Thursday, February 14, 2019

НАОМИ ЖОЙ КАЙДЭН "ТОДОРХОЙ БУС, ТОГТВОРГҮЙ ОРЧИН ДАХЬ УЛСЫН ТӨСӨВ, САНХҮҮ"


НАОМИ ЖОЙ КАЙДЭН
(Англи хэлнээ: Naomi Joy Caiden: 1939 оны нэгдүгээр сарын 1 нд Лондон хотноо мэндэлсэн) – нь Калифорнийн Улсын Их Сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор нэгэн. Улсын төсөв, санхүү, санхүүгийн бодлого, төрийн албаны харьцуулсан шинжилгээгээр мэргэшин ажилладаг.
Наоми Кайдэны амьдрал Англи, Австрали, Изриаль, АНУ гэсэн дөрвөн улстай шууд холбоотой. Английн Лондон хотноо еврей гэр бүлд мэндэлсэн. 1959 онд Лондонгийн Их Сургуулийг эдийн засгийн шинжлэх ухааны бакалаврын зэрэгтэй дүүргэжээ. Улмаар 1966 онд Канбэрра дахь Австралийн Улсын Их Сургуульд улс төрийн шинжлэх ухаанаар магистрын зэрэг хамгаалсан байна. Австралид байхдаа улс төрийн шинжлэх ухаанаар багшлахын зэрэгцээ Канадын бодлого, Австралийн их, дээд сургуулиудын тухай өгүүлэл нийтлүүлэх болсон. 1966 онд Изриаль улс руу шилжиж, Изриалийн Бодлого Судлалын Хүрээлэнд төрийн албаны харьцуулсан судалгаагаар мэргэшин ажиллахын зэрэгцээ Хэбрэй Их Сургууль, Хайфу Их Сургуульд багшилсан байдаг. 1968-1971 онуудад АНУ-д очиж, профессор Аарон Вилдавскитай хамтран “Буурай хөгжилтэй орнууд дахь төсөв, санхүүгийн төлөвлөлт” ном нийтлүүлжээ. 1990-ээд оны эхээр Дэлхийн Банкны Эдийн Засгийн Хөгжлийн Хүрээлэнд ажиллаж байсан туршлагатай. Наоми Ж. Кайдэн өдгөө нөхөр Гэралд Э. Кайдэны хамт АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотноо энх тунх амьдарч байна. Энэ удаад түүний бүтээлээс дээжлэн утгачилж байна.
Ноами Кайдэн уг өгүүллийн хүрээнд хязгааргүй өсөн нэмэгдэж буй нийгмийн хэрэгцээг хязгаарлагдмал төрийн нөөцөөр хэрхэн үр дүнтэй хангах вэ гэдэгт хариулт эрэлхийлэх оролдлого хийсэн байна. Төрд итгэх итгэл суларсан, ажил, үйлчилгээний чанар муудсан, төсвийн сахилга алдагдсан, иргэн, аж ахуйн нэгж татвараа төрд төлөхийн оронд нуун дарагдуулахыг чухалчлах болсон зэрэг олон хүчин зүйлийг дурдаад үүнээс үүдэн ирээдүйд төсвийн орлогын хэмжээ аль ч улсад нэгэн адил унах төлөвтэй байгааг дурдсан байна. Гэтэл улсын төсвийн зарлага байнга өсөн нэмэгдэх хандлагатай байдаг. Ийм хүнд үед төрийн албан хаагчид, ялангуяа төсөв боловсруулагчид уламжлалт бус, шинэ аргаар улсын төсвийг бүрдүүлэх шаардлагатай. Үүний тулд төсвийн шинэчлэл хийх шаардлагатай. Юуны түрүүнд, улсын төсөв боловсруулах явц дахь тодорхойгүй, тогтворгүй байдлыг даван туулах хэрэгтэй. Зургаан төрлийн тодорхойгүй байдал улсын төсөв боловсруулах явцад үүсэж болохыг Наоми Кайдэн анхааруулсан байна.
ТОДОРХОЙ БУС, ТОГТВОРГҮЙ ОРЧИН ДАХЬ УЛСЫН ТӨСӨВ, САНХҮҮ
Сүүлийн хагас зуун жилийн туршид бидний сайн мэдэх төсөв, санхүүгийн ертөнцөд улсын салбарын эдийн засгийн онол дахь Кэйнсийн хувьсгал болон захиргааны төрийн эрчимтэй хөгжлийн үрээр хүлээгдэж байгаагүй, цоо шинэ үзэгдлүүд бий болж, чиг баримжаагүй байдал үүсэв (The world of budgeting which we had grown to know well in the past fifty years, sinse the advent Keynesian revolution in public economics and the rapid expansion of the administrative state, is fast being disoriented by new and unexpected events). Тодорхой чиглүүлэгчид устаж үгүй болов. Төсвийн тоглоомын дүрэм хурдан өөрчлөгдөж, тэр хэрээрээ үүссэн шинэ нөхцөлд дасан зохицох аргаа олж ядсан төрийн дээд тушаалын албан хаагчид чиг баримжаагаа алдаж эхэлсэн. Урт хугацааны туршид бололцоотой гэж үнэлэгдэж байсан улсын төсөв, санхүүгийн найдвартай, тогтвортой байдал эргэлзээ төрүүлэх болсон. Өөрөөр хэлбэл, найдвартай, тогтвортой байдал тодорхойгүй, тогтворгүй байдлаар солигдож байна.
Төсөв бүрдүүлэх үйл явц харьцангуй тогтвортой байна гэж үзэж болох юм. Ирээдүйн үйл ажиллагааны санхүүгийн үндэсийг хангахад чиглэгдэх тул төсөв боловсруулах үйл явц нь алс ирээдүйд олж бас гарч болох орлого, зарлагаас ихээхэн хамаардаг. Төсөв бүрдүүлэхэд урт хугацааны туршид итгэлтэй байж болохуйц хүрэх үр дүн, амжилтын тухай төсөөлөл шаардагддаг байна. Төсөвт хийгдэх жил тутмын тодотгол ойрын ирээдүйд сайн жишээ болж, үр дүн нь үнэлэгдэх, харагдах зарлагын зохицуулалт бүхий ашигтай түвшинд хүрсэн үед төсөв бүрдүүлэх үйл явц хамгийн зохистой байна.
Төсөв бүрдүүлэх сонгодог онол нь жил тутмын төсөв (Цаг хугацааны үечлэлийг тодорхойлох зорилгоор), улсын нэгдсэн төсөв (Улсын зарлагыг нэгдсэн хяналтад байлгах зорилгоор), хатуу тайлагнал (Зүй бус өөрчлөлтийг даван туулах зорилгоор), аудит (өмнөх үйл ажиллагааг нэгтгэн дүгнэх зорилгоор) гэх мэт цаг хугацааны чанд хүрээ тогтоох замаар учирч болох тодорхойгүй байдлаас сэргийлэхийг оролддог. Төсөвлөх үйл явцад төрийн санхүүд төдийлөн судлагдаагүй урьдчилан төлөвлөж, тогтворжуулах зарим нэг арга хэмжээ авах шаардлага гарахын зэрэгцээ тогтсон дүрмээр зохиогдож, тодорхойгүй байдлаас ангижрах бололцоо тэр болгон олдоод байдаггүй. Төсөв боловсруулагчид орлогоо багасгаж, зарлагаа ихэсгэх албан бус сонголтоор дамжуулан хүлээгдэж байгаагүй үр дүнгээс урьдчилан сэргийлэх арга замын эрэлхийлдэг. Төсөвт тодотгол хийх бодлого нь өөрчлөлтөд дасан зохицож, болох үйл явцыг урьдаас тааварлах бололцоо олгодог байна. Олон салбараас хангалттай хэмжээний орлого татан төвлөрүүлэх нь төсвийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх бөгөөд алдаагаа засварлах, уян хатан нөхцөлийг хангах, тодорхойгүй байдлыг даван туулах боломж олгодог.
Тодорхойгүй байдал урьд байгаагүй хэмжээгээр үүсвэрлэх болсон өнөө үед түүнээс урьдчилан сэргийлэх уламжлалт арга явуургүй болжээ. Шинж тэмдэг улам бүр илэрхий болж байна. Сүүлийн хорин жилийн хугацаанд америк долларын ханш унаж, ойрын ирээдүйд сайжрах төлөв харагдахгүй байна. Муж улс, орон нутгийн засаг захиргаа холбооны улсын татаасгүйгээр оршин тогтнох бололцоогүй болсон бөгөөд тэдний хувьд холбооны улсын татаасгүй нөхцөлд дампуурал гэсэн ганцхан зам дурайж байна. Тэдний зарим нь ёроолгүй ангалын эрмэгт тулж, дэмжлэггүй бол оршин тогтнох чадваргүй болжээ. Улсын зарлага, татварын нэмэгдлийн эсрэг тэмцэх явдал улам бүр нээлттэй, хурц хэлбэр рүү шилжиж байна. Засаг төрийн эрх мэдэлтнүүд зарцуулсан хөрөнгө нь хэрхэн үр дүнгээ өгөх хийгээд эсэргэн жилд аль салбарт хөрөнгө хаяхаа нэг жилийн төсвөөс урьдчилан харах чадваргүй болсон. Мөнгө юунд зарцуулагдсан, ард түмэн үүнээс ашиг хүртэж байгаа, эсэхэд итгэл төгс хариулт өгч чадахгүй байна.
Төсөв бүрдүүлэх үйл явц боловсруулагчдаас асар их хүчин чармайлга шаардах нарийн төвөгтэй үйл явц мөн. Харамсалтай нь, төсвийн өнөөгийн онол, практик цаг үеийн шаардлагыг хангахгүй байна. Тодорхойгүй, тогтворгүй байдлаас богино хугацаанд аль болох хурдан ангижирч чадах төсвийн шинэ онол, хандлага бидэнд шаардлагатай байна. Ингэхдээ улсын төсвийн салбар дахь өөрчлөлтөд хариулт болж чадахааргүй уламжлалт аргуудаас ангижрах хэрэгтэй.
Хувьсан өөрчлөгдөж буй орчин дахь төсөв бүрдүүлэх үйл явц
Урт хугацааны туршид улсын төсөв боловсруулах үндсэн асуудал шийдвэрлэгдсэн хэмээн үзэж байлаа. Шийдвэрлэгдээгүй үлдсэн цорын ганц асуудал нь үйлдвэрлэлийн хэмжээ, орлого, зарлагын урсгал, төрийн оролцоотой уялдуулж төсвийн хэлбэрт бага зэрэг өөрчлөлт оруулах явдал байв. Анхандаа нийгмийн хэрэгцээ хязгаарлагдмал, харин төрийн нөөц хязгааргүй гэж үзэж байлаа. Орлогоо нэмэгдүүлж, томоохон хэмжээний зарлагаа зохицуулах төрийн боломж зүйрлэшгүй их юм. Татвар бүрдүүлж, мөнгөн хөрөнгө татан төвлөрүүлэх өнөөгийн технологийн бололцоо хязгааргүй бөгөөд энэ нь нийгмийн асуудлыг захиргааны төрийн механизмаар дамжуулан шийдвэрлэх боломж олгож байна гэж үзэж байлаа. Өнөө цагт захиргааны төр байгаа нөөцийн үр дүнтэй ашиглалт юм уу татвар бүрдүүлэх тогтолцооны зохисгүй шинжийг багасгахгүйгээр нийгмийн шинэ шинэ эрэлт, хэрэгцээг хангах гэж улайрах болсон. Энэ нөхцөлд бидний хувьд төрийн нөөц хязгаарлагдмал, нийгмийн хэрэгцээ хязгааргүй гэсэн өөр хандлагыг дэмжих шаардлага үүсэж байна.
Орлогоо нэмэгдүүлэх төрийн эрх мэдлийн боломж, бололцоо онцын эсэргүүцэлтэй тулгаралгүйгээр өссөөр байна. Татвараа үлэмж хэмжээгээр өсгөн нэмэгдүүлэх бололцоо өөрөө аж үйлдвэржилт, ардчилах үйл явцын түвшингөөс хамаарч байдгийг түүх бидэнд харуулж байна. Энэ нь эдийн засгийн өндөр түвшний идэвхжил, чанартай бараа, үйлчилгээ хүргэх чадвартай төрийн захиргааны мэргэшсэн, ил тод, үр ашигтай үйлдэлд нийгмийн зүгээс итгэж буй байдал зэргээр нөхцөлдөнө.
Татвар бүрдүүлэлт дэх эргэлзээ, холимог загварын эдийн засагт төрийн эзлэх хувь дээд цэгтээ хүрдэг гэсэн болгоомжлол тэрчлэн төрийн албаны өргөжилтөд үл итгэх байдал зэрэг нь улсын орлого нэмэгдэх үе магадгүй, дуусгавар болж байгааг харуулж байна. (…) Инфляцийн дарамтын нөлөөгөөр татвар төлөгчид татвараас зайлсхийх болсон нь бодит орлого нэмэгдэхэд асуудал үүсэж байгааг харуулж байна. Хүмүүс их төлөв төрийн хяналт, татвараас зайлсхийж далд эдийн засаг бараадах болжээ.
Дээрх хүндрэлийн зэрэгцээ орлогоо нэмэгдүүлэх засгийн газрын чадварт нөлөөлөхүйц цоо шинэ, бодитой хүчин зүйл гарч ирсэн нь хэрэгжүүлэх арга хэмжээ, хүлээгдэж буй үр дүнд үл итгэх байдлаас үүдэлтэй төрийн орлогыг хязгаарлах нийгмийн тоо томшгүй оролдлого юм.
Төрийн хувьд боломжит бүх гарцыг тооцсон төсвийн хэд хэдэн боловсруулдаг байх шаардлагатай. Албан ёсны хязгаарлалт байхгүй үед ч гэсэн улс төрчид нийгмийн санаа бодлыг тооцсны үндсэн дээр инфляцийн түвшинтэй уяж зарлагын өсөлтийг хязгаарлах, төсвийг тэргүүлэх чиглэлийн хүрээнд хазаарлаж байх хэрэгтэй.
Нийтийн бараа, үйлчилгээний эрэлт буурахгүй, харин ч ирээдүйд өсөх хандлагатай байна. АНУ-ын тэтгэврийн насны хүн амын эзлэх хувь өсөн нэмэгдэхийн зэрэгцээ ажиллах хүчний хомсдол бий болж тэр хэрээрээ тэтгэврийн насныханд зориулах нийгмийн зардал өсч байна. Ядуурлын асуудлыг “нэг амьсгаа”-гаар шийдвэрлэх итгэл алдарч, нөхцөл байдлын талаарх таагүй үнэлэлт нэмэгдэх болсон. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд бүхэл бүтэн нэг үеийг элээх шаардлага тулгарч байна. Шинэ технологийн эрчимтэй хөгжил нь аюулгүй байдал, хүрээлэн буй орчныг хамгаалах судалгааны санхүүжилтэд төрөөс асар их зардал гаргахыг шаардаж байна. Нийгмийн эрэлт, хэрэгцээг зах зээлийн эдийн засгийн хүчээр хангах бололцоогүй болжээ. Захиргааны төрийн тогтолцоонд шилжих хандлага бий болж байна. Шинэ эрх зүйн хэм  хэмжээ үүсэж байна.
Ингэхлээр, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, хот төлөвлөлт, гэмт хэрэгтэй тэмцэх явдал, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах гээд төрийн удирдлагын олон хүрээнд зардлын түвшинг хатуу, чанд тогтоох бололцоогүй болжээ. Батлан хамгаалах, хүрээлэн буй байгаль орчин, цагдаа, сургууль, эмнэлэг, эрүүлийг хамгаалах болон дахин мэргэшүүлэх үйл ажиллагаанд эцэс төгсгөлгүй мөнгө зарах болсон. Дээрх зорилгод зарж буй хөрөнгө нь төрийн мөнгөн хөрөнгийн санг бүхэлд нь зарцуулсан ч байдлыг дээрдүүлж үл чадах тул “хэмжээ хязгаар үл мэдэгдэх зарлага” гэж тодорхойлж болох юм.
Төрийн олон албан хаагчид хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд шинэ арга, зам эрэлхийлэх санхүүгийн нарийн, төвөгтэй нөхцөлд ажиллаж байна. (…) Тэд одоо хүнд сонголтын өмнө тулж иржээ. Орлого, зарлагын хэмжээг тааварлах хэцүү байгаагийн дээр эдийн засгийн асуудлаас үүдэн төсвийн төлөвлөгөө байнга өөрчлөгдөх болжээ. Хувьсан өөрчлөгдөж буй нөөц, нарийн, төвөгтэй зорилго, зорилт бүхий нөхцөлд төсөв бүрдүүлэхэд урьдын туршлага хангалтгүй байна.
Үүний зэрэгцээ нөөцийн төлөөх өрсөлдөөн засгийн газар, төрийн агентлагийн түвшинд томоохон бүлэглэлүүдийн дунд эрчимжиж байна. Урьд харьцангуй тогтвортой байсан бүлэг тарж татан буугдах юм уу үзэл бодлоо өөрчлөх нь хэвийн үзэгдэл болжээ. Төсөв боловсруулах үйл явц олон янзын эрх ашгийн уулзварт байрлаж, дүрэм журам ямагт зөрчигдөх болсон. Төсвийн төслийн талаар нэгдсэн саналд хүрч, түүнийг хэрэгжүүлэхэд ихээхэн саад учирч байна.
Эдийн засгийн тогтворгүй байдал бодит үзэгдэл болсон үед төсөв боловсруулах үйл явц үр дүнг тааварлахад боломж хомс, хянахад хүндрэлтэй төвөгтэй болж хувирдаг. Орлогын тогтворгүй байдлаас өөрсдийгөө хамгаалахын тулд төрийн албан хаагчид олон янзын төсвийн хөтөлбөр, конструктив бус арга хэмжээ авч хэрэгжүүлэх болсон. Эдгээр хөтөлбөрийг хүлээн авч хэрэгжүүлэх явцдаа мөнгө хаанаас гарахыг үл мэдэх учир төрийн албан хаагчид ямар нэгэн байдлаар нөхөн төлөөс болохуйц хамгаалах арга хэмжээ авдаг байна. (…) Харамсалтай нь, тэд өөрсдийгөө хамгаалах арга хэмжээ авахдаа нөөцийн хөрөнгө багасч, мэдээлэл итгэл муутай болох гэсэн бас нэг тодорхой бус байдлыг бий болгодог.
Төрийн удирдлагын янз бүрийн түвшин дэх нөөц, чиг үүргийн тогтворгүй байдал нь засгийн газрын дотоод бүтцийг ярвигтай болгохын зэрэгцээ энэ талбарт хөрөнгө хөдөлгөх боломжийг хязгаарлаж өгдөг. (…)
Дүгнэлт
Улсын төсвийн хүрээн дэх дээрх зургаан тодорхойгүй байдал, тэдгээрийг даван туулах оролдлого нь ердөө Америкийн нийгэм дэх гүн гүнзгий хямралыг илрэл төдий юм. Бид аж үйлдвэржилтийн дараах нийгмийн үеийн засгийн газрын мөн чанар, зорилгын талаар нэгдсэн ойлголтод хүрэх бололцоогүй билээ. Төрийн санхүү захиргааны төрийн ирээдүйн төлвийн талаарх маргааны төвд байх болно. Учир нь төрийн зорилгыг тооцон үзэхгүйгээр тодорхойгүй, тогтворгүй нөхцөл дэх улсын төсөв бүрдүүлэх дэгийг бий болгох боломжгүй юм. Улсын нөөцийг хэрхэн үр дүнтэй хуваарилах вэ гэдгийг өнөөдөр хүртэл төсөвт бүрэн дүүрэн тодорхойлж чадаагүй байна. Төсвийн удирдлага хэсэгчилсэн байдлаар мухардалд орж бидэнд шинж тэмдэг харуулсаар байх болно. Төсвийн тэргүүлэх чиглэлээ тодорхойлж чадаагүй байж үйл ажиллагааны хэрэгжилт, түвшингийн талаар ярилцах нь утгагүй юм. (…)
 Төрийн албан хаагчид өгүүлэлд хөндсөн ярвигтай асуудлаар бие даан шийдвэр гаргах боломжгүй. Тэд зөвхөн өөрсдөд нь олгогдсон бүрэн эрхийн хүрээнд л үр дүнтэй байх бололцоотой. Төсөв бүрдүүлэх үйл явцыг төгөлдөржүүлэхийн тулд өнөөгийн төсвийн байгууллагуудын үйл ажиллагааг шинжлэх шаардлагатай. Хүрээлэн буй орчны өөрчлөлтөд хэрхэн, яаж дасан зохицох, чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаа, үүссэн шинэ орчинд өөрийгөө авч явах чадвар хэр зэрэг байгаа, төсөв, санхүүгийн ямар аргыг түлхүү ашиглаж байна гээд олон асуудлыг энд дурдаж болох юм.
Тодорохойгүй, тогтворгүй орчинд уламжлалт чиглүүлэгчид устаж буй өнөө үед бид бүхэн улсын төсвийн салбарт шинэ, бүтээлч эхлэлийг дэмжиж байх ёстой. Улсын салбарын удирдлагад эдийн засгийг хөхиүлэн дэмжих, ашиг багатай сүйтгэлээс зайлсхийх хангалттай хөшүүрэг байхгүй байна. Бидэнд урт хугацаандаа үр дүнтэй зураглал хийж чадахуйц ажлын арга дутагдаж байна. Бид нийтийн бараа, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх чадвар бүхи хувийн хэвшлийн байгууллагуудын боломж, бололцоог бүрэн дүүрэн дайчилж чадахгүй байна. Бидэнд уламжлалт төсвийн үйл явцыг сайжруулахад чиглэгдсэн батлагдаж, нотлогдоггүй олон тооны онол, дүгнэлт, хэтрүүлэг л байна. Бидэнд түшмэдийн бус, нийгмийн эрх ашигт хариулт болж чадахуйц орчин үеийн технологийн боломжийг ашигласан шинэ төсвийн тогтолцоо шаардлагатай байна (N. J. Caiden, Public Budgeting amidst Uncertainty and Instability Spring 1981, 6-19).

Эх сурвалжийн жагсаалт

Caiden, Naomi J. "Public Budgeting amidst Uncertainty and Instability." Public Budgeting & Finance Vol. 1, no. Issue 1 (Spring 1981).

МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖ; Н. ОТГОНБАЯР. (2019). ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ШИНЖЛЭХ УХААН; СУРАХ БИЧИГ, РЕД: Д. БҮДСҮРЭН (ДОК, ПРОФ), УБ – “УДАМ СОЁЛ” ХЭВЛЭХ ҮЙЛДВЭР, 211-219 ДАХЬ ТАЛ.

Sunday, November 4, 2018

ЭРХ МЭДЭЛ ХУВААРИЛАХ ОНОЛ (SEPARATION DES POUVOIRS)

1.      Эрх мэдэл хуваарилалтын тухай ойлголт, онолын үзэл баримтлал
2.      Эрх мэдэл хуваарилалт дэлхийн орнуудад тогтсон нийтлэг жишиг
3.      Эрх мэдэл хуваарилалт Монгол улсад
Төрийн удирдлагын онолын үндсэн ойлголтуудын нэг нь төрийн эрх мэдэл хуваарилалтын зарчим юм. Төрийн эрх мэдэл хуваарилахын ач холбогдол, үр нөлөө юунд оршино вэ?
Хүн төрөлхтний түүхэнд төрт ёс бүрэлдэн бий болоод нэгэнтээ 6000 жил өнгөржээ. Энэ хугацаанд тухайн институци үр дүнтэй ажиллах асуудал нэг ч эрдэмтэн, судлаачийн анхаарлын гадна үлдэж байсангүй. Өөрөөр хэлбэл, эрх мэдэл хуваарилах зарчим нь төрийн үйл ажиллагааны үр дүнтэй шууд холбогддог гэсэн үг юм. Төрийн удирдлагад эрх мэдэл хуваарилах зарчим дараах үндсэн шалтгааны улмаас чухалчлагдах болсон. Эдгээрт:
1.      Төрийн удирдлагын үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх:
2.      Төрийн удирдлага, зохион байгуулалтын хүртээмжийг нэмэгдүүлэх:
3.      Хүний эрх, эрх чөлөө, эрхэм чанарыг хувь хүн болон хуулийн этгээдийн дур зоргоос хамгаалах:
4.      Улс төрийн дарангуйлал тогтож, хууль бус үйлдэл, шударга бус байдал, эрх тэгш бус харьцаа нийгэмд өргөжихөөс сэргийлэх.
Тэгвэл төрийн эрх мэдэл хуваарилах зарчим гэж юуг хэлэх вэ, Онол болон зарчмын ялгаа юунд орших вэ? Төрийн бүрэн эрх, чиг үүргийг нэг хүн юм уу байгууллагад бүрэн төвлөрүүлэхгүйгээр харилцан тэнцвэртэй, нэг нэгнээсээ хараат бус, тэгсэн атлаа харилцан нэгнээ хянах адил тэнцүү субьектуудад хуваарилах, ингэснээр үр дүнтэй, хүртээмжтэй, хариуцлагатай, ил тод, нээлттэй төрийн удирдлагын зохион байгуулалтын хэлбэрийг төлөвшүүлэх түгээмэл зүй тогтлыг төрийн эрх мэдэл хуваарилах зарчим гэнэ. Өөрөөр хэлбэл, төрийн засаглал хэрхэн зохист шинжийг олох, төрийн бүрэн эрх, чиг үүргийг ямар арга замаар хариуцлагатай, нээлттэй, харилцан хяналттай болгох вэ гэдгээр дэлхийн улс орнуудад баримталж буй түгээмэл хэм хэмжээ, зүй тогтол нь төрийн эрх мэдэл хуваарилах зарчим болж байна. Тэгвэл төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг хэрхэн сайжруулах, төгөлдөршүүлэх асуудал нь цэвэр онол юм. Дарангуйллаас ангид байхын зэрэгцээ үйл ажиллагааны өгөөж, хүртээмжийг сайжруулах хамгийн үр дүнтэй арга нь төрийн эрх мэдлийг хуваарилахад оршино. Өрнө дахинд хууль болон ард түмний төлөөлөгчдийн дуу хоолойгоор, дорно дахинд төрийн зүтгэлтний ёс суртахуунаар эрх мэдэл хязгаарлах тухай ерөнхий үзэл санаа оршиж байлаа.
Хураангуйлан хэлэхэд эрдэмтэн, мэргэдийн анхаарал сэвшээж ирсэн үндсэн асуудлын нэг нь төрийн засаглалын үр өгөөжийг сайжруулж, улс төрийн дарангуйллаас хэрхэн ангид байлгах явдал байв. Ромын гүн ухаантан Марк Туллий Цицерон «нэг хэсэг хүмүүс юм уу нэг дарангуйлагчид нийгмийн эрх мэдлийг бүхэлд нь  даатгахгүйн тулд, төрийн байгууллагын бүх албан тушаалд хүчтэй, чадалтай нэгнийг оруулахгүйн тулд төрийн эрх мэдлийг нэгдмэл бус, хуваагдмал, харилцан тэнцвэртэй байлгах хэрэгтэй» (Цицерон 1996, 21-23) хэмээн бичсэн байдаг. Төрийн эрх мэдэл хуваарилалтын механизмын чанад зорилго нь нэг хүний юм уу байгууллага, этгээдийн гарт эрх мэдэл хэт төвлөрөх үзэгдэл бий болохоос зайлсхийхэд оршино. Зайлсхийхын сайн тал нь хүний эрх, эрх чөлөө, эрхэм чанарыг нийгмийн бусармаг үйлдлээс хамгаалж, хадгалахад байдаг.
Төрийн эрх мэдэл хуваарилах зарчим хэрхэн бий болсон бэ?
Анхлан эртний Грекийн гүн ухаантан, Спарт хот улсын захирагч Ликург эрх мэдэл хуваарилалтыг нийгмийн практикт нэвтрүүлэх оролдлого хийжээ.  Юуны түрүүнд, тэрээр Спарт хот улсад эрх мэдлийн хувьд эн тэнцүү хоёр эзэн хааны засаг тогтоосон байна. Үүнээс гадна, хууль тогтоох, улсын чухал асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхийг Геруси буюу 30 хүн бүхий Өтгөсийн Зөвлөлд, албан тушаалтан томилох, төрийн үйл ажиллагааг тасралтгүй хангах эрхийг 30-аас дээш насны иргэдийг хамруулсан Ардын Хуралд тус тус хуваарилсан байна.Төрийн алба цалгардалгүй, үр дүнтэй явагдах байдалд адил тэнцүү эрх, үүрэг бүхий 5 эфороос бүрдэх байгууллага хяналт тогтооно. Ликургийн тогтоосон эрх мэдэл хуваарилалтын уг зарчим 800 орчим жил хадгалагдсан бөгөөд Спарт хот улсын хүчирхэгжилтийн үндэс болсон талаар гадны судлаачид дурдсан байдаг (Макиавелли 1910).
 Грекийн гүн ухаантан Аристотель төрийн эрх мэдэл хуваарилалтын үйл явцад анхаарч зөвлөх, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван хэсэгт ангилж болох талаар санаа дэвшүүлсэн байна. Хамгийн сайн төрийн байгуулал нь полити бөгөөд уг байгууллын олон онцлог шинжийн нэг нь эрх мэдэл хуваарилах зарчимд оршино гэдгийг онцолсон (Политика Аристотеля 1865, 281). Нийгмийн практикт Ромын эзэнт гүрний үед эрх мэдэл хуваарилах зарчим хэрэгжиж байсан. Тухайлбал, консул, сенат, комици буюу ардын хурал гэсэн гурван субьектад төрийн бүрэн эрх, чиг үүргийг хуваарилж байжээ. Нэг хүн юм уу нэг этгээдийн гарт төрийн засаглал бүхэлдээ шилжсэн тохиолдолд улсын эрх ашигт хохирол учирч, дарангуй засаг тогтдог гэдгийг судлаачид тогтоосон байдаг. Энэ жишиг эртний Ромд ч нэгэн адил байсныг дээрх баримт нутлан харуулж байна.
Төрийн эрх мэдэл хуваарилалтын зарчмыг шинэ агуулгаар хөгжүүлсэн өөр нэг эрдэмтэн бол Английн гүн ухаантан Жон Локк юм. Тэрээр 1690 онд бичсэн “Төрийн засаглалын тухай хоёр шастир” бүтээлдээ төрийн засаглал юуны түрүүнд, дур зорго, дарангуй хүсэл зоригоос ангид байх ёстойг онцолсон. Энэ хүрээнд эрх мэдэл хуваарилах зарчим хэрэгжих учиртайг сургасан байна. Харилцан нэг нэгнээ хянахын зэрэгцээ харьцангуй бие даасан шинжтэй байх нь эрх мэдэл хуваарилалтын суурь шинж юм. Тэрээр төрийн эрх мэдлийг чиг үүргээс нь хамааруулж, хууль тогтоох, холбооны, гүйцэтгэх эрх мэдэл хэмээн ангилсан байна. «Нийгэм болон түүний гишүүдийг хадгалж, хамгаалахын тулд төрийн хүчийг хэрхэн ашиглавал зохистойг заах эрх мэдлийг хууль тогтоох эрх мэдэл гэнэ» (Заиченко 1988) хэмээн Локк бичжээ. «Хүмүүс нийгэм хэмээх хамтлагт татагдаж, түүнд нэгдэн орохын чанадын зорилго нь өмч хөрөнгөө амар тайван байдлаар аюулгүй захиран зарцуулах эрмэлзэл бөгөөд үүнд хүрэх үр дүнтэй арга нь тухайн нийгэмд тогтоосон хууль цааз буюу эрх зүйн хэм хэмжээ юм. Бүхий л төр улсад түгээмэл байх хамгийн анхны, үндсэн эерэг хууль нь хууль тогтоох эрх мэдэл болно. Уг хууль тогтоох эрх мэдэл нь улс орны дээд хүч төдийгүй нийгэм хамтлагийн гарт байх ариун, хөдөлшгүй хүч юм. Хэрэв ард түмнээс сонгогдсон хууль тогтоох байгууллагын зөвшөөрөл үгүй бол, түүнийг дэмжигч эрх мэдэл, албан ёсны хууль дүрэмгүй бол ямар ч засаг байсан оршин тогтнох бололцоогүй билээ» (Тихомиров 1963) гэжээ. Локкийн дараагаар эрх мэдэл хуваарилах онолыг далайцтай хөгжүүлсэн эрдэмтэн бол Шарль Луи Секонди Монтескье болно. 1748 онд «Хуулиудын амин сүнс» зохиолдоо өөрийн үзэл санааг тодорхойлсон байна. Ялдарлан өгүүлэхэд түүний гаргасан санааны үр нөлөөгөөр эрх мэдэл хуваарилалтын зарчим дэлхийн олон улс оронд түгэн дэлгэрснийг дурдах байна. Тэгвэл Монтескье эрх мэдэл хуваарилах онолыг дараах санаагаар баяжуулж хөгжүүлсэн юм. Тухайлбал, өмнөх эрдэмтэн Локкийн үзэл санааг бодвол тэрээр эрх мэдэл хуваарилах зарчмыг илүү нарийвчилсан түвшинд гаргасан байна. «Аливаа төрд гурван хэлбэрийн эрх мэдэл оршино. Үүнд: хууль тогтоох болон олон улсын эрх зүйн асуудал эрхлэх гүйцэтгэх эрх мэдэл, иргэний эрх зүйн асуудал эрхэлсэн гүйцэтгэл эрх мэдэл байна» (Монтескьe 1955, 289) гэжээ.  Цааш нь тэрээр эрх мэдлийн гурав дахь хэлбэрийг шүүх хэмээн оночилж болох талаар дурдсан байна. Ташрамд дурдахад Францын улс төрийн зүтгэлтэн Бэнжамен Констан төрийн засаглалыг вангийн эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдэл, байнгын төлөөллийн эрх мэдэл, олон нийтийн санаа бодлыг төлөөлөх эрх мэдэл, шүүх эрх мэдэл, орон нутгийн эрх мэдэл гэсэн тодорхой хүрээнд хуваарилж болох горимын санал гаргасан байдаг.
Эрх мэдэл хуваарилах үзэл санаа, зарчим ганц Европт бий болсон гэж үзэж болохгүй. Хятадад хүртэл өөрийн онцлогтой хөгжих болсон. Үүний томоохон жишээ нь Хятадын улс төрийн бодлоготон Сун Ятсэны үзэл болно.
Сун Янтсэн төрийн засаглалын үр өгөөж, хүртээмж, нэр хүндийг сайжруулахын тулд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх, хяналтын болон шалгалтын гэсэн таван эрх мэдлийн хүрээнд хуваарилах учиртайг сургасан байна. Хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх эрх мэдлийн хувьд өмнөх эрдэмтдийн үзэл санааг уламжилж хөгжүүлэхийн зэрэгцээ хяналтын болон шалгалтын эрх мэдэлд ихээхэн ач холбогдол өгч, судалсан байна. Түүний үзсэнээр дурдсан хоёр эрх мэдэл нь Хятадын төрт ёсны таван мянга гаруй жилийн хөгжлийн явцад байсаар иржээ. Дундад Иргэн Улс дэлхий дахины нийтлэг жишигийг дагахын сац өөрийн орны улс төрийн уламжлалыг дагаж хяналтын болон шалгалтын эрх мэдлийг төрийн удирдлага, зохион байгуулалтын хүрээнд төлөвшүүлэх учиртай. Шалгалтын эрх мэдэл их төлөв төрийн албаны тунгалаг, ил тод байдлыг баталгаажуулдаг байна. Харин хяналтын эрх мэдэл нь гүйцэтгэх эрх мэдлийн нээлттэй, хариуцлагатай байдлыг хариуцна.
Төрийн эрх мэдэл хуваарилах зарчим, онол дэлхийн улс орнуудад хэрхэн хэрэгжсэн бэ?
Хэдийгээр өмнөх бичвэрт одоогоос олон мянган жилийн өмнө Грекийн Спарт хот улсад хэрэгжсэн гэж дурдсан боловч сонгодог утгаараа харьцангуй сүүл буюу XVIII зууны шувтарга үетэй холбогдоно. 1787 онд АНУ-ын анхны үндсэн хууль батлагдсан бөгөөд уг улс төр-эрх зүйн тунхаг бичигт төрийн эрх мэдэл хуваарилах зарчим тусгагдсан байна. Ингэхдээ эл үндсэн хуулийг гардан боловсруулсан А. Хамилтон, Ж. Мэдисон, Ж. Жэй нар төрийн эрх мэдэл хуваарилалтын сонгодог загварыг авч хэрэглэсэн байна. Эдгээр улс төрчид холбооны улс болон муж улсын гэх хоёр түвшинд дээрх асуудлыг авч үзжээ. Өөрөөр хэлбэл, Checks and balances буюу харилцан тэнцвэртэй, хяналттай байхыг чухалчилсан байна.
XIX зууны шувтарга, XX зууны эхэн гэхэд дэлхийн ихэнх улс оронд эрх мэдэл хуваарилах зарчим үндсэн хуулиар дамжин хөгжих болсон. Улс орнуудын туршлагаас  харахад засаглалын хэлбэрээс хамаарч төрийн эрх мэдлийн хуваарилалт харилцан адилгүй хэрэгжиж байна. Гэхдээ ерөнхий бөгөөд суурь үндэс нь нийтлэг байгааг дурдах хэрэгтэй. Ихэнх оронд хууль тогтоох эрх мэдлийг нийт ард түмнээс юм уу түүний үлэмжхэн хэсгийн төлөөлөл болж сонгогдсон тодорхой тооны гишүүдээс бүрдэх парламент гэх институц хадгалж байна. Харин гүйцэтгэх эрх мэдлийг засгийн газар гэх институц төлөөлж байна. Гэхдээ энэ нь засаглалын хэлбэрээс хамаарч байгааг онцлох байна. Эзэн хаан, ерөнхийлөгч, эмир, шах гэх мэтийн завсарын субьектууд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд тодорхой үүрэгтэй оролцож байна. Харин шүүх эрх мэдлийн хувьд эрх зүйн орчин харьцангуй тогтвортой болсон. Өөрөөр хэлбэл, шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх бөгөөд өөр институц уг эрхийг хэрэгжүүлэх юм уу хэрэгжүүлэхээр оролдох бололцоогүй юм. Гагцхүү түүний хараат бус, хариуцлагатай байдлыг хангах асуудал хурцаар тулгамдаж байна. Гэхдээ зарим нэг оронд, тухайлбал, ойрх түүхэнд социалист гэгдэж байсан орнуудад үзэл суртлаар сууриа хийсэн угтаа бол улс төрийн байгууллага шүүх эрх мэдлийг төлөөлөн хэрэгжүүлж байсныг дурдах байна (БНМАУ, ЗСБНХУ, БНАПАУ, БНАБАУ, БНАУАУ, БНАГАУ гэх мэт).
Төрийн эрх мэдэл хуваарилах зарчим улс орон болгонд харилцан адилгүй байна. Тэдгээрийн заримаас дурдая. Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ) нь холбооны төрийн байгуулалтай. Засаглалын төрийн байгууллагын тогтолцоо нь холбооны улс болон бүс нутгийн гэх хоёр түвшинд хуваагдана. Түвшин бүрт хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг төлөөлөх өөрийн гэсэн байгууллага байна. Хэдийгээр тус улсын 16 бүгд найрамдах муж Бундестагт харилцан адилгүй төлөөлөлтэй байх ч тэдгээрийн статусыг холбооны улсын үндсэн хуулиар тодорхойлсон байдаг. Хууль тогтоох эрх мэдэл нь холбооны улсын Бундестаг, муж улсуудын Бундестратад хадгалагдана. Эдгээр нь хууль тогтоох болон хуулийн төсөлд санал нэмэрлэх эрх эдэлнэ. Нийт гишүүдийн гуравны хоёр нь санал нэгдсэн тохиолдолд үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрхтэй байдаг. Муж улсын түвшинд хууль тогтоох эрх мэдлийг Ландтаг, Бюргершафт төлөөлнө. Эдгээр нь муж улсын хэмжээнд мөрдөгдөх хууль тогтоомжийг батална.
Холбооны улсын ерөнхийлөгчийн хувьд таван жилийн хугацаагаар Бундестаг сонгоно. Дахин нэг удаа улиран сонгогдож болно. Холбооны ерөнхийлөгч нь олон улсын харилцаанд холбооны улсыг төлөөлнө. Бүрэн эрхийн хүрээнд захирамж, зарлиг туурвина. Гэхдээ ерөнхий сайд, юм уу салбарын сайдын гарын үсэг зурагдсанаар хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Холбооны ерөнхийлөгч нь холбооны улсын шүүгч, холбооны улсын төрийн албан хаагч, армийн удирдлагыг томилж, чөлөөлж огцруулна. Засгийн газрын гишүүдийг ерөнхий сайдын саналд тулгуурлан ажлаас томилж чөлөөлнө.
Холбооны улсын түвшинд гүйцэтгэх эрх мэдлийг холбооны улсын засгийн газар хэрэгжүүлнэ. Түүнийг тэргүүлэх ерөнхий сайдыг Бундестаг хэлэлцүүлэг өрнүүлэхгүйгээр ерөнхийлөгчийн санал болгосноор батална. Холбооны ерөнхий сайд нь улсын гадаад, дотоод бодлогыг эрхлэн явуулж, үүнийхээ төлөө хариуцлага хүлээнэ. Бундестагийн зүгээс засгийн газарт итгэл үл үзүүлсэн тохиолдолд ерөнхий сайдыг холбооны улсын ерөнхийлөгч томилно. Хэрэв итгэл үзүүлээгүй тохиолдолд ерөнхий сайдын саналаар 21 хоногийн дотор Бундестагийг ерөнхийлөгч тараах эрхтэй. Харин шинэ ерөнхий сайд сонгогдвол Бундестагийг тараах эрх цуцлагдана. Муж улсын түвшинд гүйцэтгэх эрх мэдлийг ерөнхий сайд юм уу бургомистр төлөөлнө.
Шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хадгална. Холбооны улсын үндсэн хуулийн шүүх үндсэн хуулийн хрэгжилтэд хяналт тавина. Тэрчлэн дээд шүүхэд Карлсруэ хотын холбооны шүүх, Лейциг дахь холбооны захиргааны хэргийн шүүх, Мюнхен дахь холбооны санхүүгийн асуудал хариуцсан шүүх, холбооны нийгмийн асуудал хариуцсан шүүх, холбооны хөдөлмөрийн маргааныг хянан шийдвэрлэх шүүх тус тус хамаарна. Шүүх эрх мэдлийн ихэнх хэсэг нь муж улсуудад хамаарна. Холбооны шүүх нь ихэнхдээ муж улсын шүүхийн шийдвэрийг хянан үзэх, эцэслэн шийдвэрлэхэд чиглэгдэнэ.
Төрийн эрх мэдэл хуваарилалтын өөр нэг жишээ нь Энэтхэг улс билээ. Тус улсад хууль тогтоох эрх мэдлийг Ражя Сабха буюу муж улсын зөвлөл, Лок Сабха буюу ардын танхимаас бүрдэх хоёр танхимт парламент хэрэгжүүлнэ. Гүйцэтгэх эрх мэдлийг ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, ерөнхий сайдын тэргүүлсэн сайд нарын зөвлөл хариуцна. Сайд нар нь парламентын танхимын гишүүн байна. Энэтхэгт гүйцэтгэх эрх мэдэл нь хууль тогтоох эрх мэдэлдээ захирагддаг. Ерөнхий сайд, сайд нарын зөвлөл нь парламентын доод танхимын өмнө шууд хариуцлага хүлээнэ.
Энэтхэгт шүүх эрх мэдлийг гурван шатад хуваан үзэж болно. Эхэнд нь дээд шүүх байна. Удаахад нь дунд шатны, хамгийн сүүлд анхан шатны шүүх байна. Бидний сэдийн хүрээнд үзэх өөр нэг улс бол Франц юм. Францад ерөнхийлөгчийг таван жилийн хугацаагаар бүх ард түмнээс сонгодог. Ерөнхийлөгч нь үндсэн хуулийг биелэлтийн хариуцна. Үүний зэрэгцээ засаг төрийн байгууллагуудын дунд маргаан хянан шийдвэрлэгч байхын сац төрийн бодлогын залгамж чанарыг хангана. Үндэсний тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, олон улсын гэрээ хэлцлийн хэрэгжилтийн баталгаа мөн. Ерөнхийлөгч бусад улстай гэрээ байгуулах, цуцлах, олон улсын гэрээнд нэгдэн орох, татгалзах эрх эдэлнэ. Засгийн газрын хуралдааныг даргална. Ерөнхий сайдыг томилох, огцруулах тухай мэдэгдэл гарснаас хойш засгийн газрын үйл ажиллагааг  зогсоох эрх эдэлнэ. Ерөнхий сайдын саналд тулгуурлан сайд нарыг томилж чөлөөлөх, иргэний болон армийн удирдлагын томилж, чөлөөлөх эрх эдэлнэ. Засгийн газрын тогтоол шийдвэрийг батламжилна. Ерөнхийлөгч нь зэвсэгт хүчний дээд ерөнхий командлагч, үндэсний аюулгүй байдлын тэргүүн мөн.
Францад гүйцэтгэх эрх мэдлийг засгийн газар төлөөлнө. Улс орны бодлого хэрэгжүүлэх, уг үйл ажиллагаанд хариуцлага үүрнэ. Хуульд заасан нөхцөлийн дагуу парламентын өмнө харицуцлага хүлээнэ. Ерөнхий сайд засгийн газрын үйл ажиллагааг удирдана. Онцгой тохиолдолд тусгай даалгавараар ерөнхийлөгчөөр засгийн газрын хуралдааныг даргалуулж болно.
Хууль тогтоох эрх мэдлийг Сенат, Улсын Хурал гэх хоёр танхим бүхий парламент хэрэгжүүлнэ. Гишүүдийн олонхын юм уу ерөнхий сайдын шаардлагаар ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж болно. Ээлжит бус чуулганыг ерөнхийлөгч хаах юм уу нээнэ.
Шүүх эрх мэдлийн хараат бус байдлын баталгаа нь бүгд найрамдах улсын ерөнхийлөгч болно. Шүүгчийг халж солих хориотой. Францын шүүх тогтолцоо олон үе шаттай. Гэхдээ хоёр хэсэгт хувааж болно. Шүүх тогтолцоо болон захиргааны хэргийн шүүх тогтолцоо гэж байна.

Эх сурвалжийн жагсаалт

Заиченко, Г. А. Джон Локк. Москва, 1988.
Макиавелли, Н. Государь. Москва: Рипол-Классик, 1910.
Монтескьe, Ш. Избранные произведения. Москва: , 1955.
Политика Аристотеля. Перевод с греческого языка с примечаниями, с критическим исследованием о Политике Аристотеля и с двумя экскурсами, содержащими в себе учение Аристотеля о праве и воспитании Н. Скворцова, Москва , 1865.
Тихомиров, Ю. А. Власть в обществе: единство и разделение, государственном управлении. Москва, 1963.

Цицерон, М. Диалоги. Москва, 1996.

Thursday, April 13, 2017

АЛЕКС ЦУКЕРМАН

Алекс Цукерман
אלכס צוקרמן
Алекс Цукерман 2011 онд
Мэндэлсэн он:
1938 он
Мэндэлсэн газар:
Франц улс, Париж хотноо
Харьяалал:
Израиль
Шинжлэх ухааны хүрээ:
Эдийн засгийн ухаан
Ажлын газар:
Тель-Авив Их Сургууль
Иерусалим дахь Еврейн Их Сургууль, Массачусэтссийн Технологийн Дээд Сургууль
Алекс Цукерман (Англи хэлнээ: Alex Cukierman; Еврей хэлнээ: ‏אלכס צוקרמן‏‎; Франц улс, Париж хотноо 1938 онд мэндэлсэн) — нь Израилийн цолгорсон эдийн засагч, Тель-Авив Их Сургуулийн эдийн засгийн ухааны тэргүүлэх профессор бөгөөд 1996-1997 онуудад Израилийн Эдийн Засгийн Холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан.
Цадаг намтар
Алекс нацист Германы түрэмгийлэлд орсон Париж хотноо 1938 онд мэндэлсэн. Сайтар нуугдаж чадсан учир Цукерманы гэр бүл эсэн мэнд үлджээ. Улмаар гэр бүлээрээ 1947 онд Иерусалим руу шилжсэн бөгөөд тэндээ Алекс сургууль соёлын мөр хөөсөн байна.
1960-1963 онуудад Иерусалим дахь Еврейн Их Сургуульд суралцаж, 1963 онд эдийн засаг, статистикийн ухаанаар бакалаврын зэрэгтэй төгссөн. 1964-1967 онуудад суралцаж, 1967 онд мөн сургуулиас бизнесийн удирдлагын магистрын зэрэг хүртсэн. Их сургуульд байхдаа «Economic Quarterly» сэтгүүлийн ерөнхий эрхлэгчээр ажиллаж байсан. 1968-1972 онуудад суралцаж, 1972 онд Массачусэтссийн Технологийн Дээд Сургуульд эдийн засгийн ухаанаар докторын зэрэг горилсон. Тель-Авив Их Сургуулиас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1972-1976 онуудад эдийн засгийн ухааны багш, 1976-1979 онуудад ахлах багш, 1984-2006 онуудад Тель-Авив Их Сургуулийн дэргэдэх Бэглас эдийн засгийн сургуулийн профессор, 1986-1988 онуудад Тель-Авив Их Сургулийн эдийн засгийн тэнхимийн эрхлэгчээр тус тус ажиласан байна. 2006 онд мөн сургуулийн тэргүүлэх профессор болсон. 2010 оноос Гэрцли дахь Судалгааны Төвд профессороор ажиллаж байна.
1976 онд Баруун Хойдын Их Сургуульд, 1977-1978 онд Нью-Йоркийн Их Сургуульд, 1978-1979 онд Карнеги-Меллон Их Сургуульд, 1989 онд Берлины Эрх Чөлөөний Их Сургуульд, 1989-1990, 2005-2006 онд Принстоны Их Сургуульд, 1995 онд Чикаго Их Сургуульд, 2001-2002 онд Стэнфордын Их Сургуульд, 2008 онд Боннын Их Сургуульд, 2009 онд Мюнхены Их Сургуульд тус тус зочин профессороор ажилласан. Үүний зэрэгцээ 1985 онд Сант Луис дахь Холбооны Нөөцийн Банкны судалгааны хэлтэст эрдэм шинжилгээний ажилтан, 1990-1992 онуудад Дэлхийн Банкны ажилтан, 1994-2003 онуудад Тилбург Их Сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, 2007 онд Европын Төв Банкинд шинжээчээр тус тус ажилласан.
1986-1987 онуудад European Economic Review сэтгүүлийн туслах эрхлэгч, 1991-2000 онуудад European Journal of Political Economy сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн, 1985-1996 онуудад Economic Inquiry сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн, 2001-2006 онуудад Эдийн Засгийн Бодлого Судалгааны Төвийн эрдэм шинжилгээний ажилтан, 1998 онд Израилийн Банкинд эрх зүйн шинэтгэлийн хорооны гишүүн, 1996-1997 онд Изралийн Эдийн Засгийн Холбооны ерөнхийлөгч, 2011-2015 онуудад Израилийн Банкинд бодлогын хорооны гишүүн байсан.
Цукерман 1993 онд эдийн засгийн хөгжлийн асуудлаар шилдэг бүтээл туурвисан учир Тель-Авив Их Сургуулийн дэргэдэх Хөгжиж буй орнуудыг судлах Хоровиц Хүрээлэнгийн Яворын шагнал, 1995 онд Холландын шилдэг багшийн шагнал, 2009 онд Израйлийн хамгийн нөлөө бүхий эдийн засагч шагнал хүртсэн. Өдгөө Алекс Цукерман Тель-Авив хотын Рамат Хашарон дүүрэгт гурван хүүхдийн хамт энх тунх амьдарч байна.

Цукерман нийтдээ дөрвөн томоохон хэмжээний бүтээл, 100 гаруй өгүүлэл нийтлүүлсэн бөгөөд төв банкны үйл ажиллагаа, мөнгөний бодлогоор мэргэшин судалгаа хийдэг. Түүний судалгаан дотроос 1992 онд Дэлхийн Банкны судлаач Стивэн Б. Вэбб, Билин Ниапти нартай хамтран боловсруулсан төв банкны улс төрийн хараат бус байдлын индекс эрдэмтдийн зүгээс өндөр үнэлэлт авсан байдаг. 
МОНГОЛЧИЛГО ХИЙСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР 

Tuesday, July 19, 2016

МАНЛАЙЛЛЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ


Сүүлийн жилүүдэд манай улсад манлайллын онол, үзэл баримтлалыг эрчимтэйгээр судлаж, ерөөсөө манлайлал гэж юуг хэлэх, хэрхэн ойлгох, авч үзэх тухайд улс төр судлал, төрийн удирдлагын шинжлэх ухааны хүрээнд эрдэмтэн судлаачдын дунд томоохон хэлэлцүүлэг өрнөх болжээ. Олон ч судлаач докторын түвшний судалгаа хийсэн байна(Өлзийбаяр, Төрийн захиргааны удирдах ажилтны манлайллын өөрчлөлт, Удирдахуйн ухааны докторын зэрэг горилсон бүтээл, 2010; Эрдэнэбат, 2015). Юуны түрүүнд, төрийн бодлогыг үр дүнтэй боловсруулж, хэрэгжүүлэх үйл явц нь өөрөө бүх түвшний төрийн байгууллага дахь манлайлалтай шууд холбогдоно.
Флорэнц дахь Европын Их Сургуулийн профессор Жан Блондел “Хаана хүмүүсийн зохион байгуулалтын хэлбэр үүснэ, тэнд манлайлал байна” (Блондель, 1992, хууд. 7) хэмээн бичсэн байдаг. Leadership буюу манлайлал гэх ухагдахуун нийтийн хэрэглээнд XX зуунаас эхлэн нэвтэрсэн бол leader буюу манлайлагч гэх үг харьцангуй эрт бий болсон. Гарал, үүслийн хувьд эртний англи хэлний lithan, laedan буюу урагшлах, зам заах, газарчлах, to lead буюу чиглүүлэн удирдах, жолоодох гэсэн үгийн бүтээвэр болно. Английн түүх бичлэгийн эцэг гэгдэх христос шашны гэлэн Бэда (Beda Venerabilis, МЭ 672\3-735 он) авгай 731 онд бичсэн таван дэвтэр бүхий «Англи газраа олон ардад христос суртал дэлгэрсэн ойллого түүх»(Historia Ecclestiastica Gentis Anglorum) нэрт бүтээлдээ lead гэх үгийг далай тэнгист аялах, зугаалах, зугаацан аялах, зам заагч гэсэн утгаар хэрэглэсэн байх юм ( Д. Н. Ушакова (ред.), 2000). Харин XIII зууны үед уг үгийн утга өөрчлөгдөж, цэргийн удирдагчдыг нэрийдэх илэрхийлэл (troop leader, military leader, flotilla leader) болжээ. Англи улс далайн гүрэн болсноор далай, тэнгист хөлөг даргалах эрх бүхий хүнийг leader хэмээн нэрлэж, аажмаар уг ухагдахуун тодорхой байр суурь бүхий удирдагч, манлайлагчийг, leadership нь манлайлал гэх утгаар хэрэглэгдэх болсон (Селезнева, 2014, хуудсд. 10, 11). Оксфордын тайлбар тольд дурдснаар, «лидер» гэх ухагдахуун нь XVIII зуунд нийтийн хэрэглээнд нэвтэрсэн ба “хамт олон, бүлэг, нийгмийн хүрээнд хүмүүс хоорондын харилцааг зохицуулах тодорхой үүрэг хүлээсэн нэр хүнд бүхий хүний нийгмийн байр суурь: нийтийн эрх ашгийг хангах зорилгоор бусдад нөлөөлөл үзүүлэх чадвар бүхий этгээдийг” нэрлэх илэрхийлэл болжээ(Аллаярова, 2010, хууд. 204).Leader хэмээх ухагдахууныг шинжлэх ухааны эргэлтэнд оруулсан хүн бол Английн эрдэмтэн Томас Карлейл юм. “Сайн сайхан амьдарсан нэг ч агуу хүн байдаггүй. Гэвч дэлхий дахины түүх өөрөө агуу хүмүүсийн цадиг намтар билээ”\No great man lives in vain.The history of the world is but the biography of Great Men\(Carlyle, 1841, p. 127) хэмээн бичиж асан Карлейл лекцийн эмхтгэл бүтээлдээ манлайлал гэх үгийг ашигласангүй, харин манлайлагч гэх үгийг зургаан удаа хэрэглэсэн байдаг. Leadership буюу манлайлал хэмээх ухагдахууны хувьд XX зууны эхээр Кларкийн Их Сургуулийн профессор Лэвис М. Тэрман тэргүүтэй эрдэмтэд шинжлэх ухааны эргэлтэд оруулсан байна (Terman, 1904, pp. 413-451; S. C. Kohs & K. W. Irle, 1920, pp. 73-87; Bowden, 1926, pp. 149-160). Хэдийгээр манлайллын үйл явц эртнээс улбаатай боловч 1930-аад оны эхэн хүртэл уг чиглэлээр шинжлэх ухааны үндэстэй судалгааны ажил бараг хийгдсэнгүй ээ (Robert J. House & Ram N. Aditya, 1997, p. 409).

Монгол хэлнээ leadership хэмээх үгийг манлайлал, хошуучлал гэсэн хоёр янзаар буулган утгачилж байна. Цольд хэл шинжлэлч Я. Цэвэлийн 1966 онд Улаанбаатар хотноо эрхлэн гаргаж, Х. Лувсанбалдангийн шүүдэглэснээр олон нийтийн хүртээл болсон «Монгол хэлний товч тайлбар толь»-д манлайлагч, манлайлах гэдгийг “манлайлах үйлийн нэр: манлай болох, тэргүүлэх: дээд, сайн, тэргүүн зэрэгт тооцогдох”, хошууч, хошуучлах гэдгийг “хамгийн түрүүнд явагч, бусдыг дагуулагч: цэргийн албан хаагчдад олгох нэгэн зүйлийн цол: магнайн цэрэг: хошууч болох, тэргүүлэх” (Цэвэл, 1966, хуудсд. 331, 702) гэж тус тус тайлбарласан байх юм. 2011 онд Б. Баярсайхны эрхлэн хэвлүүлсэн «Монгол хэлний тайлбар толь» -д Я. Цэвэлийн гаргасантай төстэй тайлбарыг хийжээ(Б. Баярсайхан (Эрх. гаргасан), 2011, хуудсд. 684, 1489). Судалгааны түвшинд авч үзвэл манай улсад улс төрийн судалгаанд хошуучлал, хошуучлагч (Монгол Улсын Их Сургууль, 2001, хуудсд. 147-183; Монгол Улсын Их Сургууль , 2009; Монгол Улсын Их Сургууль, 2012, хуудсд. 189-228; Пүрэвдорж, 2005), төрийн захиргаа, төрийн удирдлагын судалгаанд манлайлал, манлайлагч (Дамдинсүрэн, 2007; Ц. Самбаллхүндэв, Д. Байгал, 2009; Өлзийбаяр, Төрийн албаны манлайллын өөрчлөлт , 2009; Өлзийбаяр, Төрийн захиргааны удирдах ажилтны манлайллын өөрчлөлт, Удирдахуйн ухааны докторын зэрэг горилсон бүтээл, 2010; Эрдэнэбат, 2015) гэх ухагдахууныг түлхүү хэрэглэж буй дүр зураг харагдаж байна. Харин 2008 онд хэвлэгдсэн «Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь»-д “..., удирдагчийн манлайлал гэсэн нэмэлт тайлбар орж ирсэн нь манлайлал гэсэн үгийг удирдахуйн ухаанд өргөн дэлгэр хэрэглэж байгааг хүлээн зөвшөөрсний илрэл юм” (Эрдэнэбат, 2015, хууд. 13).
Манлайлал гэж чухам юуг хэлэх, хэрхэн ойлгох тухайд эрдэмтэн судлаачдын дунд нэгдсэн байр суурь өнөөдрийг хүртэл төлөвшиж хараахан чадаагүй байгааг тэмдэглэх хэрэгтэй. Огайо Их Сургуулийн профессор Ральф Мельвин Стогдилл 1948-1970 оны хооронд манлайллын 163 судалгаа, 1904 оноос хойш 250 орчимтодорхойлолт хийгдсэн (Stogdill, Handbook of Leadership, 1974) гэсэн бол Өмнөд Калифорнийн Их Сургуулийн профессор Уоррэн Гамалиэл Бэннис 1985 онд 350 гаруй тодорхойлолт (Bennis, W., & Nanus, B., 1985, p. 17)байгааг судалгааны явцдаа тогтоожээ. Гэтэл Мэриланд Их Сургуулийн профессор Жамес МакГрегор Бернс 1978 онд манлайллын 130 орчим тодорхойлолт байна (Burns, 1978)гэж үзжээ. 1981 онд Бинхэмтон дахь Нью Йоркийн Хотын Их Сургуулийн профессор Бэрнард М. Бэсс манлайллын чиглэлээрхийгдсэн судалгаа нэгэнтээ гурван мянга хол давсныг онцолсон байна(Bass, 1981). 2003 оны байдлаар, манлайлал судлалаар 26000 өгүүлэл нийтлэгдсэн гэсэн тооцоо гарчээ(Bruce E. Winston & Kathleen Patterson, 2006, p. 6). Мөн 1985 оны нэгдүгээр сараас 2009 оны арванхоёрдугаар сар хүртэлх 25 жилийн хугацаанд Academy of Management Journal (Менежментийн Академийн сэтгүүл), Administrative Science Quarterly (Захиргааны Шинжлэх Ухаан улирал тутмын сэтгүүл), Journal of Applied Psychology (Хэрэглээний сэтгэл судлал сэтгүүл), Journal of Management (Менежментийн сэтгүүл), Journal of Organizational Behavior (Байгууллагын зан үйл сэтгүүл), Journal of Vocational Behavior (Ажил, мэргэжлийн үйл байдал сэтгүүл), The Leadership Quarterly (Манлайлал улирал тутмын сэтгүүл), Management Science (Менежментийн Шинжлэх Ухаан), Organizational Behavior and Human Decision Processes (Байгууллагын зан үйл, хүний нөөцийн шийдвэр гаргах үйл явц), Personnel Psychology (Ажилтны сэтгэл судлал), Strategic Management Journal (Стратеги менежмент сэтгүүл) зэрэг мэргэжлийн 11 сэтгүүлд 1161 эмпирик судалгаа хийгдсэн байна (Nathan J. Hiller, Lesliie A. DeChurch, Toshio Murase & Daniel Doty, 2011, pp. 1145, 1146). Эндээс үзэхэд, нэг талаас, манлайлал нь чандлан тогтоох боломжгүй нийгмийн нарийн, төвөгтэй үйл явц, нөгөө талаас, асар хурдацтай хөгжиж буй мэдлэгийн төрөл болох нь илэрхий байна.
Одоо бүгдээрээ манлайлал гэж чухам юу болохыг тодорхойлох оролдлого хийцгээе. Манлайлал бол юуны түрүүнд, нийгмийн нөлөөллийн үйл явц юм. Үүнтэй холбоотойгоор, судлаач М. Чемерс манлайллыг “нийтлэг зорилгод хүрэхийн тулд бусдаас дэмжлэг, туслалцаа эрэлхийлэх нийгмийн нөлөөллийн үйл явц” (Chemers, 1997)гэж тодорхойлжээ. Илүү ойлгомжтой болгох үүднээс зарим нэг судлаачийн байр суурийг хамтатгал байдлаар авч үзье.
 “Манлайлал бол бусдад нөлөөлөл үзүүлэх замаар байгууллагын өмнөө тавьсан зорилгод хүрэх үйл явц мөн” Ж. Тэрри
 “Манлайлал гэдэг нь харилцан нөлөөлөх замаар тодорхой орчинд байгууллагын зорилгыг хэрэгжүүлэхийн тулд бий болсон хүмүүсийн хоорондын харилцаа мөн” Робэрт Таннэнбаум, Ирвинг Вешлер, Фрэд Массарик
“Айдас, хүчирхийллийг урьтал болголгүйгээр бусдын үйл байдалд нөлөөлөх үйл явц нь манлайлал юм” Жеймс Бьюкенин
“Нэг юм уу, хэд хэдэн хүний хэрэгжүүлэх эрх мэдлийн нийлбэр цогцыг манлайлал гэнэ” Ж. Блондел
“Манлайлал бол тодорхой нэг хүн юм уу, байр суурь огтоос биш юм. Харин нийтлэг зорилгод хүрэх үүднээс итгэлцэл, хариуцлага, амлалт, сэтгэл хөдлөл зэрэгт тулгуурлан үүсэх хүмүүсийн хоорондын харилцаа болно” Жоан Киулла
Эдгээр үзэл бодолд үндэслэн бид манлайллыг тогтсон нэг зорилго, зорилтод хүрэхийн тулд бусдад нөлөөлж, бусдын итгэл найдвар, дэмжлэг туслалцаан дээр тулгуурлан хэрэгжих хүмүүс хоорондын харилцаа мөн гэж тодорхойлж болох байна. Дараагийн удаад, бид бүхэн манлайллын онол, үзэл баримтлалуудын талаар хөндөх болно.

ЭХ СУРВАЛЖИЙН ЖАГСААЛТ

Д. Н. Ушакова (ред.). (2000). Толковый словарь русского языка. В 4т. Москва: Изд-во Астрель.
Bass, B. M. (1981). Stogdill's Handbook of Leadership. (2 nd ed.), New York: Free Press.
Bennis, W., & Nanus, B. (1985). Leaders: The strategies for taking charge. New York: Harper & Row, Publishers.
Bowden, A. O. (1926). A Study of the Personality of Student Leaders in the United States. Journal of Abnormal and Social Psychology, 21.
Bruce E. Winston & Kathleen Patterson. (2006). An Integrative Definition of Leadership. International Journal of Leadership Studies, Vol. 1, Iss. 2.
Burns, J. M. (1978). Leadership. New York: Harper & Row.
Carlyle, T. (1841). Heroes, Hero-worship, the Heroic in history. Boston: Adams.
Chemers, M. (1997). An Integrative theory of leadership. New York: Lawrence Erlbaum Associates, Publishers.
Nathan J. Hiller, Lesliie A. DeChurch, Toshio Murase & Daniel Doty. (2011). Searching of Outcomes of Leadership; A 25-Year Review. Journal of Management, Vol. 37, No. 4, July.
Robert J. House & Ram N. Aditya. (1997). The Social Scientific Study of Leadership; Quo Yadis? Journal of Management, Vol. 23, No. 3.
S. C. Kohs & K. W. Irle. (1920). Prophesying army promotion. Journal of Applied Psychology, 4.
Stogdill, R. M. (1974). Handbook of Leadership. New York: The Free Press.
Terman, L. M. (1904). A Preliminary Study in the Psychology and Pedagogs of Leadership. Journal of Genetic Psychology, 11.
Аллаярова, Ж. С. (2010). Концептуализация природы лидерства как феномена. Известия Томского политехнического универститета, Т. 316, № 6.
Б. Баярсайхан (Эрх. гаргасан). (2011). Монгол хэлний тайлбар толь. Ред. А. Янжиндолгор, Улаанбаатар : Монсудар Хэвлэлийн Газар.
Блондель, Ж. (1992). Политическое лидерство: Путь к всеобъемлющему анализу. Перев. с англ. Г. М. Квашнин, Москва : Российская Академия Управления.
Дамдинсүрэн, Л. (2007). Удирдлагын арга барилыг төгөлдөржүүлэх зарим асуудал. Удирдахуйн Ухааны докторын зэрэг горилсон бүтээл, Улаанбаатар: Удирдлагын Академи.
Монгол Улсын Их Сургууль . (2009). Улс төрийн шинжлэх ухаан. Ред. Ё. Довчин, Улаанбаатар: ЭКИМТО ХХК.
Монгол Улсын Их Сургууль. (2001). Улс төрийн шинжлэх ухаан. Ерөнхий ред. Ц. Ганболд, Улаанбаатар: "ЭКИМТО" Хэвлэх Үйлдвэр.
Монгол Улсын Их Сургууль. (2012). Улс төрийн шинжлэх ухаан. Нэмж засварласан гурав дахь хэвлэл, Ред. Ё. Довчин, Улаанбаатар: ЭКИМТО ХХК.
Өлзийбаяр, В. (2009). Төрийн албаны манлайллын өөрчлөлт . Улаанбаатар.
Өлзийбаяр, В. (2010). Төрийн захиргааны удирдах ажилтны манлайллын өөрчлөлт, Удирдахуйн ухааны докторын зэрэг горилсон бүтээл. Улаанбаатар: Удирдлагын Академи.
Пүрэвдорж, Л. (2005). Улс төрийн хошуучлал. Улаанбаатар: МУИС-ийн Хэвлэх Үйлдвэр.
Селезнева, Е. В. (2014). Лидерство: Учебник для бакалавров. Москва : Изд-во "Юрайт".
Ц. Самбаллхүндэв, Д. Байгал. (2009). Төрийн албаны шинэтгэл ба манлайлал. Шинэ толь сэтгүүл, № 66.
Цэвэл, Я. (1966). Монгол хэлний товч тайлбар толь. БНМАУ-ын Шинжлэх Ухааны Академи, Хэл, Зохиолын Хүрээлэн, Ред. Х. Лувсанбалдан, Улаанбаатар: Улсын Хэвлэлийн Хэрэг Эрхлэх Хороо.
Эрдэнэбат, П. (2015). Монгол улсын прокурорын байгууллагын удирдах албан тушаалтны манлайллын хэв маяг, чадварт хийсэн шинжилгээ. Удирдахуйн ухааны докторын зэрэг горилсон бүтээл, Улаанбаатар: Удирдлагын Академи.



БИЧВЭРИЙГ БЭЛТГЭСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

ЗАХИРГАА БА УЛС ТӨРИЙН ХАРИЛЦАА: ҮЗЭЛ САНААНЫ ТОЙМ

  Нэг. Удиртгал Төрийн захиргааны мэдлэг одоогоос 2500 орчим жилийн өмнө Энэтхэг, Хятад, Грек-Ром дахь философи сэтгэлгээний хүрээнд анхла...