор ажиллах хэрэгтэй гэсэн үзлийг Л. фон Штэйн гаргасан байна. Цагдаагийн шинжлэх ухаан төрийн захиргаа, удирдлагын ухааны бүрэлдэхүүн хэсэг болох нь зайлбаргүй боловч өөрийн гэсэн онцлог шинжүүдтэй байдаг. Өөрөөр хэлбэл орчин үеийн төрийн захиргаа, удирдлагын ухааныг онолыг хувьд В. Вильсон бус, харин Германы төрийн онолч Л. фон Штэйн үндэслэж хөгжүүлсэн гэж үзэж болох юм. Цагдаагийн байгууллагын зорилт нь нийгмийн амьдралын хэвийн нөхцлийг хангах, аюул заналхийлсэн тохиолдолд хүч хэрэглэх явдал юм. Үүгээрээ төрийн захиргаанаас ялгаатай. Өөрөөр хэлбэл Л. фон Штэйн хууль сахиулах, нийгмийн дэг журмыг хангах үүрэгтэй цагдаагийн байгууллагын өнөөгийн ойлголтыг Европ дахинаа бий болгосон юм. Цагдаагийн байгуулал нь удирдлага, эрх зүй хоёрын харилцааг илэрхийлдэг байна. Өөрөөр хэлбэл албадлагын аргаар дотоод удирдлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг цагдаагийн байгуулал гэж хэлдэг аж. Төрийн захиргаа гэдэг нь төрийн үйл ажиллагаа, түүний нийгэм дэх хэрэгжилт юм. Гэхдээ төрийн үйл ажиллагаа хууль цааз, дүрэм журмын хэлбэрээр илэрдэг. Төрийн үйл ажиллагаанд мөнгө, эдийн засгийн хөгжүүлэх гэх мэт эдийн засгийн асуудлууд багтдаг байна. Учир нь Л. фон Штэйний үзснээр эдгээр зүйлс нь төр бий болсон цагаас төртэй хамт үүссэн аж. Тиймээс төрийн оролцоотойгоор авч явах нь зайлбаргүй юм. «Удирдлагын асуудлыг сайтар судлахын сац агуулга, ач холбогдлын хувьд ийм баялаг нэг ч шинжлэх ухаан байхгүй» хэмээн мөнөөхөн Л. фон Штэйн удирдлагын шинжлэх ухааны ач тус, үр нөлөөг өндрөөр үнэлсэн байдаг.
Ном зүй
·         Кочеткова, Л, Н. Теория социального государства Лоренца фон Штейна || Философия и Общество, № 3, июль - сентябрь 2008.
·         Маршев, В, И. История управленической мысли: Учебник для вузов, М, Инфра-М, 2005.
·         Штейн Л. фон. Учение об управлении и право управления со сравнением литературы и законодательств Франции, Англии и Германии/ Пер. снем. И. Андреевского. — СПб, 1874. 
·         Штейн Л. фон. История социального движения Франции с 1789 г., СПб, Тип. А. М. Котомина, 1872, С. XXVIII.
·         Stein L. Die Verwaltungslehre.  Bd. I-VII. — Stuttgart, 1863-1868.


БИЧВЭРИЙГ МОНГОЛЧИЛСОН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ Нямаагийн ОТГОНБАЯР
МЭРГЭН САНАА АСААХ ХЭН БОЛОВЧ МӨХӨС ХҮНД ДАРААХ ЦАХИМ ХАЯГААР САНАЛ, ШҮҮМЖ ӨГВӨӨС ХҮҮШИЙН ГАЗАР ҮҮЛЭН ЧӨЛӨӨНИЙ НАР ҮЗЭХ МЭТ, УСГҮЙ ГАЗАР ХУР БОРОО ХАЙРЛАХ МЭТ СЭТГЭЛИЙН УГААС ЦЭНГЭН БАЯСАХ АЖААМ: nyamaew@gmail.com, goodnyamaev@gmail.com, otgonbayarnyamaa@rocketmail.com

Политолог ОТГОНБАЯР Нямаев  (родился 13 июнь 1982) -Монгольский политолог, социолог, историк, философ, культуролог, переводчик, психолог и исследователь. Он закончил МонГУ со степенью магистра политических наук. С 2005 году ОТГОНБАЯР преподавал в Уланбаторском университетом,  потом перешёл на институт ХАНГАЙ. Сегодня преподаватель ОТГОНБАЯР Нямаев докторант в Академии Управление.

No comments:

Post a Comment

ЗАХИРГАА БА УЛС ТӨРИЙН ХАРИЛЦАА: ҮЗЭЛ САНААНЫ ТОЙМ

  Нэг. Удиртгал Төрийн захиргааны мэдлэг одоогоос 2500 орчим жилийн өмнө Энэтхэг, Хятад, Грек-Ром дахь философи сэтгэлгээний хүрээнд анхла...