Wednesday, April 22, 2015

ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ҮНДСЭН ЗАРЧМУУД



(1979 оны тавдугаар сарын 9 ний өдрийн Европын Холбооны Улсуудын Парламентийн 31дэх удаагийнээлжит чуулганы  690-р тогтоолоор батласан Цагдаагийн Тунхаглалын хэсгээс...,)
А. Цагдаагийн албан хаагчийн ёс зүй


1. Цагдаагийн албан хаагч нь иргэдийн эрхийг хүндэтгэх, хүчирхийлэл, адал балмад үйл тэргүүтэн хөнөөл учруулах үйлдлээс олон нийтийг хамгаалах зэрэг хуулиар заасан үүргийг хэрэгжүүлэх ёстой.  Энэ зүйл цагдаагийн албан хаагчийн эрхтэй нэгэн адил холбогдоно. Аливаа ардчилсан нийгмийн үндэс нь хуулийн засаглал юм. Цагдаагийн албан хаагчийн зорилго, үндсэн үүрэг нь хуулийг дээдлэх, чандлан сахиулах явдал болно.
2. Цагдаагийн албан хаагч бүр өөрийн үүргийг нэр төртэй, чин шударгаар, элдэв ялгаварлалгүй, эрхэмлэн хэрэгжүүлэх үүрэгтэй. Ялангуяа элдэв төрлийн авлигаас ангид байж эвлэрэшгүйгээр тэмцэх үүрэгтэй.
3. Нөхцөл байдлыг тооцож үзэхгүйгээр нийтээр нь шийтгэх, тамлан зовоох зэрэг хүнлэг бус, гутаан доромжилсон шинжтэй үйлдэл хийхийг хатуу хориглоно. Цагдаагийн албан хаагч бүр дээрх шинжийг агуулсан аливаа захирамж, тушаалыг биелүүлэхгүй байх үүрэгтэй.
4. Цагдаагийн албан хаагч даргын өгсөн тушаал зааврыг нэр төртэйгээр биелүүлэх үүрэгтэй ч хэрэв уг шийдвэр хууль зөрчсөн шинжтэй бол даган биелүүлэх ёсгүй.Энэ зүйл цагдаагийн бүх албан хаагчдад нэгэн адил хамаарна. Цагдаагийн байгууллага нь шатлан захирах хатуу сахилга бат дээр тулгуурлахын зэрэгцээ даргын өгсөн заавар тушаал гарсан даруйдаа хэрэгжиж байдаг онцлогтой. Хууль ёсыг чандлан сахих, хамгаалахад чиглэсэн аливаа заавар тушаалыг нэн даруй гүйцэтгэвэл зохино. Гэвч хууль зөрчсөн аливаа шийдвэрийг цагдаагийн ажилтан хэрэгжүүлэх ёсгүй. 


5. Цагдаагийн албан хаагч бүр хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, ийм үйлдлээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Хэрэв хууль зөрчсөн үйлдэл улс нийгэмд онц их хэмжээний хөнөөл учруулахаар бол цагдаагийн албан хаагч өөрт хуулиар олгогдсон бүхий л боломжоо ашиглан нэн даруй таслан зогсоох үүрэгтэй.
7. Хууль зөрчсөн заавар, тушаалыг хэрэгжүүлээгүй цагдаагийн албан хаагчид сахилгын шийтгэл оноох юм уу шүүхэд өгөхийг хориглоно. Хууль бус тушаалыг хэрэгжүүлээгүй цагдаагийн албан хаагчийг хийсэн үйлдлийнх нь төлөө шийтгэж үл болно. Энэхүү заалт нь дээд газрын тушаал шийдвэрийг түргэн шуурхай хэрэгжүүлэх зарчимтай үл зөрчилдөхийн зэрэгцээ аливаа тушаал шийдвэр хууль эрх зүй дээр үндэслэгдэх учиртайг илэрхийлнэ.
8. Цагдаагийн албан хаагч гэмт буруутай нь тогтоогдоогүй хүнийг саатуулах, дайчлан баривчлах, сэжиглэх, биед нь халдах үйлдэл огтоос хийж болохгүй бөгөөд ажил мэргэжилдээ шашин шүтлэг, улс төрийн үзэл бодлын үүднээс ялгаварлан хандахыг хориглоно.
9. Цагдаагийн албан хаагч бүр өөрийн үйлдсэн хууль ёсны болон хууль бус бүхий л үйл ажиллагаандаа биечлэн хариуцлага хүлээнэ.
10. Цагдаагийн албан хаагчид хамааралтай үйл ажиллагааны дүрэм журам тодорхой байх ёстой. Цагдаагийн албан хаагчийн үйлдэхүй болон эс үйлдэхүй эцсийн эцэст цагдаагийн байгууллагын удирдах ажилтнаас шууд хамаардаг. Тиймээс дээрх дүрэм журамд энэ тухай тодорохой зааж өгсөн байх ёстой.
11. Хууль тогтоомжид цагдаагийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнд үүсч болох аливаа хохирлын эсрэг хууль, эрх зүйн хамгаалалтын тогтолцоог суулгаж болно.
12. Цагдаагийн албан хаагч өөрийн ажил үүргийг хэрэгжүүлэх явцдаа хууль тогтоомжоор заасан зорилгоо ямагт ёсчлон биелүүлэх ба хууль тогтоомжийн хүрээнээс гадуур үйл ажиллагаа явуулж үл болно.
13. Цагдаагийн албан хаагч бүр тодорхой нөхцөлд зэвсэг хэрэглэж болох зааврыг хатуу чанд мөрдөж ажиллана.
14. Эмнэлэгийн тусламж, үйлчилгээ шаардлагатай этгээдийг дайчлан баривчлах тохиолдолд цагдаагийн албан хаагч эмнэлэгийн ажилтныг татан оролцуулах замаар шаардлагатай тусламж үйлчилгээг хүргэх ба уг этгээдийн амь нас, эрүүл мэндийг батлан сахина. Дайчлан баривчлах ажиллагаа эмнэлэгийн хяналт дор явагдаж байгаа нөхцөлд холбогдох эмч, ажилтны заавар зөвлөгөөг цагдаагийн ажилтан даган биелүүлэх үүрэгтэй.
15. Хэрэв хууль дүрэмд өөрөөр заагаагүй бол цагдаагийн албан хаагч ажил үүрэгтэй хамаарах материалын нууц байдлыг чандлан сахих үүрэгтэй.
16. Энэхүү тунхаглалд тусгасан шаардлагын хэрэгжүүлж буй цагдаагийн албан хаагч бүр үйлчилгээ үзүүлж буй олон нийтийн зүгээс эд материалын болон ёс суртахууны бодот дэмжлэг хүлээх бүрэн эрхтэй.
Цагдаа, олон нийтийн хооронд нөхөрсөг харилцаа тогтох нь туйлын чухал юм. Хэрэв нийгмийн зүгээс эд материалын болон ёс суртахууны дэмжлэг хангалттай төвшинд хүлээж эс чадваас цагдаагийн албан хаагч өөрт оногдсон ажил үүргээ иргэдийн хүсэл сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлж чадахгүй нь ойлгомжтой. Харамсалтай нь, НҮБ-ын гишүүн ихэнх улс орны хувьд цагдаа, олон нийтийн харилцаа улам бүр муудсаар байна. Энэ тунхаглал гарснаар нөхцөл байдал сайжирна гэж найдаж байна. 

ЭХ СУРВАЛЖ: Декларация о полиции \\ Сборник документов Совета Европы в область защиты прав человека и борьбы с преступностьюМ.: “Спарк”, 1998 г. стр. 131-134.

ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ Нямаагийн ОТГОНБАЯР 

МЭРГЭН САНАА АСААХ ХЭН БОЛОВЧ МӨХӨС ХҮНД ДАРААХ ЦАХИМ ХАЯГААР САНАЛ, ШҮҮМЖ ӨГВӨӨС ХҮҮШИЙН ГАЗАР ҮҮЛЭН ЧӨЛӨӨНИЙ НАР ҮЗЭХ МЭТ, УСГҮЙ ГАЗАР ХУР БОРОО ХАЙРЛАХ МЭТ СЭТГЭЛИЙН УГААС ЦЭНГЭН БАЯСАХ АЖААМ: nyamaew@gmail.com, goodnyamaev@gmail.com, otgonbayarnyamaa@rocketmail.com
OTGONBAYAR Nyamaa is a doctoral student (PhD) in Public Management at the School of Management at the National Academy of Governance & Management and regular lecturer ofPolitical Studies and Mongolian History at the Institute Preschool Education of the Mongolian State University of Education. He has an undergraduate degree in political studies from the National University of Mongolia (2003) and received a master’s degree in democracy and democratization from the National University of Mongolia (2005). He is the author or co-author of more than 20 articles and books. He taught at the University of Ulaanbaatar, Public Complex School HUMUUN and higher institute HANGAI. His general research interest is factor analysis administrative reform in developing countries.

ХАГАРХАЙ ЦОНХНЫ ОНОЛ (BROKEN WINDOWS THEORY)





1980-иад оны Нью-Йорк хот эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн диваажин байжээ. Өдөр бүр 1500 гаруй хүнд гэмт хэрэг үйлдэгддэг. Дунджаар нэг өдөрт 6-7 хүн алуулах нь ердийн үзэгдэл байв. Шөнө гудамжаар явах туйлын осолтой, өдөр метрогоор үйлчлүүлэхэд бүр ч хэцүү тийм л газар болжээ. Дээрэмчид, хулгайчид, зандалчид газар сайгүй үүрлэсэн аймшгийн хот байлаа. Хаа сайгүй эвгүй үнэр ханхалж, байшингийн хана, дээврээр дүүрэн бохир заваан үг сараачсан байна. Цагдаа нарын хувьд Нью-Йорк хот там байлаа.
Хот байгуулагдснаасаа хойш эрүүгийннөхцөл байдалингэтлээ хүндэрч байсангүй ээ.
Гэтэл 1990-иэд оны эхээр санаанд оромгүй өөрчлөлтүүд бий болж эхлэв. Хүнд гэмт хэргийн гаралтын тоо хагас хувиар буурч, хүний амь эрсдэх байдал 2\3 багасав. 90-иэд оны эцэс гэхэд метрод үйлдэгдэх гэмт хэргийн тоо 75%-иар буурчээ.
Ямар шалтгааны улмаас гэмт хэрэг ингэтлээ буурав аа? Үүнд юу нөлөөлсөн бэ?
Нийгмийн энэ үзэгдлийг «Хагархай цонхны онол»-оор тайлбарладаг. 

1982 оны гуравдугаар сард Америкийн алдарт социологич Жамэс Күинн Вильсон (James Q. Wilson, 1931-2012), Жорж Кэллинг (George L. Kelling) нар «The Atlantic Monthly» сэтгүүлд «Broken Windows: The Police and neighborhood safety» (Хагархай цонх: Цагдаагийн байгууллага ба улс орны аюулгүй байдал)(The Atlantic Monthly; March 1982; Volume 249, No. 3; pages 29-38.) нэртэй өгүүлэл нийтлүүлсэн байх бөгөөд чухам энэхүү бүтээлдээ хагархай цонхны онолыг анх удаа олон нийтэд таниулсан үзэл санааг тусгажээ.
Санаандгүй тохиолдлоор олон нийтийн эзэмшил газарт нэг байшингийн цонх хагарчээ. Эзэн тодорхойгүй учир хэн ч хариуцлага хүлээхгүй. Хэн ч дахин шиллэхгүй. Хэсэг хугацааны дараа хоёр дах, гурав дах байшингийн цонх хагарч болно. Эзэн тодорхойгүй учир мөн л хэн хариуцахгүй бас шиллэхгүй. Хотын нэг гудамжид хэд хэдэн байшингийн цонх дараалан хагарчээ. Ганц байшингийн цонх хагарахад хэний ч толгойд ямар ч бодол төрөхгүй. Харин хэд хэдэн байшингийн цонх хагарсан тохиолдолд хүмүүсийн уураг тархинд энэ газар хуулийн хэрэгжилт сул юм байна, үүнийг нь ашиглан гэм хэрэг үйлдэх, хүсэл сонирхлоо хангах сэдэл бий болдог. Ингэснээр гэмт хэргийн гаралт өсч хүн болгон гэмт хэрэгтэн болох орчин нөхцөл бүрддэг байна.
Үүнээс хэрхэн гарч болох вэ?
Аливаа гэмт хэргийг үйлдэгдсэн байдал, нийгэм, олон нийтэд учруулсан хохирлоор хэмжих нь утгагүй тэнэглэл болно. Учир нь гэмт хэрэг бол их ч байсан, бага ч байсан хууль зөрчсөн, олон нийтийн эсрэг чиглэсэн гэмт үйлдэл л байдаг. Тиймээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд их, бага ялгалгүй хатуу чанга ял зэм оноож байх учиртай. Нөгөөтэйгүүр нийгмийн дотоодод сахилга батыг чангатгах хэрэгтэй. Хүмүүсийн тархинд гэмт хэргийн буруу сэдэл төрүүлэх нийгмийн үзэгдлүүдтэй, тэр дундаа граффиттай хатуу аргаар тэмцэх ёстой. Бас олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ард олныг самуун, гэмт үйлд уриалан дуудсан өнгө аястай нэвтрүүлэг, кино цацахыг хоригло. Өөрөөр хэлбэл нийгмийг бүхэлд нь хянах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүргийг цагдаа, цагдаагийн байгууллагад бүрэн шилжүүлэх,  ингэснээр нийгэмд амгалан, аюулгүй байдал бий болно гэсэн санааг Ж. Вильсон, Ж. Кэллинг нар дэвшүүлжээ. Гэхдээ цагдаа, цагдаагийн байгууллагад нийгмийг бүхэлд нь хянах үүрэг шилжүүлэх үйл явцыг тэд informal social controls–ийн хүрээнд ойлгож байсан юм. Олон нийтийн албан бус хяналт гэдэг нь нэг хүний үйлдлийг нөгөө хүн, нэг гэр бүлийн харилцааг бусад гэр бүлүүд хянаж байх, шаардлага гарсан үед цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах үйл ажиллагааны хэлбэрийг хэлдэг. Өнөөдрийг хүртэл олон нийтийн албан бус хяналтын тогтолцоо АНУ тэргүүтэй Өрнөдийн орнуудад үр дүнтэй хэрэгжиж байна.
Хагархай цонхны онолыг нийгмийн амьдралд нэвтрүүлэх, хэвшүүлж мөрдүүлэх оролдлогын явцад Уильям Браттон (William J. Bratton) «тэг тэвчээрийн онол» (zero tolerance theory)-ыг бий болгосон байна.
Канадын социологич М. Гладуэлл хагархай цонхны онолыг дурдаад гэмт хэрэгтэн бий болоход зөвхөн удамшил, муу хүмүүжил төдийгүй бас орчин нөлөөлж болдог юм байна гэсэн дүгнэлт хийжээ.
2007-2008 оны хооронд Гронинхэйн Их Сургууль (University of Groningen)-ийн профессор Кэйс Кэйзэр тэргүүтэй Нидерландийн социологичид хагархай цонхны онолын үзэл санааг нийгмийн орчинд туршилтаар нотолсон байна. Эмх замбараагүй үйлдэл бүхэн нийгмийн эсрэг шинж чанартай зан төлөв (antisocial behavior)-ийг олон нийтийн дунд үүсгэж байдаг гэсэн санааг эдгээр эрдэмтэд гаргажээ.
Нью-Йорк хотын удирдлагууд үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж үзээд хагархай цонхны онолын жүнхэн үзэл санааг нийгмийн практикт нэвтрүүлэх арга замыг санаачилсан байдаг. Энэ аргыг үр дүнтэй хэрэгжүүлэх үүднээс хагархай цонхны онолыг түүчээлэн хөгжүүлэгч Жорж Кэллингийг Нью-Йорк хотын Зам Харилцааны Удирдах Газрын зөвлөхийн албанд томилжээ.
Ханан дээр элдэв зураг сараачих үзэгдэл (graffiti)-тэйшийдэмгий тэмцэл өрнүүлж, 1984-1990 онуудад хотын газар доорх хонгилийн хана, дээврийг бүрэн цэвэрлэсэн байна. Энэ үеийн цагдаагийн газрын дарга Дэвид Ганн (David L. Gunn) «Ханан дээр элдэв зүйл сараачих явдал (граффит) бол тогтолцооны сүйрлийн бэлгэ тэмдэг мөн. Аливаа байгууллагыг шинэчлэхийн урьд хамгийн түрүүнд граффиттай дайн зарлах хэрэгтэй. Хэрэв энэ тулаанд ялагдал хүлээвэл ямар ч сайхан шинэчлэлийн тухай яриад хэрэггүй» гэж бичиж байлаа. 

Ж. Кэллинг Нью-Йорк хотоос гадна Бостон, Лос-Анжелес хотуудын цагдаагийн байгууллагад зөвлөгөө өгөх болжээ.
1990 онд мөнөөхөн Уильям Браттоныг Нью-Йорк хотын Зам Харилцааны Удирдах Газрын даргаар томилсон байна. Ингэснээр хагархай цонхны онолын үзэл санааг хэрэгжүүлэх шинэ дараагийн үе шат эхэлжээ. 1993 онд Бүгд Найрамдах Намын Руди Жулиани (Rudy Giuliani)Браттоныг Цагдаагийн Газрын комиссараар томилж хагархай цонхны үзэл баримтлал дээр тулгуурлан Нью-Йорк хотын цагдаагийн байгууллагыг бүхэлд нь шинэчилсэн байна. Метроны тасалбарын үнэ төлөхөөс зайлсхийх (subway fare evasion), бүх нийтээрээ архинд донтох (public drinking), гудамж, талбайд бие засах (public urination), соёлын үнэт өвийг санаатайгаар хорлон сүйтгэх (cultural vandals), дурын өөрөө явагч тэргийг зогсоож мөнгө нэхэх (squeegee men)зэрэг нийгмийн гаж үзэгдлүүдийн эсрэг хатуу чанга хуулиудыг батлаж мөрдүүлсэн байдаг. Шинэчлэлийн явцад Нью-Йорк хотын цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хяналтын «зогсоо, асуу, шалга»(stop, question, and frisk) гэсэн зарчим бий болсон байна. Үр дүнд нь 2001 онд хийсэн Ж. Кэллинг, Уильям Соус (George Kelling and William Sous) нарын судалгаагаар Нью-Йорк хотын цагдаагийн байгууллагын шинэчлэл бүрэн үр дүнгээ өгч ирэх арван жилд гэмт хэргийн гаралт өнөөгийн төвшингөөсөө улам бүр буух магадлалтай байгаа нь тогтоогджээ.
Хагархай цонхны үзэл баримтлал дээр суурилсан Нью-Йорк хотын цагдаагийн байгууллагын шинэчлэл бүрэн үр дүнгээ өгч өнөөдөр энэ хот дэлхийн хамгийн аюул багатай газрын нэгд тооцогдох болжээ.
Нью-Йорк хотоос гадна АНУ болон Өрнөд Европын олон хотуудад тэрчлэн Мексик, Канад зэрэг орнуудад хагархай цонхны онол цагдаа, олон нийтийн харилцаанд амжилттай хэрэгжсээр байна.
Хагархай цонхны онолыг судлаачдын зүгээс цагдаагийн байгууллага олон нийтэд хүч түрсэн байдлаар хандах буруу хандлагын үүсгэдэг хэмээн шүүмжилдэг. Цагдаагийн байгууллага ёс зүйн хувьд ямар нэгэн хариуцлага хүлээх ёсгүй гэж үздэгээрээ хагархай цонхны онол нь «айдас» үзэл баримтлал (the concept of fear)-ын нэгэн хэсэг хэмээн тооцогддог. Ёс зүйтэй байна уу, үгүй юу гэдэг нь цагдаагийн байгууллагын ажлын бүтээмжийг харуулах үзүүлэлт биш бөгөөд үйлдэгдсэн гэмт хэрэгүүдтэй их, багыг ялгалгүй хатуу, чанга аргаар тэмцэхэд асуудлын мөн чанар оршино гэсэн санааг хагархай цонхны онолчид хөгжүүлдэг. 

Энэ үзэл баримтлал нийгмийн практикт үр дүнгээ өгч эхлэхийн хэрээр Европын орнуудын их, дээд сургуулиудад хагархай цонхны онолыг эрчимтэйгээр судлах болсон байна. Үүгээр ч үл барам төрийн захиргааны байгууллагуудын удирдлагын хүрээнд энэ онол дээр суурилсан шинэчлэлийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй гэх үзэл санааны дэг сургууль (постмодернист чиглэл) төрийн захиргаа, удирдлагын ухаанд бий болжээ. Харамсалтай нь, манай орны хувьд энэ онол, үзэл баримтлалыг шинжлэх ухааны төвшинд судлах нь бүү хэл хүмүүн танин мэдэхүйн төвшин (Танин мэдэхүйн доод төвшинг Удирдлагын Академийн гэрган Ш. Түдэв авгайн зөвлөмжийн дагуу хүмүүн танин мэдэхүй хэмээн монголчлов, орчуулагчийн тайлал)-д ч нэг мөрчилж чадаагүй байна.
Өчүүхэн гол, горхиуд урсан нийлсээр үлэмж их далай, тэнгисийг цогцлоох нигуур буй. Мөхөс бичгийн хүн ёсыг додомдож, бичвэрийг цэглэв.
ЭХ СУРВАЛЖ: BROKEN WINDOWS THEORY \\ WWW.EN.WIKIPEDIA.ORG\WIKI\BROKEN_WINDOWS_THEORY
ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ Нямаагийн ОТГОНБАЯР

МЭРГЭН САНАА АСААХ ХЭН БОЛОВЧ МӨХӨС ХҮНД ДАРААХ ЦАХИМ ХАЯГААР САНАЛ, ШҮҮМЖ ӨГВӨӨС ХҮҮШИЙН ГАЗАР ҮҮЛЭН ЧӨЛӨӨНИЙ НАР ҮЗЭХ МЭТ, УСГҮЙ ГАЗАР ХУР БОРОО ХАЙРЛАХ МЭТ СЭТГЭЛИЙН УГААС ЦЭНГЭН БАЯСАХ АЖААМ: nyamaew@gmail.com, goodnyamaev@gmail.com, otgonbayarnyamaa@rocketmail.com
OTGONBAYAR Nyamaa is a doctoral student (PhD) in Public Management at the School of Management at the National Academy of Governance & Management and regular lecturer ofPolitical Studies and Mongolian History at the Institute Preschool Education of the Mongolian State University of Education. He has an undergraduate degree in political studies from the National University of Mongolia (2003) and received a master’s degree in democracy and democratization from the National University of Mongolia (2005). He is the author or co-author of more than 20 articles and books. He taught at the University of Ulaanbaatar, Public Complex School HUMUUN and higher institute HANGAI. His general research interest is factor analysis administrative reform in developing countries.

Saturday, April 11, 2015

ЦАГДАА, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ

Улс орны дотоодод нийгмийн дэг журмыг хангах, сахиулах, хүний эрх, эрх чөлөөг хүч хэрэглэх замаар баталгаажуулахад чиглэсэн цэргийн шинж чанартай бүлэглэлийгцагдаа, цагдаагийн байгууллага гэнэ. Өөрөөр хэлбэл улс орныг гадаад аюул, заналхийллээс хамгаалдаг хүч нь цэрэг арми бол дотоодын аюул, самуунаас сэргийлэх үүргийг мөнөөхөн цагдаа өөртөө хүлээдэг. Цагдаа, цагдаагийн байгууллага нь эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлаас урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг хангах, гэм буруутай нь тогтоогдсон этгээдийг дайчлан баривчлах тэргүүтэн олон үйл ажиллагааг эрхлэн явуулдаг.
Цагдаа, цагдаагийн байгууллага нь эрүүгийн, улс төрийн буюу нууц, нийгмийн хэв журмыг хангах, зам тээврийн, эдийн засгийн, байгаль орчныгэх мэт олон төрөлд хуваагддаг. Ямар зорилго тэргүүлэх чиглэлд багтаж байна гэдгээс хамааран цагдаа, цагдаагийн байгууллагын шинэ төрлүүд бий болох эсвэл татан буугдаж байдаг. Энэ үйл явцыг тасралтгүй үргэлжлэх шинж чанартай үзэгдэл хэмээн ойлгож болох юм.
Дэлхийн олон оронд тусгай төрлийн цагдаа ажилладаг. Тухайлбал Францын жандармэри нь зэвсэгт хүчний цагдаа, хуучин ЗХУ-ын КБГ-ийн завсрын шинжийг агуулсан цагдаагийн байгууллага болно. Мөн Итали улсад карабинэр, санхүүгийн тусгай гварди (татварын тусгай цагдаа) байх жишээтэй.
Цагдаа, цагдаагийн байгууллагыг янз бүрийн шалгуураар ангилан авч үздэг. Шинжлэх ухааны бүтээлүүдэд цагдаа, цагдаагийн байгууллагыг дараах байдлаар ангилсан байдаг. Үүнд:
·         Удирдлагын цагдаа: Зам тээвэр, гудамжны хөдөлгөөн, хотын эрүүл ахуйн байдалд хяналт тавьж ажиллах чиг үүрэгтэй:
·         Аюулгүй байдлын цагдаа: Гудамжны жагсаал цуглаан, хурал, хэв журмын байдалд ажиглалт хийх чиг үүрэгтэй:
·         Эрүүгийн цагдаа: Эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн чиг үүрэгтэй. Үүнээс гадна хэрэв улс оронд тусгай албад байхгүй бол сэжигтнийг хамгаалах, дайчлан баривчлах, мөрдөн мөшгөх арга хэмжээ авах эрхтэй. Эрүүгийн цагдаа анхан шатны мөрдлөгө явуулдаг. Үйл ажиллагаагаа нөхцөл байдлаас хамааран ил болон далд хэлбэрээр явуулж болдог. Прокурор, шүүхийн байгуулллагуудтай нягт хамтын ажиллагаатай байдгаараа онцлогтой.
·         Засаг, захиргааны цагдаа: Цагдаагийн байгууллагын ажлын уялдаа холбоог зохицуулах кабинетийн чиг үүрэгтэй. Улс орны хэмжээнд бий болсон гэмт хэргийн гаралт, илрүүлэлт, үр дүнд дүн шинжилгээ хийх замаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгдсэн төлөвлөгөө зохиож боловсруулах, захиргаа, удирдлагын баримт бичиг боловсруулах, бэлтгэх үүргийг давхар хариуцдаг. Энэ төрлийн цагдаагийн байгууллагыг зарим тохиолдолд урьдчилан сэргийлэх цагдаа гэж нэрлэдэг.
·         Улс төрийн буюу нууц цагдаа: Улс орныхоо нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлын тухай мэдээлэл цуглуулах, олж авсан мэдээлэлдээ дүн шинжилгээ хийх чиг үүрэгтэй. Мөн тодорхой төрийн өндөр албан тушаалд өрсөлдөж буй бүх нэр дэвшигчдийн тухай баримт, нотолгоотой мэдээлэл цуглуулах, тэдгээрт хяналт тавих чиг үүрэгтэй.
·         Зэвсэгт хүчний цагдаа: Зарим нэг улс оронд зэвсэгт хүчний цагдаа нь  жандармэри, карабинэр гэх мэт тусгай нэршлүүдтэй байх тохиолдол байна. Армийн зохион байгуулалтаар эмхлэгдэж шаардлагатай үед бэлтгэл нөөц болдог. Ихэвчлэн хуарангийн сахилга батыг гол болгодог. Удирдах албан тушаалуудад цэргийн мэргэжлийн хүмүүс томилогддог. Олон нийтийг хамарсан бослого, самуун, хурал цуглаан зэрэг нийтийг эмх замбараагүй байдалд уриалсан үйл ажиллагаануудыг таслан зогсоох чиг үүрэгтэй. Удирдлагын хувьд дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнд харьяалагддаг.
Улс орон бүрийн цагдаа, цагдаагийн байгууллага өөр өөрийн гэсэн онцлогуудтай. Тухайлбал АНУ-д холбооны улсын хэмжээний, муж улсын хэмжээний, орон нутгийн хэмжээнийгэсэн гурван шатлалт цагдаагийн тогтолцоо байдаг. Холбооны улсын цагдаагийн байгууллага нь Холбооны Мөрдөх Товчоо (ХМТ) юм. ХМТ нь холбооны улсын хэмжээнд хууль зөрчсөн эрүүгийн хэргүүдийг мөрдөн мөшгөх зорилготой байгууллага болно.
ХМТ-г бий болгох анхны санааг АНУ-ын Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны сайд асан Чарльз Бонапарт 1907 онд гаргажээ. Гэвч Конгресс ийм байгууллага байгуулахаас эрс татгалзаж саналыг буцаасан түүхтэй. 1908 оны зургаадугаар сарын 26 нд гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд ХМТ гэж нэрлэгдсэн тусгай албыг байгуулжээ. Харамсалтай нь, удаан хугацааны туршид ХМТ төдийлөн ач холбогдолтой үйл ажиллагаа явуулахгүй байсаар ирсэн байна. 1935 оны долдугаар сарын 1 нд ХМТ-ны даргаар Эдгар Хувэрийг томилсон Конгрессийн шийдвэр гарснаар уг байгууллага жинхэнэ утгаараа ажиллаж эхэлсэн гэж үздэг. ХМТ нь маш хатуу зохион байгуулалт бүхий удирдлагын босоо тогтолцоотой байгууллага юм. ХМТ-ны төв аппарат мөрдөх, эрүүгийн мөрдөн байцаах, судалгааны, эрэн сурвалжлах, иргэний эрхийн, засаг захиргааны, сургалтын, оператив ажиллагааны гэх мэт маш олон албадтай. Муж улс, томоохон хотуудад өөрийн гэсэн салбаруудтай (Тэдгээрийн тоог 58 гэж үздэг). Нийт улс орны хэмжээнд 1200 орчим төлөөлөгчийн газартай. 20 мянга орчим ажилтантай. Дэлхийн олон орны нийслэлд, тэр дундаа Москвад байнгын төлөөлөгчийн газартай. ХМТ-ны талаар маш олон таагүй зүйл бичигддэг нь АНУ-ын бүх улс төрчдийн талаарх мэдээлэл байна хэмээн мэдэгдэж байсан түүний дарга асан Эдгар Хувэртэй шууд холбоотой. Сүүлийн жилүүдэд ХМТ-ны тухай олон нийтийн ойлголт, төсөөлөл өөрчлөгдөх болсон.
ХМТ өөр төрлийн байгууллагын чиг үүрэгт хамаарахаас бусад холбооны улсын хэмжээнд хууль тогтоомж зөрчсөн бүх төрлийн хэргүүдийг мөрдөн байцаах эрхтэй. Америкийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор ХМТ нийтдээ 170 орчим төрлийн гэмт хэргийг мөрдөн байцаах эрхтэй ажээ. Үүн дотроос заншлаач(Тагнуул хэмээх үг, орчуулагчийн тайлал), урвагч, ганнибалистууд (Хүний маханд дурлагчид, орчуулагчийн тайлал) тэрчлэн улс оронд онц их хэмжээний хохирол учруулсан банк тонох, луйврын болон сонгуулийн эрх зөрчсөн хэргүүдийг мөрдөн мөшгөх давуу эрхтэй.
ХМТ-ноос гадна цагдан сэргийлэх чиг үүргийгХолбооны Улсын Цагаачлалын Албахариуцан ажилладаг. Энэ байгууллагын гол зорилго нь АНУ-ын харьяат олгох, эс олгох асуудлаар эцсийн шийдвэр гаргахад оршино. Цагдаагийн хэд хэдэн байгууллага АНУ-ын Сангийн Яаманд харьяалалтай байдаг. Эдгээр албадууд нь АНУ-ын санхүүгийн тогтолцоонд шууд болон шууд бус хэлбэрээр аюул учруулахуйц мөнгө угаах болон бусад төрлийн гэм хэргүүдийг мөрдөн мөшгөдөг. Үүнээс гадна Сангийн Яам нь Гаалын Товчоонд захирагдах гаалын цагдаатай. Гаалийн журам зөрчсөн үйлдлийг мөрдөхөд цагдаагийн энэ төрлийн албаны чиг үүрэг оршино. Гаалийн цагдаагийн албад гаалийн бүх тойргуудад байдаг (АНУ-ын нутаг дэвсгэр гаалийн 51 тойрогт хуваагддаг).
Цагдаа, цагдаагийн байгууллагын үүргийг хэрэгжүүлэх өөр нэг газар нь АНУ-ын Сангийн Яамны харьяа Эргийн Хамгаалалтын Албаюм. Далайн эргийн боомтуудад байрлах хөлөг онгоцууд, тэдгээрийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар ажиглалт хийх, хяналт тогтоох, мөрдөх байцаах чиг үүрэг бүхий байгууллага болно.
Дээрхээс гадна Хар Тамхитай Тэмцэх Хэлтэсгэж байх бөгөөд нэгдсэн улсын нутаг дэвсгэрт хууль тогтоомж зөрчин хар тамхи тээвэрлэсэн, нэвтрүүлсэн, дамжин өнгөрүүлэхийг оролдсон гэмт хэргийн шинж бүхий үйлдлийг мөрдөн байцаах үүрэгтэй алба болно.
Энэ мэтчлэн АНУ-д ХМТ-ноос гадна цагдаагийн байгууллагын үүргийг хэрэгжүүлдэг олон төрлийн байгууллагууд байна. АНУ-ын цагдаагийн албаны тогтолцоо нь удирдлагын хувьд нарийн зохион байгуулагдсан, хоорондын уялдаа холбоо сайн байдгаараа онцлогтой. Гэхдээ нөгөө талаас зарим тохиолдолд цагдаагийн байгууллагуудын хооронд чиг үүргийн маргаан үүсэх явдал байдаг.
АНУ-д муж улсын хэмжээний цагдаагийн албад өнгөрсөн зууны эхээр байгуулагдсан ч дэлхийн нэгдүгээр дайны дараачаас жинхэнэ утгаараа бүрэлдэн тогтсон түүхтэй. Ялангуяа хуурай хууль батлагдаж, цуцлагдаж асан цаг үед цагдаагийн албадын үйл ажиллагаа нэлээд төгөлдөрших хандлагатай болсон байна. Муж улсын хэмжээнд цагдаагийн бүтэц бий болгох үндсэн шалтгаан нь улсын хэмжээний гэмт хэрэгтэй тэмцэхэд дан ганц холбооны улсын цагдаагийн албад хүчин үл хүрэлцэх явдал байсантай холбоотой.
Ихэнх муж улсад цагдаагийн албад нь муж улсын төвшинд хууль зөрчсөн гэмт хэргийн чанартай үйлдлийг мөрдөн байцаахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг. Зарим нэг муж улсад зөвхөн авто замын осол, байгаль орчны хорио цээр зөрчсөнтэй холбоотой хэргийг цагдаагийн албад ацаглах явдал байна. Муж улсын цагдаа нь орон нутгийн хууль тогтоомжийг зөрчсний төлөө захиргааны шийтгэл, торгууль болон бусад төрлийн шийтгэлийн аргыг авч хэрэгжүүлдэг. Бүх муж улсад цагдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, түүгээр зорчигч өөрөө явагч тээврийн хэрэгслүүдийн техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тогтоох үүрэг хүлээдэг.
Муж улсын цагдаа, цагдаагийн байгууллага нь удирдлагын хувьд муж улсын прокуророор толгойлуулсан цагдаагийн аппаратын дотор багтдаг. Энэхүү цагдаагийн аппаратыг хууль зүйн хэлтэс (Хойд Каролина, Калифорни муж улс), нийгмийн аюулгүй байдлын хэлтэс (Иллинойс муж улс), нийгмийн аюулгүй байдал, эрхийн хэлтэс (Нью Жэрси муж улс) гэх мэт олон янзаар нэрлэж заншсан. Өөрөөр хэлбэл муж улс бүр өөр өөрөөр нэрлэдэг гэсэн үг юм. Үйл ажиллагааны хүрээнд ч өөр өөр байдал илэрдэг. Тухайлбал Жоржиа муж улсын цагдаагийн байгууллагыг цагдаагийн газрын дарга бус, харин муж улсын амбан захирагч, прокурор гэх мэт албан тушаалтнуудаас бүрдэх олон нийтийн аюулгүй байдлын хороо удирддаг. Гэхдээ бүх тохиолдолд зохион байгуулалтын бүтцэд цагдаагийн газрын дарга гэсэн албан тушаал байдаг. Цагдаагийн газрын даргыг дарга, комиссар гэх мэтчлэн янз бүрээр нэрлэх бөгөөд муж улсын амбан захирагч шууд томилдог.
Муж улсын цагдаагийн албад нь зохион байгуулалтын бүтцээрээ хоорондоо ялгаатай. Ихэвчлэн эрүүгийн мөрдөн байцаах хороо, эрэн сурвалжлах товчоо, дэг журмын хэлтэс, зам харилцааны тасгаас бүрдэнэ. Зарим муж улсад замын цагдаагийн бие даасан бүтэц байдаг. Тэдгээрийг High-way patrolбуюу хай-вэй патролгэж нэрлэдэг.
Олон муж улсад мөрдөн байцаах тусгай алба нь санхүүгийн, эрүүл мэндийн, хууль зүйн гэх мэт хэлтэстэй байна. Гэмт хэргийн шинж чанараас хамаараад муж улсуудын цагдаагийн байгууллагын чиг үүргийг гүйцэтгэх эрх мэдлийн өөр байгууллагууд орлон хэрэгжүүлэх тохиолдол байдаг.
АНУ-ын цагдаагийн албаны хамгийн доод нэгж нь орон нутгийн цагдаагийн байгууллага юм. Хотын болон хөдөөгийн цагдаагийн алба гэсэн хоёр төрөлтэй. АНУ-ын цагдаагийн нийтбие бүрэлдэхүүний 70 орчим хувийг хамардаг. Хэрэв түшиглэдэг албадыг нь нэмчихвэл нийт бие бүрэлдэхүүний 90 орчим хувийг өөртөө багтаадаг. Америкийн томоохон хотуудад гэмт хэргийн гаралт өндөр байдгийг тооцож үзвэл энэ нь тийм ч гайхмаар тоо биш юм.
Хотын цагдаагийн албаны үйл ажиллагааны үндсэн төрөл нь замын аюулгүй байдалд хяналт тогтоох, мөрдөн байцаалт явуулах явдал болно. Орон нутгийн цагдаагийн алба нь орон нутгийн шинж чанартай бүхий л үйл ажиллагааг эрхлэн явуулна. Орон нутгийн цагдааг шэриф толгойлно. Хотын цагдаагийн албадыг бодвол хүн хүчний хувьд цөөн байдаг. Шэриф нь өөрийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах, гэм буруутай этгээдийг дайчлан баривчлах буюу саатуулах бүрэн эрхтэй. Мөн орон нутагт түр саатуулах газар буюу шоронтой байж болох бөгөөд зарим тохиолдолд татвар хураах, хяналт тавих, шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулна. Томоохон орон нутгуудад шэриф туслахтай байж болдог. Шэрифийн албан тушаалыг 2-4 жилийн хугацаагаар сонгодог сонгуульт албан тушаал болно. Хэт олон хүн амтай, газар нутаг томтой орон нутгуудад шэриф өөртөө туслах бие даасан бүтэцтэй байхыг зөвшөөрдөг. Шэриф хэмээх үг нь Английн колонийн засаг захиргааны үед дэлгэрсэн хэллэг юм.
Сүүлийн жилүүдэд хувийн мөрдөх албадын үйл ажиллагаа эрчимжих хандлагатай байгааг тэмдэглэх хэрэгтэй. Хэдийгээр иргэдийн оролцоотойгоор бий болдог ч энэ албыг цагдаа, цагдаагийн байгууллагын тоонд оруулж үзэхэд учир дутагдалтай.
Их Британи буюу Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад цагдаагийн алба харьцангуй саяхан бий болжээ. 1829 онд Лондон хотын цагдаагийн алба үүсч нийслэл хотын цагдаагийн албаны тухай тусгай хууль батлагдан гарчээ. Чухам энэ үеэс Англи улсад цагдаагийн алба бий болсон гэж үздэг. Удалгүй бусад хотууд болон хөдөөд (1856 он) цагдаагийн албад үүссэн байна.
Өнөөдөр тус улсын цагдаагийн албадыг олон нийтийн болон тусгай гэсэн хоёр зүйлд хуваан авч үздэг байна. Олон нийтийн цагдаад нийслэлийн, хотын, хөдөөгийн цагдаагийн албадыг оруулдаг.
Харин тусгай цагдаагийн байгууллагад атомын энергийн газрын цагдаа, батлан хамгаалах яамны цагдаа гэх мэт яам, зэвсэгт хүчний эд материал, зам тээвэр, иргэний нисэх болон тусгай обьектуудад хяналт тогтоож хамгаалах үүрэгтэй цагдаагийн бие бүрэлдэхүүнийг хамруулан ойлгодог. Цагдаагийн байгууллагын эдгээр төрлүүд нь ихэвчлэн төрийн захиргааны төв байгууллагуудад харьяалагддаг.
Английн цагдаагийн албадаас хамгийн алдартай нь Скотланд-Ярд (Шотланд ордон хэмээх үг, орчуулагчийн тайлал)юм. 19-р зууны эхээр цагдаагийн байгууллага байрлаж асан анхны байрыг ингэж нэрлэх бөгөөд чухамэндээс уг нэршил үүсчээ.
Скотланд-Ярд нь удирдлагын хувьд Хууль Зүй, Дотоод Хэргийн Яаманд харьяалагдах бөгөөд мөнхүү яамны сайдаас уг байгууллагын удирдлагыг томилдог. Скотланд-Ярдыг таван туслах бүхий комиссар тэргүүлдэг.
Бүтцийн хувьд засаг захиргааны, гудамжны хөдөлгөөний, зам тээврийн, эрүүгийн мөрдөн байцаах, эрүүл мэндийн, шинжлэх ухаан, судалгааны гэсэн зургаан хэлтэстэй. Гол хэлтэс болох эрүүгийн мөрдөн байцаах хэлтэс нь 1840 онд байгуулагдсан. Энэ байгууллагыг туслах комиссар тэргүүлдэг.
Дэлхийн улс орнуудад цагдаа, цагдаагийн байгууллага бүтэц, зохион байгуулалтын хувьд янз бүр байна. Гэхдээ улс орнуудын цагдаагийн байгууллагыг дараах гурван хүрээнд авч үздэг. Үүнд:
Төвлөрсөн удирдлагатай цагдаагийн байгууллага:
Төвлөрсөн бус удирдлагатай цагдаагийн байгууллага:
Холимог хэв шинжийн удирдлагатай цагдаагийн байгууллага гэсэн гурван төрөлд хуваан авч үздэг.
МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖ: МИХАЙЛ ФИЛИППОВИЧ ЧУДАКОВ(2001). Конституционное право зарубежных стран, Учебник, М. Инфра-М, С. 483-492.
ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ Нямаагийн ОТГОНБАЯР 

МЭРГЭН САНАА АСААХ ХЭН БОЛОВЧ МӨХӨС ХҮНД ДАРААХ ЦАХИМ ХАЯГААР САНАЛ, ШҮҮМЖ ӨГВӨӨС ХҮҮШИЙН ГАЗАР ҮҮЛЭН ЧӨЛӨӨНИЙ НАР ҮЗЭХ МЭТ, УСГҮЙ ГАЗАР ХУР БОРОО ХАЙРЛАХ МЭТ СЭТГЭЛИЙН УГААС ЦЭНГЭН БАЯСАХ АЖААМ: nyamaew@gmail.com, goodnyamaev@gmail.com, otgonbayarnyamaa@rocketmail.com
OTGONBAYAR Nyamaais a doctoral student (Ph.D) in Public Administration and Management at the School of Management at the National Academy of Governance & Management and regular lecturer of Political Science and Mongolian History at the Institute Preschool Education of the Mongolian State University of Education. He has an undergraduate degree in political science from the National University of Mongolia (2003) and received a master’s degree from the National University of Mongolia in democracy and democratization (2005). He is the author or co-author of more than 20 articles and books. He taught at the University of Ulaanbaatar, higher institute HANGAI and Public Complex School HUMUUN. His general research interest is factor analysis administrative reforms indeveloping countries.

ЗАХИРГАА БА УЛС ТӨРИЙН ХАРИЛЦАА: ҮЗЭЛ САНААНЫ ТОЙМ

  Нэг. Удиртгал Төрийн захиргааны мэдлэг одоогоос 2500 орчим жилийн өмнө Энэтхэг, Хятад, Грек-Ром дахь философи сэтгэлгээний хүрээнд анхла...