Sunday, November 4, 2018

ЭРХ МЭДЭЛ ХУВААРИЛАХ ОНОЛ (SEPARATION DES POUVOIRS)

1.      Эрх мэдэл хуваарилалтын тухай ойлголт, онолын үзэл баримтлал
2.      Эрх мэдэл хуваарилалт дэлхийн орнуудад тогтсон нийтлэг жишиг
3.      Эрх мэдэл хуваарилалт Монгол улсад
Төрийн удирдлагын онолын үндсэн ойлголтуудын нэг нь төрийн эрх мэдэл хуваарилалтын зарчим юм. Төрийн эрх мэдэл хуваарилахын ач холбогдол, үр нөлөө юунд оршино вэ?
Хүн төрөлхтний түүхэнд төрт ёс бүрэлдэн бий болоод нэгэнтээ 6000 жил өнгөржээ. Энэ хугацаанд тухайн институци үр дүнтэй ажиллах асуудал нэг ч эрдэмтэн, судлаачийн анхаарлын гадна үлдэж байсангүй. Өөрөөр хэлбэл, эрх мэдэл хуваарилах зарчим нь төрийн үйл ажиллагааны үр дүнтэй шууд холбогддог гэсэн үг юм. Төрийн удирдлагад эрх мэдэл хуваарилах зарчим дараах үндсэн шалтгааны улмаас чухалчлагдах болсон. Эдгээрт:
1.      Төрийн удирдлагын үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх:
2.      Төрийн удирдлага, зохион байгуулалтын хүртээмжийг нэмэгдүүлэх:
3.      Хүний эрх, эрх чөлөө, эрхэм чанарыг хувь хүн болон хуулийн этгээдийн дур зоргоос хамгаалах:
4.      Улс төрийн дарангуйлал тогтож, хууль бус үйлдэл, шударга бус байдал, эрх тэгш бус харьцаа нийгэмд өргөжихөөс сэргийлэх.
Тэгвэл төрийн эрх мэдэл хуваарилах зарчим гэж юуг хэлэх вэ, Онол болон зарчмын ялгаа юунд орших вэ? Төрийн бүрэн эрх, чиг үүргийг нэг хүн юм уу байгууллагад бүрэн төвлөрүүлэхгүйгээр харилцан тэнцвэртэй, нэг нэгнээсээ хараат бус, тэгсэн атлаа харилцан нэгнээ хянах адил тэнцүү субьектуудад хуваарилах, ингэснээр үр дүнтэй, хүртээмжтэй, хариуцлагатай, ил тод, нээлттэй төрийн удирдлагын зохион байгуулалтын хэлбэрийг төлөвшүүлэх түгээмэл зүй тогтлыг төрийн эрх мэдэл хуваарилах зарчим гэнэ. Өөрөөр хэлбэл, төрийн засаглал хэрхэн зохист шинжийг олох, төрийн бүрэн эрх, чиг үүргийг ямар арга замаар хариуцлагатай, нээлттэй, харилцан хяналттай болгох вэ гэдгээр дэлхийн улс орнуудад баримталж буй түгээмэл хэм хэмжээ, зүй тогтол нь төрийн эрх мэдэл хуваарилах зарчим болж байна. Тэгвэл төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг хэрхэн сайжруулах, төгөлдөршүүлэх асуудал нь цэвэр онол юм. Дарангуйллаас ангид байхын зэрэгцээ үйл ажиллагааны өгөөж, хүртээмжийг сайжруулах хамгийн үр дүнтэй арга нь төрийн эрх мэдлийг хуваарилахад оршино. Өрнө дахинд хууль болон ард түмний төлөөлөгчдийн дуу хоолойгоор, дорно дахинд төрийн зүтгэлтний ёс суртахуунаар эрх мэдэл хязгаарлах тухай ерөнхий үзэл санаа оршиж байлаа.
Хураангуйлан хэлэхэд эрдэмтэн, мэргэдийн анхаарал сэвшээж ирсэн үндсэн асуудлын нэг нь төрийн засаглалын үр өгөөжийг сайжруулж, улс төрийн дарангуйллаас хэрхэн ангид байлгах явдал байв. Ромын гүн ухаантан Марк Туллий Цицерон «нэг хэсэг хүмүүс юм уу нэг дарангуйлагчид нийгмийн эрх мэдлийг бүхэлд нь  даатгахгүйн тулд, төрийн байгууллагын бүх албан тушаалд хүчтэй, чадалтай нэгнийг оруулахгүйн тулд төрийн эрх мэдлийг нэгдмэл бус, хуваагдмал, харилцан тэнцвэртэй байлгах хэрэгтэй» (Цицерон 1996, 21-23) хэмээн бичсэн байдаг. Төрийн эрх мэдэл хуваарилалтын механизмын чанад зорилго нь нэг хүний юм уу байгууллага, этгээдийн гарт эрх мэдэл хэт төвлөрөх үзэгдэл бий болохоос зайлсхийхэд оршино. Зайлсхийхын сайн тал нь хүний эрх, эрх чөлөө, эрхэм чанарыг нийгмийн бусармаг үйлдлээс хамгаалж, хадгалахад байдаг.
Төрийн эрх мэдэл хуваарилах зарчим хэрхэн бий болсон бэ?
Анхлан эртний Грекийн гүн ухаантан, Спарт хот улсын захирагч Ликург эрх мэдэл хуваарилалтыг нийгмийн практикт нэвтрүүлэх оролдлого хийжээ.  Юуны түрүүнд, тэрээр Спарт хот улсад эрх мэдлийн хувьд эн тэнцүү хоёр эзэн хааны засаг тогтоосон байна. Үүнээс гадна, хууль тогтоох, улсын чухал асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхийг Геруси буюу 30 хүн бүхий Өтгөсийн Зөвлөлд, албан тушаалтан томилох, төрийн үйл ажиллагааг тасралтгүй хангах эрхийг 30-аас дээш насны иргэдийг хамруулсан Ардын Хуралд тус тус хуваарилсан байна.Төрийн алба цалгардалгүй, үр дүнтэй явагдах байдалд адил тэнцүү эрх, үүрэг бүхий 5 эфороос бүрдэх байгууллага хяналт тогтооно. Ликургийн тогтоосон эрх мэдэл хуваарилалтын уг зарчим 800 орчим жил хадгалагдсан бөгөөд Спарт хот улсын хүчирхэгжилтийн үндэс болсон талаар гадны судлаачид дурдсан байдаг (Макиавелли 1910).
 Грекийн гүн ухаантан Аристотель төрийн эрх мэдэл хуваарилалтын үйл явцад анхаарч зөвлөх, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван хэсэгт ангилж болох талаар санаа дэвшүүлсэн байна. Хамгийн сайн төрийн байгуулал нь полити бөгөөд уг байгууллын олон онцлог шинжийн нэг нь эрх мэдэл хуваарилах зарчимд оршино гэдгийг онцолсон (Политика Аристотеля 1865, 281). Нийгмийн практикт Ромын эзэнт гүрний үед эрх мэдэл хуваарилах зарчим хэрэгжиж байсан. Тухайлбал, консул, сенат, комици буюу ардын хурал гэсэн гурван субьектад төрийн бүрэн эрх, чиг үүргийг хуваарилж байжээ. Нэг хүн юм уу нэг этгээдийн гарт төрийн засаглал бүхэлдээ шилжсэн тохиолдолд улсын эрх ашигт хохирол учирч, дарангуй засаг тогтдог гэдгийг судлаачид тогтоосон байдаг. Энэ жишиг эртний Ромд ч нэгэн адил байсныг дээрх баримт нутлан харуулж байна.
Төрийн эрх мэдэл хуваарилалтын зарчмыг шинэ агуулгаар хөгжүүлсэн өөр нэг эрдэмтэн бол Английн гүн ухаантан Жон Локк юм. Тэрээр 1690 онд бичсэн “Төрийн засаглалын тухай хоёр шастир” бүтээлдээ төрийн засаглал юуны түрүүнд, дур зорго, дарангуй хүсэл зоригоос ангид байх ёстойг онцолсон. Энэ хүрээнд эрх мэдэл хуваарилах зарчим хэрэгжих учиртайг сургасан байна. Харилцан нэг нэгнээ хянахын зэрэгцээ харьцангуй бие даасан шинжтэй байх нь эрх мэдэл хуваарилалтын суурь шинж юм. Тэрээр төрийн эрх мэдлийг чиг үүргээс нь хамааруулж, хууль тогтоох, холбооны, гүйцэтгэх эрх мэдэл хэмээн ангилсан байна. «Нийгэм болон түүний гишүүдийг хадгалж, хамгаалахын тулд төрийн хүчийг хэрхэн ашиглавал зохистойг заах эрх мэдлийг хууль тогтоох эрх мэдэл гэнэ» (Заиченко 1988) хэмээн Локк бичжээ. «Хүмүүс нийгэм хэмээх хамтлагт татагдаж, түүнд нэгдэн орохын чанадын зорилго нь өмч хөрөнгөө амар тайван байдлаар аюулгүй захиран зарцуулах эрмэлзэл бөгөөд үүнд хүрэх үр дүнтэй арга нь тухайн нийгэмд тогтоосон хууль цааз буюу эрх зүйн хэм хэмжээ юм. Бүхий л төр улсад түгээмэл байх хамгийн анхны, үндсэн эерэг хууль нь хууль тогтоох эрх мэдэл болно. Уг хууль тогтоох эрх мэдэл нь улс орны дээд хүч төдийгүй нийгэм хамтлагийн гарт байх ариун, хөдөлшгүй хүч юм. Хэрэв ард түмнээс сонгогдсон хууль тогтоох байгууллагын зөвшөөрөл үгүй бол, түүнийг дэмжигч эрх мэдэл, албан ёсны хууль дүрэмгүй бол ямар ч засаг байсан оршин тогтнох бололцоогүй билээ» (Тихомиров 1963) гэжээ. Локкийн дараагаар эрх мэдэл хуваарилах онолыг далайцтай хөгжүүлсэн эрдэмтэн бол Шарль Луи Секонди Монтескье болно. 1748 онд «Хуулиудын амин сүнс» зохиолдоо өөрийн үзэл санааг тодорхойлсон байна. Ялдарлан өгүүлэхэд түүний гаргасан санааны үр нөлөөгөөр эрх мэдэл хуваарилалтын зарчим дэлхийн олон улс оронд түгэн дэлгэрснийг дурдах байна. Тэгвэл Монтескье эрх мэдэл хуваарилах онолыг дараах санаагаар баяжуулж хөгжүүлсэн юм. Тухайлбал, өмнөх эрдэмтэн Локкийн үзэл санааг бодвол тэрээр эрх мэдэл хуваарилах зарчмыг илүү нарийвчилсан түвшинд гаргасан байна. «Аливаа төрд гурван хэлбэрийн эрх мэдэл оршино. Үүнд: хууль тогтоох болон олон улсын эрх зүйн асуудал эрхлэх гүйцэтгэх эрх мэдэл, иргэний эрх зүйн асуудал эрхэлсэн гүйцэтгэл эрх мэдэл байна» (Монтескьe 1955, 289) гэжээ.  Цааш нь тэрээр эрх мэдлийн гурав дахь хэлбэрийг шүүх хэмээн оночилж болох талаар дурдсан байна. Ташрамд дурдахад Францын улс төрийн зүтгэлтэн Бэнжамен Констан төрийн засаглалыг вангийн эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдэл, байнгын төлөөллийн эрх мэдэл, олон нийтийн санаа бодлыг төлөөлөх эрх мэдэл, шүүх эрх мэдэл, орон нутгийн эрх мэдэл гэсэн тодорхой хүрээнд хуваарилж болох горимын санал гаргасан байдаг.
Эрх мэдэл хуваарилах үзэл санаа, зарчим ганц Европт бий болсон гэж үзэж болохгүй. Хятадад хүртэл өөрийн онцлогтой хөгжих болсон. Үүний томоохон жишээ нь Хятадын улс төрийн бодлоготон Сун Ятсэны үзэл болно.
Сун Янтсэн төрийн засаглалын үр өгөөж, хүртээмж, нэр хүндийг сайжруулахын тулд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх, хяналтын болон шалгалтын гэсэн таван эрх мэдлийн хүрээнд хуваарилах учиртайг сургасан байна. Хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх эрх мэдлийн хувьд өмнөх эрдэмтдийн үзэл санааг уламжилж хөгжүүлэхийн зэрэгцээ хяналтын болон шалгалтын эрх мэдэлд ихээхэн ач холбогдол өгч, судалсан байна. Түүний үзсэнээр дурдсан хоёр эрх мэдэл нь Хятадын төрт ёсны таван мянга гаруй жилийн хөгжлийн явцад байсаар иржээ. Дундад Иргэн Улс дэлхий дахины нийтлэг жишигийг дагахын сац өөрийн орны улс төрийн уламжлалыг дагаж хяналтын болон шалгалтын эрх мэдлийг төрийн удирдлага, зохион байгуулалтын хүрээнд төлөвшүүлэх учиртай. Шалгалтын эрх мэдэл их төлөв төрийн албаны тунгалаг, ил тод байдлыг баталгаажуулдаг байна. Харин хяналтын эрх мэдэл нь гүйцэтгэх эрх мэдлийн нээлттэй, хариуцлагатай байдлыг хариуцна.
Төрийн эрх мэдэл хуваарилах зарчим, онол дэлхийн улс орнуудад хэрхэн хэрэгжсэн бэ?
Хэдийгээр өмнөх бичвэрт одоогоос олон мянган жилийн өмнө Грекийн Спарт хот улсад хэрэгжсэн гэж дурдсан боловч сонгодог утгаараа харьцангуй сүүл буюу XVIII зууны шувтарга үетэй холбогдоно. 1787 онд АНУ-ын анхны үндсэн хууль батлагдсан бөгөөд уг улс төр-эрх зүйн тунхаг бичигт төрийн эрх мэдэл хуваарилах зарчим тусгагдсан байна. Ингэхдээ эл үндсэн хуулийг гардан боловсруулсан А. Хамилтон, Ж. Мэдисон, Ж. Жэй нар төрийн эрх мэдэл хуваарилалтын сонгодог загварыг авч хэрэглэсэн байна. Эдгээр улс төрчид холбооны улс болон муж улсын гэх хоёр түвшинд дээрх асуудлыг авч үзжээ. Өөрөөр хэлбэл, Checks and balances буюу харилцан тэнцвэртэй, хяналттай байхыг чухалчилсан байна.
XIX зууны шувтарга, XX зууны эхэн гэхэд дэлхийн ихэнх улс оронд эрх мэдэл хуваарилах зарчим үндсэн хуулиар дамжин хөгжих болсон. Улс орнуудын туршлагаас  харахад засаглалын хэлбэрээс хамаарч төрийн эрх мэдлийн хуваарилалт харилцан адилгүй хэрэгжиж байна. Гэхдээ ерөнхий бөгөөд суурь үндэс нь нийтлэг байгааг дурдах хэрэгтэй. Ихэнх оронд хууль тогтоох эрх мэдлийг нийт ард түмнээс юм уу түүний үлэмжхэн хэсгийн төлөөлөл болж сонгогдсон тодорхой тооны гишүүдээс бүрдэх парламент гэх институц хадгалж байна. Харин гүйцэтгэх эрх мэдлийг засгийн газар гэх институц төлөөлж байна. Гэхдээ энэ нь засаглалын хэлбэрээс хамаарч байгааг онцлох байна. Эзэн хаан, ерөнхийлөгч, эмир, шах гэх мэтийн завсарын субьектууд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд тодорхой үүрэгтэй оролцож байна. Харин шүүх эрх мэдлийн хувьд эрх зүйн орчин харьцангуй тогтвортой болсон. Өөрөөр хэлбэл, шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх бөгөөд өөр институц уг эрхийг хэрэгжүүлэх юм уу хэрэгжүүлэхээр оролдох бололцоогүй юм. Гагцхүү түүний хараат бус, хариуцлагатай байдлыг хангах асуудал хурцаар тулгамдаж байна. Гэхдээ зарим нэг оронд, тухайлбал, ойрх түүхэнд социалист гэгдэж байсан орнуудад үзэл суртлаар сууриа хийсэн угтаа бол улс төрийн байгууллага шүүх эрх мэдлийг төлөөлөн хэрэгжүүлж байсныг дурдах байна (БНМАУ, ЗСБНХУ, БНАПАУ, БНАБАУ, БНАУАУ, БНАГАУ гэх мэт).
Төрийн эрх мэдэл хуваарилах зарчим улс орон болгонд харилцан адилгүй байна. Тэдгээрийн заримаас дурдая. Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ) нь холбооны төрийн байгуулалтай. Засаглалын төрийн байгууллагын тогтолцоо нь холбооны улс болон бүс нутгийн гэх хоёр түвшинд хуваагдана. Түвшин бүрт хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг төлөөлөх өөрийн гэсэн байгууллага байна. Хэдийгээр тус улсын 16 бүгд найрамдах муж Бундестагт харилцан адилгүй төлөөлөлтэй байх ч тэдгээрийн статусыг холбооны улсын үндсэн хуулиар тодорхойлсон байдаг. Хууль тогтоох эрх мэдэл нь холбооны улсын Бундестаг, муж улсуудын Бундестратад хадгалагдана. Эдгээр нь хууль тогтоох болон хуулийн төсөлд санал нэмэрлэх эрх эдэлнэ. Нийт гишүүдийн гуравны хоёр нь санал нэгдсэн тохиолдолд үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрхтэй байдаг. Муж улсын түвшинд хууль тогтоох эрх мэдлийг Ландтаг, Бюргершафт төлөөлнө. Эдгээр нь муж улсын хэмжээнд мөрдөгдөх хууль тогтоомжийг батална.
Холбооны улсын ерөнхийлөгчийн хувьд таван жилийн хугацаагаар Бундестаг сонгоно. Дахин нэг удаа улиран сонгогдож болно. Холбооны ерөнхийлөгч нь олон улсын харилцаанд холбооны улсыг төлөөлнө. Бүрэн эрхийн хүрээнд захирамж, зарлиг туурвина. Гэхдээ ерөнхий сайд, юм уу салбарын сайдын гарын үсэг зурагдсанаар хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Холбооны ерөнхийлөгч нь холбооны улсын шүүгч, холбооны улсын төрийн албан хаагч, армийн удирдлагыг томилж, чөлөөлж огцруулна. Засгийн газрын гишүүдийг ерөнхий сайдын саналд тулгуурлан ажлаас томилж чөлөөлнө.
Холбооны улсын түвшинд гүйцэтгэх эрх мэдлийг холбооны улсын засгийн газар хэрэгжүүлнэ. Түүнийг тэргүүлэх ерөнхий сайдыг Бундестаг хэлэлцүүлэг өрнүүлэхгүйгээр ерөнхийлөгчийн санал болгосноор батална. Холбооны ерөнхий сайд нь улсын гадаад, дотоод бодлогыг эрхлэн явуулж, үүнийхээ төлөө хариуцлага хүлээнэ. Бундестагийн зүгээс засгийн газарт итгэл үл үзүүлсэн тохиолдолд ерөнхий сайдыг холбооны улсын ерөнхийлөгч томилно. Хэрэв итгэл үзүүлээгүй тохиолдолд ерөнхий сайдын саналаар 21 хоногийн дотор Бундестагийг ерөнхийлөгч тараах эрхтэй. Харин шинэ ерөнхий сайд сонгогдвол Бундестагийг тараах эрх цуцлагдана. Муж улсын түвшинд гүйцэтгэх эрх мэдлийг ерөнхий сайд юм уу бургомистр төлөөлнө.
Шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хадгална. Холбооны улсын үндсэн хуулийн шүүх үндсэн хуулийн хрэгжилтэд хяналт тавина. Тэрчлэн дээд шүүхэд Карлсруэ хотын холбооны шүүх, Лейциг дахь холбооны захиргааны хэргийн шүүх, Мюнхен дахь холбооны санхүүгийн асуудал хариуцсан шүүх, холбооны нийгмийн асуудал хариуцсан шүүх, холбооны хөдөлмөрийн маргааныг хянан шийдвэрлэх шүүх тус тус хамаарна. Шүүх эрх мэдлийн ихэнх хэсэг нь муж улсуудад хамаарна. Холбооны шүүх нь ихэнхдээ муж улсын шүүхийн шийдвэрийг хянан үзэх, эцэслэн шийдвэрлэхэд чиглэгдэнэ.
Төрийн эрх мэдэл хуваарилалтын өөр нэг жишээ нь Энэтхэг улс билээ. Тус улсад хууль тогтоох эрх мэдлийг Ражя Сабха буюу муж улсын зөвлөл, Лок Сабха буюу ардын танхимаас бүрдэх хоёр танхимт парламент хэрэгжүүлнэ. Гүйцэтгэх эрх мэдлийг ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, ерөнхий сайдын тэргүүлсэн сайд нарын зөвлөл хариуцна. Сайд нар нь парламентын танхимын гишүүн байна. Энэтхэгт гүйцэтгэх эрх мэдэл нь хууль тогтоох эрх мэдэлдээ захирагддаг. Ерөнхий сайд, сайд нарын зөвлөл нь парламентын доод танхимын өмнө шууд хариуцлага хүлээнэ.
Энэтхэгт шүүх эрх мэдлийг гурван шатад хуваан үзэж болно. Эхэнд нь дээд шүүх байна. Удаахад нь дунд шатны, хамгийн сүүлд анхан шатны шүүх байна. Бидний сэдийн хүрээнд үзэх өөр нэг улс бол Франц юм. Францад ерөнхийлөгчийг таван жилийн хугацаагаар бүх ард түмнээс сонгодог. Ерөнхийлөгч нь үндсэн хуулийг биелэлтийн хариуцна. Үүний зэрэгцээ засаг төрийн байгууллагуудын дунд маргаан хянан шийдвэрлэгч байхын сац төрийн бодлогын залгамж чанарыг хангана. Үндэсний тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, олон улсын гэрээ хэлцлийн хэрэгжилтийн баталгаа мөн. Ерөнхийлөгч бусад улстай гэрээ байгуулах, цуцлах, олон улсын гэрээнд нэгдэн орох, татгалзах эрх эдэлнэ. Засгийн газрын хуралдааныг даргална. Ерөнхий сайдыг томилох, огцруулах тухай мэдэгдэл гарснаас хойш засгийн газрын үйл ажиллагааг  зогсоох эрх эдэлнэ. Ерөнхий сайдын саналд тулгуурлан сайд нарыг томилж чөлөөлөх, иргэний болон армийн удирдлагын томилж, чөлөөлөх эрх эдэлнэ. Засгийн газрын тогтоол шийдвэрийг батламжилна. Ерөнхийлөгч нь зэвсэгт хүчний дээд ерөнхий командлагч, үндэсний аюулгүй байдлын тэргүүн мөн.
Францад гүйцэтгэх эрх мэдлийг засгийн газар төлөөлнө. Улс орны бодлого хэрэгжүүлэх, уг үйл ажиллагаанд хариуцлага үүрнэ. Хуульд заасан нөхцөлийн дагуу парламентын өмнө харицуцлага хүлээнэ. Ерөнхий сайд засгийн газрын үйл ажиллагааг удирдана. Онцгой тохиолдолд тусгай даалгавараар ерөнхийлөгчөөр засгийн газрын хуралдааныг даргалуулж болно.
Хууль тогтоох эрх мэдлийг Сенат, Улсын Хурал гэх хоёр танхим бүхий парламент хэрэгжүүлнэ. Гишүүдийн олонхын юм уу ерөнхий сайдын шаардлагаар ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж болно. Ээлжит бус чуулганыг ерөнхийлөгч хаах юм уу нээнэ.
Шүүх эрх мэдлийн хараат бус байдлын баталгаа нь бүгд найрамдах улсын ерөнхийлөгч болно. Шүүгчийг халж солих хориотой. Францын шүүх тогтолцоо олон үе шаттай. Гэхдээ хоёр хэсэгт хувааж болно. Шүүх тогтолцоо болон захиргааны хэргийн шүүх тогтолцоо гэж байна.

Эх сурвалжийн жагсаалт

Заиченко, Г. А. Джон Локк. Москва, 1988.
Макиавелли, Н. Государь. Москва: Рипол-Классик, 1910.
Монтескьe, Ш. Избранные произведения. Москва: , 1955.
Политика Аристотеля. Перевод с греческого языка с примечаниями, с критическим исследованием о Политике Аристотеля и с двумя экскурсами, содержащими в себе учение Аристотеля о праве и воспитании Н. Скворцова, Москва , 1865.
Тихомиров, Ю. А. Власть в обществе: единство и разделение, государственном управлении. Москва, 1963.

Цицерон, М. Диалоги. Москва, 1996.

Thursday, April 13, 2017

АЛЕКС ЦУКЕРМАН

Алекс Цукерман
אלכס צוקרמן
Алекс Цукерман 2011 онд
Мэндэлсэн он:
1938 он
Мэндэлсэн газар:
Франц улс, Париж хотноо
Харьяалал:
Израиль
Шинжлэх ухааны хүрээ:
Эдийн засгийн ухаан
Ажлын газар:
Тель-Авив Их Сургууль
Иерусалим дахь Еврейн Их Сургууль, Массачусэтссийн Технологийн Дээд Сургууль
Алекс Цукерман (Англи хэлнээ: Alex CukiermanЕврей хэлнээ: אלכס צוקרמן; Франц улс, Париж хотноо 1938 онд мэндэлсэн) — нь Израилийн цолгорсон эдийн засагч, Тель-Авив Их Сургуулийн эдийн засгийн ухааны тэргүүлэх профессор бөгөөд 1996-1997 онуудад Израилийн Эдийн Засгийн Холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан.
Цадаг намтар
Алекс нацист Германы түрэмгийлэлд орсон Париж хотноо 1938 онд мэндэлсэн. Сайтар нуугдаж чадсан учир Цукерманы гэр бүл эсэн мэнд үлджээ. Улмаар гэр бүлээрээ 1947 онд Иерусалим руу шилжсэн бөгөөд тэндээ Алекс сургууль соёлын мөр хөөсөн байна.
1960-1963 онуудад Иерусалим дахь Еврейн Их Сургуульд суралцаж, 1963 онд эдийн засаг, статистикийн ухаанаар бакалаврын зэрэгтэй төгссөн. 1964-1967 онуудад суралцаж, 1967 онд мөн сургуулиас бизнесийн удирдлагын магистрын зэрэг хүртсэн. Их сургуульд байхдаа «Economic Quarterly» сэтгүүлийн ерөнхий эрхлэгчээр ажиллаж байсан. 1968-1972 онуудад суралцаж, 1972 онд Массачусэтссийн Технологийн Дээд Сургуульд эдийн засгийн ухаанаар докторын зэрэг горилсон. Тель-Авив Их Сургуулиас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1972-1976 онуудад эдийн засгийн ухааны багш, 1976-1979 онуудад ахлах багш, 1984-2006 онуудад Тель-Авив Их Сургуулийн дэргэдэх Бэглас эдийн засгийн сургуулийн профессор, 1986-1988 онуудад Тель-Авив Их Сургулийн эдийн засгийн тэнхимийн эрхлэгчээр тус тус ажиласан байна. 2006 онд мөн сургуулийн тэргүүлэх профессор болсон. 2010 оноос Гэрцли дахь Судалгааны Төвд профессороор ажиллаж байна.
1976 онд Баруун Хойдын Их Сургуульд, 1977-1978 онд Нью-Йоркийн Их Сургуульд, 1978-1979 онд Карнеги-Меллон Их Сургуульд, 1989 онд Берлины Эрх Чөлөөний Их Сургуульд, 1989-1990, 2005-2006 онд Принстоны Их Сургуульд, 1995 онд Чикаго Их Сургуульд, 2001-2002 онд Стэнфордын Их Сургуульд, 2008 онд Боннын Их Сургуульд, 2009 онд Мюнхены Их Сургуульд тус тус зочин профессороор ажилласан. Үүний зэрэгцээ 1985 онд Сант Луис дахь Холбооны Нөөцийн Банкны судалгааны хэлтэст эрдэм шинжилгээний ажилтан, 1990-1992 онуудад Дэлхийн Банкны ажилтан, 1994-2003 онуудад Тилбург Их Сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, 2007 онд Европын Төв Банкинд шинжээчээр тус тус ажилласан.
1986-1987 онуудад European Economic Review сэтгүүлийн туслах эрхлэгч, 1991-2000 онуудад European Journal of Political Economy сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн, 1985-1996 онуудад Economic Inquiry сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн, 2001-2006 онуудад Эдийн Засгийн Бодлого Судалгааны Төвийн эрдэм шинжилгээний ажилтан, 1998 онд Израилийн Банкинд эрх зүйн шинэтгэлийн хорооны гишүүн, 1996-1997 онд Изралийн Эдийн Засгийн Холбооны ерөнхийлөгч, 2011-2015 онуудад Израилийн Банкинд бодлогын хорооны гишүүн байсан.
Цукерман 1993 онд эдийн засгийн хөгжлийн асуудлаар шилдэг бүтээл туурвисан учир Тель-Авив Их Сургуулийн дэргэдэх Хөгжиж буй орнуудыг судлах Хоровиц Хүрээлэнгийн Яворын шагнал, 1995 онд Холландын шилдэг багшийн шагнал, 2009 онд Израйлийн хамгийн нөлөө бүхий эдийн засагч шагнал хүртсэн. Өдгөө Алекс Цукерман Тель-Авив хотын Рамат Хашарон дүүрэгт гурван хүүхдийн хамт энх тунх амьдарч байна.

Цукерман нийтдээ дөрвөн томоохон хэмжээний бүтээл, 100 гаруй өгүүлэл нийтлүүлсэн бөгөөд төв банкны үйл ажиллагаа, мөнгөний бодлогоор мэргэшин судалгаа хийдэг. Түүний судалгаан дотроос 1992 онд Дэлхийн Банкны судлаач Стивэн Б. Вэбб, Билин Ниапти нартай хамтран боловсруулсан төв банкны улс төрийн хараат бус байдлын индекс эрдэмтдийн зүгээс өндөр үнэлэлт авсан байдаг. 
МОНГОЛЧИЛГО ХИЙСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР 

Tuesday, July 19, 2016

МАНЛАЙЛЛЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ


Сүүлийн жилүүдэд манай улсад манлайллын онол, үзэл баримтлалыг эрчимтэйгээр судлаж, ерөөсөө манлайлал гэж юуг хэлэх, хэрхэн ойлгох, авч үзэх тухайд улс төр судлал, төрийн удирдлагын шинжлэх ухааны хүрээнд эрдэмтэн судлаачдын дунд томоохон хэлэлцүүлэг өрнөх болжээ. Олон ч судлаач докторын түвшний судалгаа хийсэн байна(Өлзийбаяр, Төрийн захиргааны удирдах ажилтны манлайллын өөрчлөлт, Удирдахуйн ухааны докторын зэрэг горилсон бүтээл, 2010; Эрдэнэбат, 2015). Юуны түрүүнд, төрийн бодлогыг үр дүнтэй боловсруулж, хэрэгжүүлэх үйл явц нь өөрөө бүх түвшний төрийн байгууллага дахь манлайлалтай шууд холбогдоно.
Флорэнц дахь Европын Их Сургуулийн профессор Жан Блондел “Хаана хүмүүсийн зохион байгуулалтын хэлбэр үүснэ, тэнд манлайлал байна(Блондель, 1992, хууд. 7) хэмээн бичсэн байдаг. Leadership буюу манлайлал гэх ухагдахуун нийтийн хэрэглээнд XX зуунаас эхлэн нэвтэрсэн бол leader буюу манлайлагч гэх үг харьцангуй эрт бий болсон. Гарал, үүслийн хувьд эртний англи хэлний lithan, laedan буюу урагшлах, зам заах, газарчлах, to lead буюу чиглүүлэн удирдах, жолоодох гэсэн үгийн бүтээвэр болно. Английн түүх бичлэгийн эцэг гэгдэх христос шашны гэлэн Бэда (Beda Venerabilis, МЭ 672\3-735 он) авгай 731 онд бичсэн таван дэвтэр бүхий «Англи газраа олон ардад христос суртал дэлгэрсэн ойллого түүх»(Historia Ecclestiastica Gentis Anglorum) нэрт бүтээлдээ lead гэх үгийг далай тэнгист аялах, зугаалах, зугаацан аялах, зам заагч гэсэн утгаар хэрэглэсэн байх юм ( Д. Н. Ушакова (ред.), 2000). Харин XIII зууны үед уг үгийн утга өөрчлөгдөж, цэргийн удирдагчдыг нэрийдэх илэрхийлэл (troop leader, military leader, flotilla leader) болжээ. Англи улс далайн гүрэн болсноор далай, тэнгист хөлөг даргалах эрх бүхий хүнийг leader хэмээн нэрлэж, аажмаар уг ухагдахуун тодорхой байр суурь бүхий удирдагч, манлайлагчийг, leadership нь манлайлал гэх утгаар хэрэглэгдэх болсон (Селезнева, 2014, хуудсд. 10, 11). Оксфордын тайлбар тольд дурдснаар, «лидер» гэх ухагдахуун нь XVIII зуунд нийтийн хэрэглээнд нэвтэрсэн ба “хамт олон, бүлэг, нийгмийн хүрээнд хүмүүс хоорондын харилцааг зохицуулах тодорхой үүрэг хүлээсэн нэр хүнд бүхий хүний нийгмийн байр суурь: нийтийн эрх ашгийг хангах зорилгоор бусдад нөлөөлөл үзүүлэх чадвар бүхий этгээдийг” нэрлэх илэрхийлэл болжээ(Аллаярова, 2010, хууд. 204).Leader хэмээх ухагдахууныг шинжлэх ухааны эргэлтэнд оруулсан хүн бол Английн эрдэмтэн Томас Карлейл юм. “Сайн сайхан амьдарсан нэг ч агуу хүн байдаггүй. Гэвч дэлхий дахины түүх өөрөө агуу хүмүүсийн цадиг намтар билээ”\No great man lives in vain.The history of the world is but the biography of Great Men\(Carlyle, 1841, p. 127) хэмээн бичиж асан Карлейл лекцийн эмхтгэл бүтээлдээ манлайлал гэх үгийг ашигласангүй, харин манлайлагч гэх үгийг зургаан удаа хэрэглэсэн байдаг. Leadership буюу манлайлал хэмээх ухагдахууны хувьд XX зууны эхээр Кларкийн Их Сургуулийн профессор Лэвис М. Тэрман тэргүүтэй эрдэмтэд шинжлэх ухааны эргэлтэд оруулсан байна (Terman, 1904, pp. 413-451; S. C. Kohs & K. W. Irle, 1920, pp. 73-87; Bowden, 1926, pp. 149-160). Хэдийгээр манлайллын үйл явц эртнээс улбаатай боловч 1930-аад оны эхэн хүртэл уг чиглэлээр шинжлэх ухааны үндэстэй судалгааны ажил бараг хийгдсэнгүй ээ (Robert J. House & Ram N. Aditya, 1997, p. 409).

Монгол хэлнээ leadership хэмээх үгийг манлайлал, хошуучлал гэсэн хоёр янзаар буулган утгачилж байна. Цольд хэл шинжлэлч Я. Цэвэлийн 1966 онд Улаанбаатар хотноо эрхлэн гаргаж, Х. Лувсанбалдангийн шүүдэглэснээр олон нийтийн хүртээл болсон «Монгол хэлний товч тайлбар толь»-д манлайлагч, манлайлах гэдгийг “манлайлах үйлийн нэр: манлай болох, тэргүүлэх: дээд, сайн, тэргүүн зэрэгт тооцогдох”, хошууч, хошуучлах гэдгийг “хамгийн түрүүнд явагч, бусдыг дагуулагч: цэргийн албан хаагчдад олгох нэгэн зүйлийн цол: магнайн цэрэг: хошууч болох, тэргүүлэх(Цэвэл, 1966, хуудсд. 331, 702) гэж тус тус тайлбарласан байх юм. 2011 онд Б. Баярсайхны эрхлэн хэвлүүлсэн «Монгол хэлний тайлбар толь» -д Я. Цэвэлийн гаргасантай төстэй тайлбарыг хийжээ(Б. Баярсайхан (Эрх. гаргасан), 2011, хуудсд. 684, 1489). Судалгааны түвшинд авч үзвэл манай улсад улс төрийн судалгаанд хошуучлал, хошуучлагч (Монгол Улсын Их Сургууль, 2001, хуудсд. 147-183; Монгол Улсын Их Сургууль , 2009; Монгол Улсын Их Сургууль, 2012, хуудсд. 189-228; Пүрэвдорж, 2005), төрийн захиргаа, төрийн удирдлагын судалгаанд манлайлал, манлайлагч (Дамдинсүрэн, 2007; Ц. Самбаллхүндэв, Д. Байгал, 2009; Өлзийбаяр, Төрийн албаны манлайллын өөрчлөлт , 2009; Өлзийбаяр, Төрийн захиргааны удирдах ажилтны манлайллын өөрчлөлт, Удирдахуйн ухааны докторын зэрэг горилсон бүтээл, 2010; Эрдэнэбат, 2015) гэх ухагдахууныг түлхүү хэрэглэж буй дүр зураг харагдаж байна. Харин 2008 онд хэвлэгдсэн «Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь»-д “..., удирдагчийн манлайлал гэсэн нэмэлт тайлбар орж ирсэн нь манлайлал гэсэн үгийг удирдахуйн ухаанд өргөн дэлгэр хэрэглэж байгааг хүлээн зөвшөөрсний илрэл юм” (Эрдэнэбат, 2015, хууд. 13).
Манлайлал гэж чухам юуг хэлэх, хэрхэн ойлгох тухайд эрдэмтэн судлаачдын дунд нэгдсэн байр суурь өнөөдрийг хүртэл төлөвшиж хараахан чадаагүй байгааг тэмдэглэх хэрэгтэй. Огайо Их Сургуулийн профессор Ральф Мельвин Стогдилл 1948-1970 оны хооронд манлайллын 163 судалгаа, 1904 оноос хойш 250 орчимтодорхойлолт хийгдсэн (Stogdill, Handbook of Leadership, 1974) гэсэн бол Өмнөд Калифорнийн Их Сургуулийн профессор Уоррэн Гамалиэл Бэннис 1985 онд 350 гаруй тодорхойлолт (Bennis, W., & Nanus, B., 1985, p. 17)байгааг судалгааны явцдаа тогтоожээ. Гэтэл Мэриланд Их Сургуулийн профессор Жамес МакГрегор Бернс 1978 онд манлайллын 130 орчим тодорхойлолт байна (Burns, 1978)гэж үзжээ. 1981 онд Бинхэмтон дахь Нью Йоркийн Хотын Их Сургуулийн профессор Бэрнард М. Бэсс манлайллын чиглэлээрхийгдсэн судалгаа нэгэнтээ гурван мянга хол давсныг онцолсон байна(Bass, 1981). 2003 оны байдлаар, манлайлал судлалаар 26000 өгүүлэл нийтлэгдсэн гэсэн тооцоо гарчээ(Bruce E. Winston & Kathleen Patterson, 2006, p. 6). Мөн 1985 оны нэгдүгээр сараас 2009 оны арванхоёрдугаар сар хүртэлх 25 жилийн хугацаанд Academy of Management Journal (Менежментийн Академийн сэтгүүл), Administrative Science Quarterly (Захиргааны Шинжлэх Ухаан улирал тутмын сэтгүүл), Journal of Applied Psychology (Хэрэглээний сэтгэл судлал сэтгүүл), Journal of Management (Менежментийн сэтгүүл), Journal of Organizational Behavior (Байгууллагын зан үйл сэтгүүл), Journal of Vocational Behavior (Ажил, мэргэжлийн үйл байдал сэтгүүл), The Leadership Quarterly (Манлайлал улирал тутмын сэтгүүл), Management Science (Менежментийн Шинжлэх Ухаан), Organizational Behavior and Human Decision Processes (Байгууллагын зан үйл, хүний нөөцийн шийдвэр гаргах үйл явц), Personnel Psychology (Ажилтны сэтгэл судлал), Strategic Management Journal (Стратеги менежмент сэтгүүл) зэрэг мэргэжлийн 11 сэтгүүлд 1161 эмпирик судалгаа хийгдсэн байна (Nathan J. Hiller, Lesliie A. DeChurch, Toshio Murase & Daniel Doty, 2011, pp. 1145, 1146). Эндээс үзэхэд, нэг талаас, манлайлал нь чандлан тогтоох боломжгүй нийгмийн нарийн, төвөгтэй үйл явц, нөгөө талаас, асар хурдацтай хөгжиж буй мэдлэгийн төрөл болох нь илэрхий байна.
Одоо бүгдээрээ манлайлал гэж чухам юу болохыг тодорхойлох оролдлого хийцгээе. Манлайлал бол юуны түрүүнд, нийгмийн нөлөөллийн үйл явц юм. Үүнтэй холбоотойгоор, судлаач М. Чемерс манлайллыг “нийтлэг зорилгод хүрэхийн тулд бусдаас дэмжлэг, туслалцаа эрэлхийлэх нийгмийн нөлөөллийн үйл явц(Chemers, 1997)гэж тодорхойлжээ. Илүү ойлгомжтой болгох үүднээс зарим нэг судлаачийн байр суурийг хамтатгал байдлаар авч үзье.
 “Манлайлал бол бусдад нөлөөлөл үзүүлэх замаар байгууллагын өмнөө тавьсан зорилгод хүрэх үйл явц мөн” Ж. Тэрри
 “Манлайлал гэдэг нь харилцан нөлөөлөх замаар тодорхой орчинд байгууллагын зорилгыг хэрэгжүүлэхийн тулд бий болсон хүмүүсийн хоорондын харилцаа мөн” Робэрт Таннэнбаум, Ирвинг Вешлер, Фрэд Массарик
Айдас, хүчирхийллийг урьтал болголгүйгээр бусдын үйл байдалд нөлөөлөх үйл явц нь манлайлал юм” Жеймс Бьюкенин
Нэг юм уу, хэд хэдэн хүний хэрэгжүүлэх эрх мэдлийн нийлбэр цогцыг манлайлал гэнэ” Ж. Блондел
Манлайлал бол тодорхой нэг хүн юм уу, байр суурь огтоос биш юм. Харин нийтлэг зорилгод хүрэх үүднээс итгэлцэл, хариуцлага, амлалт, сэтгэл хөдлөл зэрэгт тулгуурлан үүсэх хүмүүсийн хоорондын харилцаа болно” Жоан Киулла
Эдгээр үзэл бодолд үндэслэн бид манлайллыг тогтсон нэг зорилго, зорилтод хүрэхийн тулд бусдад нөлөөлж, бусдын итгэл найдвар, дэмжлэг туслалцаан дээр тулгуурлан хэрэгжих хүмүүс хоорондын харилцаа мөн гэж тодорхойлж болох байна. Дараагийн удаад, бид бүхэн манлайллын онол, үзэл баримтлалуудын талаар хөндөх болно.

ЭХ СУРВАЛЖИЙН ЖАГСААЛТ

Д. Н. Ушакова (ред.). (2000). Толковый словарь русского языка. В 4т. Москва: Изд-во Астрель.
Bass, B. M. (1981). Stogdill's Handbook of Leadership. (2 nd ed.), New York: Free Press.
Bennis, W., & Nanus, B. (1985). Leaders: The strategies for taking charge. New York: Harper & Row, Publishers.
Bowden, A. O. (1926). A Study of the Personality of Student Leaders in the United States. Journal of Abnormal and Social Psychology, 21.
Bruce E. Winston & Kathleen Patterson. (2006). An Integrative Definition of Leadership. International Journal of Leadership Studies, Vol. 1, Iss. 2.
Burns, J. M. (1978). Leadership. New York: Harper & Row.
Carlyle, T. (1841). Heroes, Hero-worship, the Heroic in history. Boston: Adams.
Chemers, M. (1997). An Integrative theory of leadership. New York: Lawrence Erlbaum Associates, Publishers.
Nathan J. Hiller, Lesliie A. DeChurch, Toshio Murase & Daniel Doty. (2011). Searching of Outcomes of Leadership; A 25-Year Review. Journal of Management, Vol. 37, No. 4, July.
Robert J. House & Ram N. Aditya. (1997). The Social Scientific Study of Leadership; Quo Yadis? Journal of Management, Vol. 23, No. 3.
S. C. Kohs & K. W. Irle. (1920). Prophesying army promotion. Journal of Applied Psychology, 4.
Stogdill, R. M. (1974). Handbook of Leadership. New York: The Free Press.
Terman, L. M. (1904). A Preliminary Study in the Psychology and Pedagogs of Leadership. Journal of Genetic Psychology, 11.
Аллаярова, Ж. С. (2010). Концептуализация природы лидерства как феномена. Известия Томского политехнического универститета, Т. 316, № 6.
Б. Баярсайхан (Эрх. гаргасан). (2011). Монгол хэлний тайлбар толь. Ред. А. Янжиндолгор, Улаанбаатар : Монсудар Хэвлэлийн Газар.
Блондель, Ж. (1992). Политическое лидерство: Путь к всеобъемлющему анализу. Перев. с англ. Г. М. Квашнин, Москва : Российская Академия Управления.
Дамдинсүрэн, Л. (2007). Удирдлагын арга барилыг төгөлдөржүүлэх зарим асуудал. Удирдахуйн Ухааны докторын зэрэг горилсон бүтээл, Улаанбаатар: Удирдлагын Академи.
Монгол Улсын Их Сургууль . (2009). Улс төрийн шинжлэх ухаан. Ред. Ё. Довчин, Улаанбаатар: ЭКИМТО ХХК.
Монгол Улсын Их Сургууль. (2001). Улс төрийн шинжлэх ухаан. Ерөнхий ред. Ц. Ганболд, Улаанбаатар: "ЭКИМТО" Хэвлэх Үйлдвэр.
Монгол Улсын Их Сургууль. (2012). Улс төрийн шинжлэх ухаан. Нэмж засварласан гурав дахь хэвлэл, Ред. Ё. Довчин, Улаанбаатар: ЭКИМТО ХХК.
Өлзийбаяр, В. (2009). Төрийн албаны манлайллын өөрчлөлт . Улаанбаатар.
Өлзийбаяр, В. (2010). Төрийн захиргааны удирдах ажилтны манлайллын өөрчлөлт, Удирдахуйн ухааны докторын зэрэг горилсон бүтээл. Улаанбаатар: Удирдлагын Академи.
Пүрэвдорж, Л. (2005). Улс төрийн хошуучлал. Улаанбаатар: МУИС-ийн Хэвлэх Үйлдвэр.
Селезнева, Е. В. (2014). Лидерство: Учебник для бакалавров. Москва : Изд-во "Юрайт".
Ц. Самбаллхүндэв, Д. Байгал. (2009). Төрийн албаны шинэтгэл ба манлайлал. Шинэ толь сэтгүүл, № 66.
Цэвэл, Я. (1966). Монгол хэлний товч тайлбар толь. БНМАУ-ын Шинжлэх Ухааны Академи, Хэл, Зохиолын Хүрээлэн, Ред. Х. Лувсанбалдан, Улаанбаатар: Улсын Хэвлэлийн Хэрэг Эрхлэх Хороо.
Эрдэнэбат, П. (2015). Монгол улсын прокурорын байгууллагын удирдах албан тушаалтны манлайллын хэв маяг, чадварт хийсэн шинжилгээ. Удирдахуйн ухааны докторын зэрэг горилсон бүтээл, Улаанбаатар: Удирдлагын Академи.



БИЧВЭРИЙГ БЭЛТГЭСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

Monday, May 16, 2016

ПАДУА ГАЗРЫН МАРСИЛИЙН УЛС ТӨРИЙН СУРГААЛ


Падуа газрын Марсилий (1275-1343 он) “Ертөнцийг авран хамгаалагч” бүтээлдээ улс орны хүн ардын ядуурал, гуйланч байдлын жинхэнэ буруутан нь Ромын хутагт тэргүүлсэн католиг сүм хийд мөн гэж үзжээ. Сүм хийд зөвхөн хүмүүсийн оюун санааны амьдралд нөлөөлөх учиртай. Үүний зэрэгцээ, төрөөс эрх, үүргийн хувьд салангид байхын сац иргэний засаглалд захирагдах ёстой. Хүмүүсийн харилцааны урт удаанхугацааны хөгжлийн явцад тэдний улс төрийн бүл болох төр бий болжээ. Анхандаа нийтийн эрх ашгийг чухалчлах үүднээс гэр бүлүүд нэгдэж овгийг, овгууд нэгдэж аймгийг бий болгосон. Эцсийн дүнд, ард иргэдийнхээ эесгэлэн хэлцэл дээр суурилж, нийтийн сайн сайхны төлөө ажиллах төр үүсчээ.
Төрийн талаарх Марсилий авгайн үзэл санаа эртний Герегийн сэтгэгч Аристотелийн сургаалын хүчтэй нөлөөн дор бий болсон. Тиймдээ ч “хүн бол нийгмийн амьтан мөн” гэсэн Аристотелийн санаа “Ертөнцийг авран хамгаалагч” бүтээлд гүн тусгалаа олжээ.
Эрх мэдлийн цорын ганц эх сурвалж нь ард түмэн бөгөөд түүнээс иргэний болон сүм хийдийн эрх мэдэл салбарлан хөгжижээ. Цорын ганц хууль тогтоогч, засаглалыг хэрэгжүүлэгч нь ард түмэн болно. Гэхдээ Марсилий ард түмэн гэдэгт улс орны нийт хүн амыг бүхэлд нь хамруулж ойлгосонгүй. Нийт хүн амын ердөө шалгарсан, шилэгдмэл хэсэг нь ард түмэн болно. Нийгмийн гишүүдийг дээд, доод гэсэн хоёр хэсэгт ангилсан. Түүний үзснээр, доод хэсэг нь зөвхөн өөрийн эрх ашгаа чухалчилдаг бол дээд хэсэг нь нийтийн эрх ашгийн төлөө ажилладаг.
Төрийн эрх мэдэл нийгэмд хууль тогтоомжоор дамжин хэрэгжих учиртай. Харин хууль тогтоомж нь гавьяа шагнал, ял шийтгэл дээр тулгуурлан хэрэгжих дүрэм журмын нийлбэр цогц юм. Ташрамд өгүүлэхэд, төрийн хууль тогтоомж энэ насанд хамаарах бөгөөд хойд насны нүгэл, буяныг дэнслэх нь бурхны цаазаар шийдвэрлэгддэг зүйл болно. Төрийн хууль тогтоомж гаргах эрх гагцхүү ард түмний мэдэлд байна.
Марсилий хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг хатуу зааглах хэрэгтэй гэж үзсэн. Хууль тогтоох эрх мэдэл гүйцэтгэх эрх мэдлээ удирдан зохион байгуулах, хянах ёстой. Харин хууль тогтоогч нь ард түмний хүсэл сонирхлыг хэрэгжүүлнэ.
Марсилийн бүтээлд тусгагдсан өөр нэг шинэлэг санаа нь эзэн хаанаас эхлэн төрийн бүхий л албан тушаалтныг угсаа залгамжлуулах бус, ард түмэн сонгодог байхад оршино гэж үзсэн явдал юм. Эндээс түүний төрийн засаглалын талаарх үндсэн санаа гарч байна. Хамгийн сайн төрийн засаглал бол ард түмнээс сонгогдсон оюунлаг эзний засаг юм. Өөрөөр хэлбэл, тэрээр католиг сүм хийдийн эрх мэдлийг иргэний засаглалд захируулах, иргэний засаглалаа ард түмэн сонгодог байх, эрх мэдлийг хортойгоор ашиглахаас сэргийлж хууль тогтоох, гүйцэтгэх гэсэн харилцан нэг нэгнээ хянах хэсгүүдэд хуваах тухайн цаг үедээ “дэшилтэт” гэж нэрлэж болохоор сургаалыг хөгжүүлсэн байна.

Орчуулгын эх сурвалж: “История политических и правовых учений”, Под ред: В. С. Нерсесянца, Москва: Юридическая литературы, 1983. стр. 105-106.

БИЧВЭРИЙГ УТГАЧИЛСАН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

ЗАХИРГАА БА УЛС ТӨРИЙН ХАРИЛЦАА: ҮЗЭЛ САНААНЫ ТОЙМ

  Нэг. Удиртгал Төрийн захиргааны мэдлэг одоогоос 2500 орчим жилийн өмнө Энэтхэг, Хятад, Грек-Ром дахь философи сэтгэлгээний хүрээнд анхла...